Мал нядалгааны ажилчид л аймаар санагдаад байна
Өнгөрсөн долоо хоногт өршөөлд хамрагдсан хоригдлуудыг суллаж эхэлсэн. Үүнээс болж иргэд хоёр хэсэг болон хуваагдаж, нийгмийн ихэнх нь айдастай байх шиг.
Миний бие өмнө нь хорих ангиас хэд, хэдэн удаа сурвалжлага хийж байлаа. Эрхээ хязгаарлуулсан л болохоос тэд бидэнтэй л адил хүн гэдгийг сануулах хэрэгтэй байх. Өдөржин ажиллаж ар гэрээ тэжээхээс гадна бусдад учруулсан хохирлоо төлдөг юм билээ, тэд.
Дээр нь ном уншиж, мэргэжилтэй болдог. Энд үнэхээр айгаад байх зүйл үгүй юм шиг санагдах юм. Магадгүй биднээс илүү тэд айж байгаа байх. Нийгэм маань хэрхэн хүлээж авах бол гэж.
Харин саяхан мал нядалгааны газар орж мэдээлэл бэлтгэж явахдаа хорих ангиас илүү айдас төрсөн юмдаг. Бойн ажилчид шилбэ татсан улаан цусан дунд иртэй том хутга барин зогсох нь үнэхээр айдас төрүүлэм. Өдөр бүр амьд малын толгойг огтолж, улаан цус туучин явдаг тэд нэг л өдөр хүний амь хөнөөмөөр санагдвал яах вэ.
Учир нь, өдөр бүр цус харж байгаа тэдний сэтгэцэд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй гэх баталгаа байхгүй шүү дээ. Хорих ангиас суллагдаж байгаа хоригдлуудад биш тэдэнд илүү анхаарлаа хандуулмаар юм шиг ээ.
Ядаж л долоо хоног, байг гэхэд сард нэг удаа эмчид үзүүлж, сэтгэцийн өөрчлөлт орсон эсэхийг нь хянаж баймаар. Бас сэтгэлзүйн зөвлөгөө өгч байх хэрэгтэй юм шиг санагдсан шүү. Тэд ч бас л хүн шүү дээ, уг нь.
Б.Бат
URL: