Ноолуураас уурхайн дайтай ашиг олох боломжтой
Уул уурхайгаа ашиглахын сацуу ноолуурыг Монголын брэнд болгоё. Уурхайн баялаг хэзээ нэгэн цагт дуусна гэдийг хүн бүр мэднэ.
Харин Их Британийн “Даусон” компанийн шинжээчдийн тогтоосноор барууны ноолуурын хэрэгцээ өссөөр байгаа аж. Ханшийн хувьд тонн ноолуур барууны улсуудад 140-160 ам.доллартай байна. Энэ ханш 2008 онд 80-90 ам.долларт байсан юм. Хятадад одоо 68 ам.долларын ханштай байгаа.
Баруунд тонн ноолуурын ханшаар цамц худалдаалагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, эрэгтэй хүний ноолууран цамц 179 евро бол нарийн ширхэгтэй, тансаг зэрэглэлийнх нь Нью-Йоркийн дэлгүүрт 5000 ам.доллараар худалдаалагдаж байна. Бүр Англи, Италид ноолууран углааш, дотуур хувцас хийж байгаа аж.
Монгол Улс ноолуураар эцсийн бүтээгдэхүүн гаргадаг хэд хэдэн үйлдвэр барих хэрэгтэй гэдгийг “Даусон” компанийн шинжээч онцолжээ. Ингэхдээ Хятад руу гаргадаг ноолуурынхаа 80 орчим хувийг багасгах шаардлагатай аж.
Мөн Засгийн газар тодорхой төлөвлөгөө гаргаж малчдаас ноолуурыг Хятадын авч байгаа ханшаар худалдаж авах нь хамгийн зөв арга хэмээсэн байна.
Азербайжаны туршлагаас үзвэл тус улс 1996 онд ноолуураар эцсийн бүтээгдэхүүн гаргадаг гурван үйлдвэрийг ашиглалтад оруулжээ. Эдгээрийн нэг нь дунджаар 2.8 сая ам.доллараар байгуулагдсан аж.
Газар нутаг, ямаан сүргийнхээ тоогоор манай улс тэднийг хол хаяна. Тэгвэл ийм хэмжээний үйлдвэр байгуулахад Засгийн газар төсвөөс хөрөнгө гаргаж чадахгүй гэж үзвэл өөр хувилбар бий.
2.7 сая иргэндээ cap бүр 21 мянган төгрөг өгдөг буюу 56.7 тэрбум төгрөг олгодог. Өөрөөр хэлбэл, Монгол Улс 47 сая ам.долларыг иргэддээ зүгээр л өгдөг. Энэ мөнгөөр ноолуур боловсруулах 17 үйлдвэр байгуулах боломжтой гэдэг нь харагдаж байна.
Үйлдвэр байгуулахынхаа өмнө барууны стандартад нийцсэн шинжилгээний лабораторитой болох хэрэгтэй. Манайд АНУ-ын стандартад нийцсэн лаборатори байдаггүй. Хэрэв лабораторитой болчихвол барууныханд ноолууран цамцаа нүдээ аниад ч худалдчихна.
Жилд дунджаар 4000 тонн ноолуур бэлтгэдэг Монгол Улс дэлхийн ноолуурын гуравны нэгийг хангадаг. Гэвч эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийнхээ хэмжээгээр нэлээд хойгуур жагсдаг.
Сүүлийн үеийн статистик баримтаас үзвэл манай улс 13 орчим сая ямаатай. Гэтэл БНХАУ хоёр дахин цөөн ямаатай хэрнээ манайхаас хоёр дахин их ноолуур гаргаж авдаг аж. Тус улс ноолууран цамцныхаа 80 хувийг барууны улсууд, тэр дундаа АНУ-д экспортолдог.
Мэргэжилтнүүдийн онцолж байгаагаар АНУ-д ноолууран цамцны хэрэглээ өссөн. Ноолуур баячууд, дээд зиндааныхны хэрэглээ байсан цаг өнгөрчээ. Украины Ерөнхий сайд агсан Юлия Тимошенко улсынхаа ноолууран эдлэлийг сурталчлахын тулд ноолууран даашинз өмсдөг байсныг барууны шар хэвлэлүүд мэдээлж байсан.
Мөн загвар зохион бүтээгч Жоржио Армани ноолууран хувцасны цуглуулгаа танилцуулж байв. Барууны баячууд хайртай амьтаддаа ноолууран хувцас захиалан хийлгүүлж зэрэг зиндаагаа харуулдаг.
Монгол Улс дан ганц уул уурхайгаас ашиг олохгүй. Хэзээ нэгэн цагт баялаг дуусна. Энэ үед үйлдвэр байгуулъя гэж ярих гээгүй юм бол сая сая ямааныхаа ноолуураар яагаад цамц хийгээд худалдаж болохгүй гэж. Канад, Сибирь, будант альбион, Балтын тэнгисийн сэрүүн, чийглэг уур амьсгалтай улсад ноолууран цамц “од” болсоор байна.
Д.Түвшинтөр
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: