Маршал Ли Ил Соль таалал төгссөн нь нам, арми, ард түмний хувьд гарз хохирол боллоо
Солонгосын ардын армийн маршал Ли Ил Солийн дурсгалыг Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун шарилынх нь дэргэд биечлэн очиж хүндэтгэжээ. Тус улсад алдартай цэргийн дарга болох Ли Ил Соль 11 дүгээр сарын 6-нд уушгины хорт хавдраар нас нөгчсөн байна.
Умард Солонгосын удирдагчийн хэлснээр, маршал нас нөгчсөн нь “нам, арми болон ард түмний хувьд том гарз хохирол боллоо”. “Ли Иль Соль нь хувьсгалын хамгийн хүнд хэцүү үед Ким Ир Сен болон Ким Жөн Ирийг үнэнч шударгаар хамгаалж байсан бөгөөд улс орны Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх үйл хэрэгт баларшгүй ул мөрөө үлдээсэн билээ” гэж Ким Жөн Ун хэлснийг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг уламжилжээ. Лхагва гарагт болох оршуулах ёслолыг зохион байгуулахад 170 хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулсан байна. Уг комиссын бүрэлдэхүүнд төр, намын болон цэргийн нэртэй зүтгэлтнүүд багтжээ.
Ли Ил Соль нь Японы эсрэг хөдөлгөөнд оролцож явсан, Ким Ир Сений хамтран зүтгэгч байсан юм. Тэрбээр 1948 оноос цэргийн хороо удирдаж байсан бөгөөд 1950 онд дивизийн штабын даргаар томилогдож, 1950-1953 оны Солонгосын хойгийн дайнд оролцож байжээ.
Маршал Ли Иль Соль нь олон жил Солонгосын Хөдөлмөрийн намын Цэргийн төв комисс болон Улсын батлан хамгаалах хорооны гишүүн байснаас гадна Ардын их хурлын депутатаар сонгогдож, Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны бүрэлдэхүүнд багтаж байжээ. Тэрбээр Умард Солонгосын хошой баатар бөгөөд Хөдөлмөрийн баатар юм. Мөн Ким Ир Сен болон Ким Жөн Уны одонгоор шагнуулжээ.
Д.Жаргал
URL: