Мэргэжлийн хяналтын дарга нар самрын хэргээр АТГ-т шалгагджээ

Төв аймгийн Мөнгөнморьт сумын хэсэг иргэн нөхөрлөл хэлбэрт шилжин хуш модоо хамгаалдаг юм билээ. Гал түймэр, самар, жимс түүгчдийн гэнэтийн довтолгооноос хамгаалан суух аж. Ингэж хамгаалсны үр дүнд жил жилийн намартаа самар жимсээ түүх эрхтэй болдог байна. Түншүүр гэдэг цохиур модондоо хүртэл зөөлөвч хийн хуш модоо гэмтэхээс болгоомжилдог байх юм.

Самрын гол хэрэглээ БНХАУ-д байдаг гэхэд болно. Хятадууд самрыг тархины гол тэжээл гэж үздэг. Тийм учраас самрыг хоол хүнсэндээ хэрэглэхийг чухалчилдаг байх юм. Гэвч хуш модны самар Оросын Сибирь, Хэнтийн нуруу, Хангай, Ханхөхийн нуруунд тархан ургадаг. Харин Хятад улсын нутаг дэвсгэрт ургадаггүй. Тийм учраас хятадууд Монгол Улсаас хушны самар авахыг чухалчлахаас гадна наранцэцэгийн хар үрийг орлуулан иддэг байх юм.

Самрын бизнес жилдээ 50-60 тэрбум төгрөгт эргэлддэг гэсэн тооцоо бий. Самрын ченжүүд иргэдээс кг самрыг 10 мянга хүртэл төгрөгөөр худалдан авч байсан үе бий. Энэ жил нэг кг самрыг таван мянган төгрөгөөр бөөндөж авч байгаа юм. Харин яг самар жимс түүдэг цагаар ой модонд шавьжны хор цацлаа. Энэ хорны нөлөөгөөр шар өвчин дэлгэрч муу нэрийг самар сонсож байгаа билээ.

Өнөөдөр МХЕГ, Нийслэлийн цагдаагийн газраас гудамжинд зарж буй самрыг хурааж байна. Таван төгрөг олох гэсэн эмгэд хөгшид, хүүхдүүдийн нус нулимсыг барж байгаа билээ. Яасан идэвх зүтгэлтэй ажиллана вэ. Долоо хоногт л гэхэд 1,2 тонн самар хураан авч подваль, гараашид хадгалж байна. Орон нутагт ч гэсэн ийм хэмжээний самар хураадаг гэхэд болно. Үүнээс үүдээд хураасан самар хаачдаг вэ гэсэн асуулт гарч ирнэ.

Нэгэн жишээ хэлье. Сонгинохайрхан дүүрэгт байрлалтай Ч.Чай захиралтай “Си Эйч Эй Ай” гэдэг компани бий. Энэ компани 2009 онд (Жил өнжиж ургадаг учраас 2010 онд самар гараагүй) бүх самрыг хамсан гэхэд болно. Мэдээж МХЕГ, болон Нийслэлийн цагдаагийн тусламжтайгаар шүү дээ. Хамгийн инээдтэй нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Бямбасүрэн, Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Одхүү нар хураасан самрыг зардаг.

Ч.Чай гэдэг хятад эрд нэг кг-ыг нь 2500 төгрөгөөр бодож зарсан баримтууд бий. Харин улсад болохоор 1200 төгрөг тушаасан байдаг юм билээ. Дундаас 1300 төгрөг унагаж ихээхэн ашиг олсон байдаг. Нэг жишээ хэлье. Дээрх эрхмүүд 2009 оны хоёрдугаар сард 23,704,272 төгрөгийн самрыг Ч.Чайд заржээ. Энэ мөнгөн дүн дахин нэг нугарна. Яагаад ингэж итгэлтэй хэлээд байна вэ гэвэл Авлигатай тэмцэх газарт дээрх дарга нарын хэрэг шалгагдаж байгаа юм.

Хятад захирал Ч.Чай нь Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын газраас 2500 төгрөгөөр самар худалдан авдаг байснаа санаандгүй хэлчихсэн нь асуудал болжээ. Өөрөөр хэлбэл Увс, Ховд, Хэнтий, Архангай аймгаас хураасан самрыг цагдаа, мэргэжлийн хяналт зардаг байх юм. Эндээс асар их ашиг хийдэг. Хятад захиралтай “Си Эйч Эй Ай” компани л гэхэд 500 гаруй сая төгрөгийн самар авсан байдаг аж. Энэ их самрыг дотоодод борлуулах зах зээл байхгүй.

Эднийх 100 грамм цэвэрлэсэн самраа 6000 төгрөгөөр зардаг гэсэн баримт үзүүлнэ. Энэ нь бол нүд хуурсан хэрэг. Бүх самраа Хятад улс руу гаргадаг болох нь тайлан тооцоо, улсад төлсөн татвар зэргээс харагдана. Харин монголчууд болохоор цуглуулсан самраа хил дээр хураалгана. “Ган-Оюу-Эрдэнэ” гэдэг компанийн залуус 82 тонн самар Замын-Үүдийн боомт дээр хураалгачихаад байна. Өнгөрсөн жил хураасан дээрх самрыг одоо ч Замын-Үүдэд хадгалж байгаа гэх.

Нөгөө хужаа нөхөр “Дээрх самрыг улсын орлогод ав” гэж хэлсэн байх юм. Засгийн газрын 2008 оны 149 д үгээр тогтоолоор “Хуш модны самрыг хилээр гаргахыг хориглосон” юм билээ. Харин мань хятадууд хагас боловсруулаад гаргачихдаг бололтой. Өнөөдөр иргэдийн гар дээрээс МХЕГ, Нийслэлийн цагдаагийн хүчээр самрыг цуглуулж байна. Тэгээд нэг их удалгүй хятадууддаа зарах биз.

Т.ЭРДЭНЭ

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

“ӨДРИЙН СОНИН”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих