Хакүхо аварга залуу хүчтэн Ичиножёог давсан хоёрдахь өдрийн тойм
Японы мэргэжлийн сүмогийн холбооны арваннэгдүгээр сарын башё буюу Кюүшюү башёгийн хоёрдахь өдрийн барилдаанууд өндөрлөлөө. Өнөөдрийн барилдаанд Харүмафүжи аварга болон Тэрүнофүжи, Кисеносато нар өвдөг шороодож дуулиан дэгдээсэн юм.
Харүмафүжи аварга өнөөдөр Египет сүмоч Оосүнарашид хав барьцнаас ёрикири мэхээр түлхүүлж гарсан юм. Маргааш Харүмафүжи Аиояаматай барилдах юм.
Мөн озеки Тэрүнофүжи хашир бөх Точиозанд ёрикири мэхээр ялагдав. Маргааш тэрээр маэгашира Окиноумитай хүч үзнэ.
Мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал өнөөдөр нутгийн бөх Ичиножёотой барилдаж ээлжит даваагаа авсан. Ичиножёо хэдийгээр аваргын дайралтыг зогсоож чадсан ч туршлага дутан унасан юм. Хакүхо аварга Кюүшюү башёд сүүлийн долоон жил босоо байгаа билээ. Хакүхо аварга маргааш Оосүнарашитай барилдана.
Харин анх удаа башёгийн тэргүүн бөх болсон 71 дахь ёкозүна Какүрюү М.Ананд өчигдөр унасан ч өнөөдөр болгар сүмоч Айояаматай барилдаж эхний даваагаа авлаа. Маргааш тэрбээр нутгийн бөх ичиножёотой барилдах аж. Өнгөрсөн сарын сенсацины эзэн комосүби Ёшиказе өнөөдөр океки Кисеносатог өвдөг шороодуулж шуугиан тарьлаа.
URL: