Ариун нандин хайрын билгэдэл Монгол Жульетта

11-10-10h_700x700

Тэнгэрлэг үнэнч хай­рын билгэ тэмдэг болон мөн­хөрсөн дурлалын түүх болох Уильям Шекспирийн “Ромео Жульетта” жүжгээр УДЭТ 85 дахь үзвэрийн жилийн нээлтээ энэ сарын 12-нд хийх гэж байна. УДЭТ-ын үүсэн байгуулагдсан энэ өдөр Эзэн Чингис хааны төрсөн өдөр тохиож буй. Монголын театрын тайзнаа гурав дахь удаагаа Төрийн соёрхолт найруулагч Н.Наран­баатарын цоо шинэ дэг тавилтаар амилах гэж буй энэхүү жүжгийн нээлт сонгодог урлагт шимтэгсэд төдийгүй эмгэнэлт хайрын түүхийг мэддэг хүн бүрийн сонирхлыг татаж, хүлээлт үүсгээд байна.

1966 онд анх Монголын театрын тайзнаа “Ромео Жульетта” жүжиг С.Гэндэн найруулагчийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрт тавигдаж, Ромеогийн дүрд жүжигчин У.Готов агсан, Жульеттагийн дүрд жүжигчин Б.Энхтуяа нар тоглож байсан юм. Харин 30 жилийн дараа 1996 онд найруулагч Ч.Найдандорж мөн Ч.Чимид гуайн орчуулгаар, яг зохиолын дагуу сонгодог хэлбэрээр нь тавьж гол дүрд жүжигчин О.Гэрэлсүх, Г.Алтанбагана, И.Одончимэг, Г.Урнаа нар тоглосон билээ. Харин энэ удаад Х.Мэргэн гуайн орчуулгаар тавьж буйгаас гадна Уильям Шекспирийн зохиолыг бага зэрэг “эвдэж”, зөвхөн агуу хайрын түүхийг бус өнөөгийн нийгмийн гажуудал, хүмүүсийн зан байдал, шунал хүсэл, үнэт зүйлийн хэмжүүрийг харуулахыг зорьсоноороо онцлог гэдгийг уран бүтээлчид хэлж байв.

УДЭТ босго өндөртэй том айл. Энд ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон жүжигчид ажилладаг. Тиймээс энэ жүжигт театрын залуу уран бүтээлчдийг бүгдийг нь оролцуулсан бөгөөд тэдэнд тавьж буй сорилт шалгалт, өөрсдийнхөө авьяас чадварыг харуулах боломж, хариуцлага гэдгийг Н.Наранбаатар найруулагч онцолж байв.  Жүжгийн нээлт 17.00 цагт УДЭТ-ын гадна талбайд эхэлж, “Миний хайрын андгай” уралдааны шилдэг таван хос хайраа илчилж, Монголын урчуудын эвлэлийн хороотой хамтран “Хайр дурлал” сэдэвт уран зураг, баримлын үзэсгэлэн гаргах юм байна. Мөн “Ромео Жульетта” жүжгийн дүрүүдийн зурагтай хос футболка, хос тэмдэглэлийн дэвтэр зэрэг бүтээгдэхүүн худалдана гэсэн. Ерөөсөө жүжиг гарах эдгээр өдрүүдэд үзэгчид хайраар амьсгалж, хайраар жигүүрлэх болно гэж жүжгийн багийнхан амласан.

Ингээд Монголын тайзнаа гурван удаа тавигдсан “Ромео Жульетта” жүжгийн ариун нандин хайрын билэгдэл Жульетта нарын сэтгэгдлийг хүргэе.   

11-10-5a1_700x700

Б.Энхтуяа: “РОМЕО ЖУЛЬЕТТА” ЖҮЖИГ БИДЭНД ИХ ЗҮЙЛ СУРГАСАН

-Хүүхэд залуучуудын театрын хамт олны маань анхны сонгодог жүжиг. Жульеттагийн дүрд 20 гаруйхан насандаа тоглоод сэтгэл маш өндөр байсан. “Ромео Жульетта” жүжиг маань бидэнд маш их чадвар хайрласан, их зүйл сургасан даа.

350 гаруй жилийн өмнөх үеийн хүмүүс ямар өнгө төрхтэй, маяг донжтой, алхаа гишгээтэй байсныг хүртэл гаргах гэж хичээж ажиллаж билээ.

Жүжигчдээс их хөдөлмөр шаардаж байсан. Манай жүжгийг үзэгчид маш сайхнаар хүлээн авч, сонин хэвлэлээр нэлээд бичигдсэн шүү. Баяр хүргэсэн захидал их ирдэг байлаа.

 11-10-5a2_700x700

Г.Урнаа: ЭНЭ ЖҮЖИГТ БИ ХОЁР УДАА ТОГЛОСОН

-Москвагийн Театр урлагийн дээд сургуульд сурч байхдаа Жагаа бид хоёр  дипломын ажлаа “Ромео Жульетта” жүжгээр хамгаалсан.

Төгсч ирээд 1986 онд энэ жүжгээ Драмын театрын тайзан дээр тоглож байсан. Тиймээс миний хувьд энэ жүжигт хоёр удаа тоглосон гэж боддог.

Эхний удаад орос найруулагчийн сонгодог хэлбэрээр тавьсан “Ромео Жульетта”-д тоглож байсан учраас Ч.Найдандорж найруулагчийн найруулсан жүжигт тоглоход хялбар байсан.

Жульетта бол зөвхөн хайр сэтгэл биш өөрт үнэнч сэтгэлийн төлөө тууштай тэмцэж чаддаг, хайр сэтгэлийнхээ төлөө үхэж ч чадах баатарлаг охины дүр.

Тиймээс бадрангуй, өөдрөг, үнэнч үзлийг үзэгчдэд төдийгүй тоглож байгаа бидэнд ч төрүүлж чаддаг байсан.

Хэдийгээр нас нь бага ч ном уншиж сэтгэхгүй нь хөгжсөн, юм үзэж нүд тайлсан чадалтай баатарлаг эмэгтэй гэдэг талаас нь би Жульеттаг гаргасан.

 11-10-5a3_700x700

И.Одончимэг: ЖУЛЬЕТТАГААС ЭМЭГТЭЙ ХҮНИЙ НАНДИН ЧАНАРУУДЫГ ОЛЖ ХАРААСАЙ

-1996 онд тавьсан жүжгийг сонгодог төрлөөс нь арай наашлуулсан байна гэж тухайн үед ахмад уран бүтээлчид хэлж байсан.

Магадгүй зарим текст, үзэгдэлээ тухайн үеийн залууст ойртуулж, энгийн амьдралд буулгаж ирсэн нь хүмүүсийн зүрх сэтгэлд хүрч, үзэгчидтэй соронзон холбоо үүсгэхэд чухал болсон байх. Мөн залуусын оюуны цангааг арилгасан, зүрх сэтгэлийн утсыг хөндөж чадсанаараа онцлог.

Билет нь эрэлт хэрэгцээтэй байж, жүжиг дуусахад үзэгчид 20-30 минут алга ташиж байсан. Би Жульеттагаас эмэгтэй хүний нандин чанаруудыг олж хараасай гэж бодож, хүсч тог­ло­сон. Хүмүүс захиа их бичдэг байлаа.

Олон залуус уулзаж сэтгэгдлээ илэрхийлж, ирээдүйн амьд­ралаа ярьж, бүсгүйчүүд хайр сэтгэлийн нууцаа хуваал­цаж байлаа.

Миний амьдралд эмэгтэй хүний хувьд, уран бүтээлч хүний хувьд маш их өөрчлөлт, гэгээн сайхан мэдрэмжийг авчирсан жүжиг дээ.

 11-10-5a4_700x700

О.Дөлгөөн: ТАНХИЛ ОХИНЫ ДҮРИЙГ ГАРГАХААР ХИЧЭЭЖ БАЙНА

-Эмэгтэй хүний гадаад, дотоод гоо сайхан хамгийн гоё шинжийг агуулсан дүр бол Жульетта юм. Тиймээс тэр ариун нандин, танхил охины дүрийг гаргахаар хичээн ажиллаж байна.

Одоогийн охид, бүсгүйчүүдийг ийм зан чанартай байгаасай гэж бодсон. Гэхдээ Жульетта 14-хөн настай. Мөн хор ууна гэдэг уриалан дуудах сайн зүйл биш.

Хамгийн гол нь эмэгтэй хүний үнэнч, нандин ариухан зан чанарыг л эрхэмлээсэй гэдгийг харуулахыг хүсч байна. Хүн өмссөн хувцсаа хиртвэл угаадаг шиг оюун санаагаа цэвэрлэх угаах ганц зүйл бол урлаг юм.

Тиймээс хүн бүр оюун ухаанд хөрөнгө оруулалт хийж бидний хөдөлмөрлөж бүтээсэн уран бүтээлийг үзээсэй гэж уриалах байна.

Х.Хатан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих