Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах эсэхийг ярихын өмнө Оюутолгойгоос юу хүртсэн, алдсанаа тооцож үзье

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах үндэслэл нь эдүгээ ямар ч шалтгаантай болж хувирсан эхлэл нь Оюутолгойн ордын талаар Дубайд байгуулсан гэрээтэй холбоотой. Гэвч улстөржилтийн дүнд Оюутолгойн ордын талаар эс ярьж, хэн Ч.Сайханбилэгийг огцруулахыг хүссэн, хүсээгүй талаарх талцал болж өрнөөд байгаа билээ. Иймд цаашдын өрнөлөөс өмнө эхлэлийг нь дахин сануулж, Оюутолгойн ордын гэрээнд “косметик засвар” хийж харийн нутагт “гар хүрсэн”, энэ нь улс орны нийтлэг эрх ашигт ямар хэмжээний сөрөг нөлөөтэй, яагаад Оюутолгойн гэрээ, Дубайн гэрээ болтлоо толгойноосоо эхлээд өөрчлөгдөөд байгаа тухай асуудлыг хөндөх нь зүйтэй болов уу. Эс тэгвээс Оюутолгой ордын тухай ярихаа больж зөвхөн Ч.Сайханбилэг гэдэг хувь хүний тухай, түүнд хэн сайн, эсвэл муу” байгаа талаар талцаж улс төрийн ашиг хонжоо, дараагийн Ерөнхий сайд хэн байх тулаан болон өрнөх гээд байгаа юм.

Эдүгээ Оюутолгойн гэрээ, энэ ордоос монголчууд үр ашгийг нь хүртэж сайхан амьдрах ёстой гэдгийг ганцхан С.Ганбаатар ярих цаг өнгөрсөн. Нийт ард түмэн үүнд бухимдаж байна. 2009 оны аравдугаар сарын 3-нд “Маргааш 10 мянган ажлын байр бий болгоно. Хүн бүрт 1.5 сая төгрөг өгнө гэсэн. Битгий гацаагаарай, Ганбаатар аа. Монголын ДНБ-ий гуравны нэгийг Оюу толгойгоос оруулж ирнэ” гэж, “Өдөр бүр алдаж байгаа нэг сая ам.долларын төлөө Ганбаатар мэтийн хүмүүсийг буудаач ээ” гэсэн зүйл ярьж хуурсаар байгаад гэрээ байгуулсан. Тухайн үед, 2009 онд бид өргүй ард түмэн байлаа. Өнөөдөр бид 27 тэрбум ам.долларын өрөнд орчихлоо. Бидэнд 1.2 сая хөдөлмөрийн насны хүн байна. 470 мянга нь гудамжинд ажилгүй явж байна. 140 гаруй мянган хүүхэд цэцэрлэггүй сугалаа сугалж байна.

Нэгэнтээ С.Ганбаатар гишүүн, С.Баярцогттой Оюутолгойн гэрээний талаар халз мэтгэлцэж билээ. Тэр үеэр С.Баярцогт сайдтан толгой эргэм олон модуль яриад зогсохгүй “Мэдээллийн зөрүүтэй болохоор мэтгэлцэхэд хэцүү байна” гээд эрхэм гишүүнийг “гудамжны” гээд цоллоод орхисон. Харин С.Ганбаатар гишүүнтэй ижил үзэл бодолтой мянга мянга гудамжны иргэд Оюутолгойн эзэд гэсэн мэхэнд нь орсны хувьд уг гэрээг байгуулсан хүмүүстэй хариуцлага тооцох ёстой гэдгээ улам ч ихээр ухамсарласан. Энэ мэтгэлцээн 2012 оны 11 дүгээр сарын 24-нд өрнөж, С.Баярцогтынхоор бол ард түмэн, сайд хоёрын Оюутолгойн гэрээний талаарх мэдлэгийн ялгааг харуулж, С.Ганбаатарынхаар бол “ашиггүй бөгөөд толгой эргүүлэх аргаар будилаантуулсан гэрээ гэдгийг харуулсан.

Үүний дараа Дубайн гэрээ буюу Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт болон санхүүжилтийн төлөвлөгөөг 2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр байгуулсан байдаг.

Гэрээний тухайд УИХ-ын гишүүн С.Ганбаатар дэлгэснээс өөрөөр олон нийтэд мэдээлэл алга. Түүний танилцуулсан “гэрээ”-г энд танилцуулъя.

2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн

4/4387 тоот албан бичгээр тус

төлөвлөгөөг ирүүлэхийг хүсч хүргүүлсэн ч

өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байна.

 Онцлох заалтуудыг орчуулав.

Албан бус орчуулга

ОЮУТОЛГОЙН ДАЛД УУРХАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ БОЛОН САНХҮҮЖИЛТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

Монгол улсын Засгийн газар

Эрдэнэс Оюутолгой ХХК

Туркойз Хилл Лимитед

THR Oyu Tolgoi Ltd

Oyu Tolgoi Netherlands BV

болон

Оюутолгой ХХК

нарын хооронд

2015 оны 5 дугаар сарын 18

ОЮУТОЛГОЙН ДАЛД УУРХАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ БОЛОН САНХҮҮЖИЛТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт болон санхүүгийн энэхүү төлөвлөгөөг 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр

Монгол улсын Засгийн газар;

Эрдэнэс Оюутолгой ХХК (“EOT”) (Монгол улсын Засгийн газрын хамт “Монголын тал” гэх)

Ба

Turquoise Hill Resources Limited, THR Oyu Tolgoi Ltd and Oyu Tolgoi Netherlands B.V.,  (хамтад нь “TRQ”гэх)

Rio Tinto International Holdings Limited (“Рио Тинто” гэх)

Ба

Оюутолгой ХХК (“OT ХХК” гэх)

нарын хооронд байгуулав. Бүгдийг нь хамтад нь “Талууд” гэнэ.

Харгалзан үзэх нь:

A. Талууд болон тэдгээрийн хамааралтай нэгжүүд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн Хөрөнгө Оруулалтын Гэрээ (“ХОГ” гэх) ба Оюутолгой ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хооронд 2011 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн Нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодогосон Хувь нийлүүлэгчдийн гэрээ (“НӨОДТХНГ”) (энэ нь 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулж, дахин тодотгосон) байгуулсан

Б. “ХОГ” болон “НӨОДТХНГ” гэрээний дагуу ОТ ХХК нь Монгол улсын өмнийн говийн бүс нутагт Оюутолгой төслийн бүтээн байгуулалт хийж, ажиллуулж байгаа

В. ЭОТ ХХК нь Монгол улсын Засгийн газрын 2011 оны 348 дугаар тогтоол болон Эрдэнэс МГЛ (одоогийн Эрдэнэс Монгол ХХК) ХХК-ийн ТУЗ-ийн 2011 оны 28 дугаар шийдвэрээр ОТ ХХК дахь Монгол улсын Засгийн газрын хувьцааг эзэмшиж, төлөөлж байгаа

(Онцлох зүйлүүдийг орчуулав)

2.1 Оюутолгой төслийн бүрэн бүтээн байгуулалтыг түргэн үргэлжлүүлэхийн тулд талуудын хооронд үүссэн асуудлуудыг ойлголцож, шинээр шийдвэрлэх (МАШ ИХ ЯАРСАН УЧИР НЬ 4.3, 4.4, 4.5-г хурдан хийх, Эдгээрийг тогтож харна уу!!!)

2.2 Талууд нь

(а) ХОГ болон НӨОДТХНГ-ий нөхцөлүүдийг биелүүлж байгааг бататгаж байна (Үнэн хэрэгтээ РИО-гийн тал биелүүлээгүй маш олон заалт бий, Ингэснээр мөн л 4.3, 4.4, 4.5-г хурдан хийх нөхцөл бүрдүүлэх)

4. Далд уурхайн бүтэн байгуулалт

4.1 ХОГ-ний 9.6 заалт ёсоор Оюутолгой төслийн бүтээн байгуулалт нь үе шаттайгаар явагдаж болох юм.(Энд өөрсдийн зорилгод нийцүүлэхээр зориуд мушгин тайлбарлаж байна. Нэг л ТЭЗҮ-гээр явагдахыг зааснаас өөр заалт байхгүй. Өмнө гарсан зардлын хэтрэлтийг хууль ёсных болгох зорилготой байна. Ил, далд уурхай гэдэг бол зохиомол нэр томьёо, зардлын хэтрэлтээс бултах арга байж)

(а) Ил уурхайн үе шат гэж Оюутолгойн ил уурхайг бүтээн байгуулах, ажиллагаанд бэлтгэх, баяжуулах үйлдвэр, түүний дэд бүтэц, хоолойн ажлууд, далд уурхайн урдчилсан бүтээн байгуулалтын ажлууд

(б) Далд уурхайн үе шат гэж Hugo North Lift 1-ийг барьж байгуулах ба далд уурхайн хүдрийг боловсруулах зорилгоор баяжуулах үйлдвэрт өөрчлөлт хийхийг хэлнэ. Эргэлзээ төрүүлэхгүйн тулд Hugo North Lift 1-ээс бусад далд уурхайтай холбогдсон ямар ч ажил энд хамрагдахгүйг дурдах нь зүйтэй.(Далд уурхайн ихэнх хэсгийг нэгэнт барьсан нь тодорхой байна. Далд уурхайн бүтээн байгуулалт гэдэг бол монголчуудыг будилуулахын тулд гаргасан нэр томьёо болох нь харагдаж байна)

4.2 ТЭЗҮ гэдэг бол аливаа ашигт малтмалын ордын геологи-инженерийн шийдлүүд, хууль, үйл ажиллагаа, эзийн засаг, нийгэм, байгаль орчны болон бусад хүчин зүйлсийг уул уурхайн төслийн санхүүгийн ашгийг тодорхойлох зорилгоор нарийвчлан судалсан тодорхой судалгаа юм. Талууд ТЭЗҮ нь заавал мөрдөх биш ойролцоо тооцоолол гэдгийг ойлгон хүлээн зөвшөөрсөн болно. Энэ нь зөв гэдэг нь батлагдах албагүй тодорхойгүй байдлууд, урдчилан тооцоолох боломжгүй үйл явдлууд, бодит байдал дахь үр дүн ТЭЗҮ-гээс зөрөх зэрэг юм. (ТЭЗҮ-г өөрчлөхийг Талууд хүлээн зөвшөөрчээ. Засгийн газрын энэхүү үйлдэл нь монголчуудын эрх ашгийн эсрэг үйлдэл болсон байна)

4.3 Ил уурхайд гарсан зардал 2010 оны ТЭЗҮ-гээс зөрсөн байдлыг шалгасан олон удаагийн шалгалт, аудит үүний дотор Монгол улсын Засгийн газрын 3

сайдын санаачлагаар хийгдсэн аудитын үр дүнг үндэслэн Талууд доорх зүйлсийг зөвшөөрөв. Үүнд:

(а) Ил уурхайн үе шатанд гарсан бүх зардал нь батлагдсан хөтөлбөр, төсвийн дагуу гарсан бөгөөд Сангийн яаманд хүргүүлсэн ОТ ХХК-ийн санхүүгийн тайлангуудад нягт нямбай тусгагдсан байна (Зардлын хэтрэлт, Монгол улсад гараагүй зардлууд, зээлийн өндөр хүү, менежментийн өндөр төлбөр зэргийг хүчээр хүлээн зөвшөөрүүлж байна)

(б) Зардлын зөрүүгийн тайлбарыг ойлголцсон бөгөөд энэ талаар ямар нэгэн санал зөрсөн дүгнэлт байхгүй, мөн Ил уурхайн үе шатны өртөг зардалтай холбоотой шийдвэрлэгдээгүй ямар нэгэн асуудал Талуудын хооронд байхгүй болно. (Татварын байцаагчид, төрийн албан хаагчид, цаашлаад Монгол төрийг басамжилсан үйлдэл болж байна. Тэр зардлын хэтрэлт гэдэг нь зөвхөн 2010-2012 оны асуудал бөгөөд 2013-2014 онд асар их зөрчил байгаа нь илэрхий. Энэ бүгдийг доорх 4.4 заалтаар луйвраа баталгаажуулахыг Ерөнхий сайд зөвшөөрчээ)

4.4 Энэхүү төлөвлөгөөнд гарын үсэг зурснаас хойш ажлын 5 хоногийн дотор Сангийн Яам ОТ ХХК-ийн хүргүүлсэн 2010, 2011, 2012, 2013. 2014 оны санхүүгийн тайлангуудыг баталгаажуулна. (Энэ 7 хоногт бүх луйвардсан мөнгөө баталгаажуулж авахаар тохирчээ. Тийм учраас Дубайгаас бүтэн сайны шөнө, ажлын бус цагаар Монголд өглөө болох үед сүр дуулиантай зарласан байна. Монгол улсын Засгийн газар, Оюутолгой ХХК хэмээх Монгол улсын компани 2 яахаараа харь оронд очиж, сүр дуулиантай төлөвлөгөө гээчийг үзэглэв???).

5. Далд уурхайн үе шатны санхүүжилтийн зохицуулалтууд

5.3 Далд уурхайн төслийн санхүүжилтийн бүх үйл ажиллагаа болон үйл ажиллагаанаас орж ирсэн мөнгөн урсгал нь хамгийн түрүүнд Хувь нийлүүлэгчийн одоогийн зээлийг эргүүлэн төлөх, түүний дараа Хувь нийлүүлэгчийн өрөнд тооцогдсон хүүг төлөх, дараа нь Хувь нийлүүлэгчийн зээлийн үндсэн дүнг төлөх гэсэн дарааллаар явагдана. Энэ төлөлвлөгөөний 5.5 ёсоор энэхүү нөөцийг ОТ ХХК далд уурхайн бүтээн байгуулалтанд дахин зээлж болно. (ОТ ХХК нь энэ зээлийн дороос хэзээ ч өндийхгүй, Монгол улс ногдол ашиг хүртэхгүй. Мөн зээлийн үндсэн дүнг дараа төлөх дараалал нь хүртэл нийлмэл хүүгээр хязгааргүй хүүлэх зорилгоо бүр ил болгожээ.)

5.5 Санхүүжилтийн нарийвчилсан төлөвлөгөөний зарчим нь дараахь байдалтай байна. Үүнд:

(а) Банк санхүүгийн байгууллага, бүтээгдэхүүн нийлүүлэх урдчилсан гэрээ, бусад арга замаар гуравдагч талаас авах төслийн санхүүжилтэнд (Далд уурхайн төслийн санхүүжилтийг оролцуулан) 6 хүртэл тэрбум долларын санхүүжилт босгох

(б) ОТ ХХК нь бэлэн мөнгөний менежмент хийх замаар хамгийн бага зардалтай санхүүжилтийг олохыг зорин ажиллана. (Ер нь бол өөрөө өөрийгөө санхүүжүүлээд аваад явчих болсон нь илт байна. Гол нь бүх орлого нь гадаадад гараад зардал нэрээр дахин хэзээ ч эргэн ирэхгүй байгаа юм. Ийм механикм бүрдүүлж чаджээ, тэд)

5.6 Бүх лицензийг Засгийн газар саадгүй өгөх, зээлийн баталгаа гаргахыг хүлээн зөвшөөрсөн байна лээ. Дахиж ямар газар нутаг, баялгаа алга дарам цаасаар өгөх гэж байгаа нь нууцлагдмал байна

 Тэрбээр  “Дубайн гэрээний хэдхэн зүйлийг хэлмээр байна. 1.4 тэрбум ам.доллар Монголд орж ирээгүй байхад орж ирсэн юм шигээр өртүүлж бичсэн. Тодруулбал, “Сангийн яам, Татварын газартаа ийм үүрэг өг. Тав хоногийн дотор биелүүл” гэж Рио Т инто бидэнд үүрэгдэж байгаа юм. Нэмээд зургаан тэрбум ам.доллараар Монголын газар нутгийг барьцаанд тавина гэж байгаа. Би Дубайн гэрээний 5.5-ын Б-2-ыг ярьж байна. Тэгээд зургаан тэрбум ам.долларыг Монгол руу оруулж ирэхгүй гэж байгаа юм. Зүгээр л Монголыг барьцаанд тавиад мөнгийг нь өөрсдөө хэрэглэнэ гэсэн үг. Баруунд “Мэдээ хүргэгчийг битгий алаарай” гэсэн үг бий. Оюутолгойн гэрээ Монголд нэг ч төгрег оруулж ирэхгүй байна. Тэр баялгийг өм цөм аваад гарч байна. Гэтэл Ч.Сайханбилэг “Популистуудаас болж гацлаа” гээд байгаа. Тэр гацсан гээд байгаа Оюутолгой өнгөрсөн жил 1.9 тэрбум ам.долларын орлого олсон. Харин тэдний амласан шиг мөнгө манайд огт орж ирэхгүй байгааг л бид хэлээд байгаа юм. Ер нь гуравхан бие даагч энэ тухай ярьсны төлөө Рио Т инто мөнгөө Монгол руу оруулах уу үгүй юу гэж бодож байгаа юм бол Засгийн газар байх ямар шаардлага байгаа юм. Бас энэ жилийн гуравдугаар сарын 30-ны байдлаар 570 сая ам.долларыг олчихоод байгаа. Үүний талаас илүүг нь алтнаас авсан. Миний ярьж байгаа энэ мэдээллүүд худлаа гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг батлаад өгөөч гэсэн юм. Үүний дараа уг гэрээний талаарх элдэв тайлбарыг Ерөнхий сайдаас удаа дараа сонсож байсан ч С.Ганбаатар гишүүний шаардсан “баталгаа”-г авч чадаагүй л байна. Харин С.Ганбаатар гишүүний тайлбарласнаар Оюутолгойгоос өпөр бүр 5.4 сая ам.доллар сул алдсаар байгаа гэх тооцоолол үнэмшилтэй сонсогдож байна.

Энэ талаар Zaluu.com сайт цувралаар хүргэх болно. Үүний дараа Монгол Улсын Шадар сайд, Уул уурхайн сайд, Сангийн сайдын 2013 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн 30/15/59 дугаар хамтарсан тушаалаар “Оюутолгой” ХХК-ны анхны хөрөнгө оруулалтын зардлын хэтрэлтийг шалгах ажлын хэсгийн гаргасан тайлан, дүгнэлтийн талаар танилцуулна.

С.Лантуу


URL:

Нэр: Санаа Огноо: 10 November 2015

Тийм шүү угаасаа, ЗГ-г унагаа гэж орилхоосоо өмнө, гол тулгамдсан асуудлаа ярьж шийдэх хэрэгтэй!

Нэр: s Огноо: 10 November 2015

Сайханбилэгийн ЗГ түүхэн дэх хамгийн сайн нь!

Нэр: иргэн Огноо: 10 November 2015

Үнэн шүү,хэдхэн сар үлдлээ одоо болимоор юмаа ажил цалгардуулаад…Ерөнхий сайддаа амжилт хүсье

Нэр: Anonymous Огноо: 11 November 2015

Ордоны үймээнээ одоо болиочээ

Сэтгэгдэл бичих