Америкийн шуудан хаагдахад тулаад байна

Америкийн шуудангийн алдагдал тасралтгүй өссөөр 9.2 тэрбум долларт хүрэв. Алдагдлаа зогсоохын тулд шуудангийн салбаруудаа орон даяар хааж эхэллээ. Шуудан бүхэлдээ төлбөрийн чадваргүй болоход тулаад байгаа ба ирэх зун гэхэд бүрмөсөн хаагдаж магадгүй гэж Америкийн шуудангийн Хэвлэлийн төлөөлөгч Дэйв Партенхаймер ABCNews.com-д ярилцлага өгөхдөө хэлэв.

Ирэх зуныг хүртэл хугацаанд бид тэсч чадна гэж үзэж байна, харин дараа нь бэрх сонголтууд хийх хэрэгтэй болно. Тийм учраас энэ хямралыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай гэж тэр хэлэв.

Америкийн шуудан тэтгэвэрт гарах хүмүүсийнхээ эрүүл мэндийн тэтгэмжийг санхүүжүүлэх зорилгоор 5.5 тэрбум доллар зээлсэн бөгөөд ирэх жилд 560,000 ажилтандаа төлөх мөнгөгүй болж болзошгүй байна. Партенхаймерийн хэлснээр санхүүгийн жилийн төгсгөл 9 сарын 30 гэхэд тус байгууллага 15 тэрбум долларын зээлжих хязгаартаа хүрсэн байх гэнэ.

Тэрээр хэлэхдээ “ийм учраас бид 5.5 тэрбум долларыг төлж чадахгүй. Илүү бизнес шиг үйл ажиллагаа явуулахын тулд Конгрессоор арга хэмжээ авахуулах шаардлагатай. Ийм учраас мөнгө зардал хэмнэх бусад боломж, саналуудыг бид эрж хайж байна гэв.

Шуудангийн асуудлыг ирэх долоо хоногийн мягмар гаригт Сенатын Дотоодын аюулгүй байдал, засгийн газрын хэргийн хороогоор хэлэлцэх юм байна.

Нью-Йорк Таймс сонинд мэдээлснээр Америкийн шуудан орлогоо нэмэгдүүлэхийн тулд хэд хэдэн арга хэмжээ авахаар судалж байна. Ийм арга хэмжээнд дарс, шар айраг хүргэх эрх авах, шуудангийн машин, шуудангийн салбаруудад худалдаа, бизнесийн сурталчилгаа байрлуулах, гараар түгээх үйлчилгээг илүү болгох зэргийг оруулжээ.

Шуудангийнхны эрүүл мэнд хамгааллын ба тэтгэврийн системийг өөрчлөн байгуулах, холбооны засгийн газраас хамааралгүй болгохыг Конгрессоос хүсч байгаа аж. Үүнээс гадна, 5 өдрийн хүргэлтэд шилжихийг хүсч байгаа бөгөөд эдгээр өөрчлөлтийг Конгрессийн зөвшөөрөлгүй хийж болохгүй юм байна.

Ийм өөрчлөлт хийснээр 3.1 млрд доллар хэмнэх гэнэ.

Шуудан бас өртөг зардлаа хассаар байна. Сүүлийн 4 жилийн хугацаанд зардлаа 12 млрд гаруй доллараар бууруулсан ба мэргэжлийн ажиллах хүчнээ 110,000-аар хорогдуулжээ.

Хаахаар төлөвлөж байгаа шуудангийн салбаруудын жагсаалтыг энд дарж харж болно. Та муж улсаа сонгож, шуудангийн салбараа шалгаж болно.

Калифорни мужаас нэр дэвшсэн Бүгд найрамдах намын төлөөлөгч Даррел Исса Конгрессоос Америкийн шууданг санхүүгийн хувьд тогтвортой болтол хяналтандаа авах үүрэгтэй тусгай хороо томилон тохоох хуулийн төсөл санаачилжээ.

Иссагийн төсөлд Америкийн шууданд 10 тэрбум долларын нэмэлт зээл олгохыг Сангийн яаманд зөвшөөрөх тухай заалт байгааг шуудан өөрөө зөвшөөрөхгүй байгаа юм байна. Учир нь нэмэлт өртэй болохыг хүсэхгүй гэжээ.

Цахим шуудан, электрон төлбөрийн систем нэмэгдсэний улмаас “эмгэн хумсны шуудан”-гийн ажил (Snail mail) олон жилийн турш буурсаар байжээ. Шуудан нөхцөл байдалдаа зохицож чадаагүй, уламжлалт тоосго, шаврын загвартайгаа (brick and mortar model) зууралдсаар ирсэн байна.

Америкийн шуудангийн 2010 оны 3 дугаар сарын илтгэлд дурдсанаар цахим шуудан, сурталчилгааны зардлын шилжилт, эдийн засгийн уналтын улмаас шуудангийн хэмжээ 2006-аас 2009 оны хооронд 17 хувиар буурчээ. Энэ нь орлогыг 16 тэрбум доллараар хорогдуулсан байна. Мөн энэ илтгэлд ирэх 10 жилд нэгдүгээр зэрэглэлийн шуудангийн хэмжээ 37 хувиар хорогдоно гэсэн тооцоог гаргасан байна.

Зөвхөн 2010 онд шуудан 8.5 тэрбум доллар буюу хамгийн их алдагдалд оржээ.

Делавэр муж улсаас нэр дэвшсэн Ардчилсан намын төлөөлөгч Сенатор Тон Карпер хуулийн төсөл санаачилсан ба өөртөө үйлчлэх киоск, автомат худалдагч машин, интернэт ажиллуулах, шуудан түгээх маршрутын дагуу ажилтнууд буюу гэрээлэгчдийг ажиллуулах, шуудангийн гэрээт нэгжүүд ажиллуулах зэргээр жижиглэн худалдааны хувилбаруудыг нэвтрүүлж, өргөтгөх төлөвлөгөө боловсруулахыг Америкийн шууданд уриалсан байна.

New-Edge Translation Services компанид орчуулав, 2010.09.17.

Англи, Монгол, Франц, Орос хэлээр баталгаат орчуулгын үйлчилгээг албан ёсоор үзүүлж, бүх төрлийн бичгийг хямд үнээр орчуулж байна. Манай орчуулга шүүх, цагдаагийн газар, цагаачлалын албанд  хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны.
Rosslyn  Arlington, VA. 202-375-1226; 703-782-6817.

http://www.newedgetranslation.com/


URL:

Сэтгэгдэл бичих