Ц. Шинэбаяр: Элсээгүй МАН-аас хөөсөнд гайхаж байна
МАН-ын Хяналтын хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярыг МАН-аас хасах болсныг тус намаас мэдэгдсэн. Харин намаас хасагдсан гэх Ц.Шинэбаяр гишүүн энэ талаар юу гэх бол. Түүнтэй холбогдоход тэрээр Дорнод аймаг руу сонгогчидтойгоо уулзахаар замд гараад явж байна гэлээ. УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяраас дараахь тодруулгыг өгөв.
-Саяхан МАН-ын хяналтын хороо хуралдаж “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа МАН-ын гишүүн биш гэж өөрөө мэдэгдэж байсан Ц.Шинэбаярыг намаас хассанд тооцлоо” гэсэн шийдвэр гаргасан. Та энэ тухай дуулсан уу?
-Би энэ шийдвэрийг дуулсан. Гэхдээ нэг зүйлийг ойлгохгүй байгаа юм. Би элсээгүй МАН-аасаа яагаад хөөгдсөн юм бол гэдэг нь их сонин байна. Би МАН-д элсээгүй шүү дээ. Намд элсэхийн тулд үзэл баримтлал, дүрмийг нь зөвшөөрөх ёстой. Би үүнийг нь зөвшөөрөөгүй, тэгээд ч МАН-д элсээгүй.
-МАХН их хурлаараа нэрээ өөрчилснөөр гишүүдээ МАН руу автоматаар шилжсэн гэж үзсэн юм биш үү?
-Юу гэж тэгж шилжихэв. Үзэл баримтлал, дүрмийг нь зөвшөөрсөн тохиолдолд намд элсэнэ гээд өөрсдөө баталсан шүү дээ. Би үзэл баримтлал дүрмийг нь зөвшөөрөхгүй байгаагаа их хурал дээр ч илэрхийлсэн. Тэгэхэд элсээгүй намаас хасч болохгүй ш дээ.
-Та Дорнодод сонгогчидтойгоо уулзахаар явж байгаа юм байна. Намынхаа 26 дугаар их хурлаас хойш тойрогтоо очсон уу?
-Үгүй. Одоо л явж байна
-Таны гаргаж буй байр суурийг танай дорнодчууд хэр хүлээн авах бол?
-Би одоо уулзана даа. Гэхдээ утсаар олон хүмүүс намайг дэмжиж байгаагаа илэрхийлж ярьж байсан. Утсаар ярьж байсан хүмүүсээс эсэргүүцэж байсан хүн байгаагүй ээ.
Ч.БҮЖИН
URL: