20 гаруй компанид эрүүгийн хэрэг үүсгэжээ
“Алтан Дорнод Монгол”, “Монгол газар” ХХК хуулиар хориглосон газар нутагт аж ахуйн нэгж, байгууллагуудтай хууль бус гэрээ байгуулж Архангай аймгийн Цэнхэр сум Орхон голыг бохирдуулж, голдрилыг нь өөрчлөн үйл ажиллагаа явуулсан талаар манай сонин өмнөх дугаартаа мэдээлж байсан.
БОАЖЯ, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран тус газарт дахин шалгалт хийсэн байна. Энэ талаар БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын мэргэжилтэн Д .Шижир-Эрдэнээс тодрууллаа.
-Шалгалтаар ямар зөрчил илрэв?
-Үйл ажиллагааг нь зогсоож, лацадсан байхад нээгээд ажиллаж байсныг тогтоосон. Ийм үйлдлийг тэд удаа дараа гаргаж байна. Иймээс тоног төхөөрөмж, үйлдвэрийнхээ эд хогшлыг татаж ав гэдэг хууль зүйн шаардлага тавьсан.
Хууль бусаар ажиллахын зэрэгцээ хяналтын байгууллагын лацыг дур мэдэн хөдөлгөсөн тул УМБГ-аас дөрвөн зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн.
-Хэчнээн компанид эрүүгийн хэрэг үүсгэсэн юм бэ?
-20 гаруй компанид үүсгэсэн. Гэхдээ энэ бүхэнд тус сумын холбогдох удирдлагууд ч буруутай. Учир нь, эдгээр компани байгаль хамгаалах сан, нөхөн сэргээлт, усны төлбөр гэх гурван гэрээнд гарын үсэг зурснаа биелүүлээгүй.
Мөн үйл ажиллагааг нь зогсоогоод байхад орон нутгаас нь гараагүй тул шаардлага тавих, болохгүй бол захирамж гаргаад хууль хяналтынхнаар баривчлуулах бүрэн эрхтэй. Иймээс санаачлагагүй, ажлаа муу хийсэн удирдлагуудад хариуцлага хүлээлгэх үндэслэл бүрэн бий.
-Энэ бүхнээс учирсан хохирлыг тооцсон уу?
-БОАЖ-ын сайдын тушаалаар томилогдсон эрх бүхий мэргэжлийн байгууллага хохирлыг удахгүй тогтооно. 230 гаруй нэр төрөлд судалгаа хийж хохирол тооцох учраас хугацаа шаардагдана. Өмнө нь “Монгол газар” ХХК-ийн дөрвөн газрын бодит хохирлыг тогтоож байсан.
М.Наранболд
Эх сурвалж: “Монголын үнэн
URL: