Прокурор, мөрдөн байцаагчдын сууж явсан машин осолджээ

Прокурор, мөрдөн байцаагчдын сууж явсан машин осолдсон ноцтой хэрэг гарчээ. Осол энэ сарын 8-нд буюу өнгөрсөн ням гарагийн 11.00 цагийн үед Сэлэнгэ аймагт гарсан байна.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хэргийн газрын үзлэг хийгээд буцаж явсан Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын цагдаагийн долоон албан хаагч, нэг прокурорын сууж явсан фургон автомашин осолдож, ослын улмаас Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор эмэгтэй Г хүнд бэртсэн байна.

Харин цагдаагийн долоон албан хаагч ямар нэгэн гэмтэл аваагүй бол прокурор Г-ийн хамарны яс, нүдний ухархайн яс хугарч хүнд гэмтсэн аж. Тиймээс прокурор Г-г өчигдөр яаралтай түргэн тусламжийн машинаар Улаанбаатар хотод авчран ГССҮТ-д хүргэжээ. Харин өнөөдөр ШШҮХ-ээс томилогдсон шинжээч эмч гэмтлийн зэргийн талаар дүгнэлт гаргахаар болсон байна.

Осол юунаас болж гарсан нь тодорхойгүй ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа гэнэ. Харин мөрдөн байцаалтын явцад Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын дарга н.Энхбаяр хэргийг нуун дарагдуулж, дотооддоо чимээгүй шалгаад өнгөрөх гэж байгаа талаар эх сурвалж мэдээлээд байгаа юм. Тиймээс хуулийн байгууллагынхан энэхүү хэрэгт анхаарал хандуулж, ослын шалтгааныг үнэн зөв тогтоох болов уу. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.

Б.Чимэг

Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих