Өршөөгдөхийн үнэ

Тээр жил дээ, 2003 онд сургуулиа төгсч, дипломоо гардан авсан би гэдэг хүн гэрийн зүг нийтийн тээврийн (Пургон машин) унаанд дайгдан нутгийн зүг давхиж билээ.

Олны дунд, хусуулсан үс нь дөнгөж л ургаж эхэлж буй 20-иод насны залуу үргэлж нүүрэндээ инээмсэглэл тодруулан хөхиүн баясалтай ийш тийш өнгөлзөн, бүхнийг сониучирхан харж явах нь зорчигч бүхнээс содон байлаа.

Замд хоёр ч удаа машин зогсож, олон хүн бууж суух зуурт өнөөх залуу л “За манайхаан гялалзаад суучихаарай, эртхэн газар дөхөе тийм ээ, жолооч оо” хэмээн хэлэх нь жолоочтой хэдийнээ танил бололтой.

Олны олонд удаан ч зогсох үе байсан. Тэр залуу нэг харахнээ жижигхэн модон хайрцагтай сийлбэрийн хутга гаргаж ирээд хаанаа ч хадгалж явсан юм, хэдийнээ эхлүүлээд хэд хоног нухсан бололтой ишнийх нь сийлбэр хараахан гүйцээгүй есөн нүдтэй цацал урлаж байлаа.

Унаа цааш хөдлөх үед нэг ах түүнээс “Дүү хүү сайхан сийлж байна шүү, хариад тухтайхан хийгээч дээ” хэмээн хэлэхэд өнөөх залуу нэг их мэлтэрсэн том нүднээсээ нулимс цийлэлзүүлэн “Ээждээ л нэг сайхан цацал хийгээд өгчихсөн гэж мөн ч их бодсон доо. Дүү нь ээжтэйгээ уулзаж чадаагүй ээ. Харихад хүлээх хүнгүй ч ээжийнхээ газар дээр энэ цацлаараа сүү өргөөд “Хүү нь буруугүй байсан шүү” гэдгээ хэлээд уучлалт гуйх юм. Амьдын хагацалд унан ард үлдсэн ээждээ амьдад нь яваад очиж чадахгүй тийм л азгүй хүн дээ би” гэж нэг их сааралтаж зангирсан хоолойгоор намуухан яриад, захын суудлаас ухасхийн өндийгөөд машины цонх онгойлгон гүнзий амьсгаа авлаа.

Шөнө дундын үед замын гуанзанд хооллохоор жолооч машинаа зогсоов.

Санамсаргүй миний хооллох ширээ жолооч тэр хоёртой нэг болж таарав. Аяны улс бэлэн хоолнуудаас дараалан дараалан захиалцгаагаад, хоолоо хүлээх зуурт жолооч ах “Чи төвд буух юм уу, танайхны хавиар үүр цүүрээр явж таарах нь шиг байна” гэхэд өнөөх залуу “Дүү нь эхлээд төв орж засаг захиргаандаа бүртгүүлж, данслагдах учиртай юм гэсэн. Төвд бууя аа” хэмээн хэлээд тамхилъя гээд гарч одлоо.

Энэ зуурт жолооч их л өрөвдсөн харцаар араас нь ширтээд “Амьдрал аа гэж, 10 төгсдөг жилээ ангийн хүүхдүүдтэйгээ зодоонд оролцоод хэн нь ч хэнийгээ цохисон юм бүү мэд, нэг нь маргааш нь өөд болчихсон юм зайлуул. Яагаад ч энэ хүү бүх олны зодоонд ганцаараа буруудчихсан юм бүү мэд, хэдэн сарын дараа харагдахаа байсан. Харин сая Драгон дээр сууж байтал “Сайн уу ах аа” гээд гэнэт мэлтэртэл гараад ирсэн.

Хөөрхий минь харьж яваа юм байж. “Ахаа намайг аваад яваач” гэхээр нь зардал мөнгө гээд юүхэв ахтайгаа хамт яв гэсэн чинь баярлаж байгаа гэж жигтэйхэн, бөөний төв рүү гүйж ороод хамаатны хүүхдүүдэд зардлынхаа мөнгөөр чихэр авчихлаа гэсээр гүйж ирсэн.

Яваад очиход нь гэр нь алга нэрээр нь овоглосон ээж нь алга, энэ хүү одоо хаачдаг юм бол доо зайлуул. Ах нь ч ээж чинь байхгүй гэж яаж хэлнэ дээ гэж халгаж л байлаа. Харин тэр газраас нь мэдэгдчихдэг бололтой юм, мэджээ… гээд ярьж байтал залуу шунгинасаар орж ирэв.

“Чи шөл устай хоол л ид” гээд байсан жолооч ахын ятгалгаар тэр жигнэсэн гурилтай шөл авч идсэн билээ.

Хүний магнайнаас тийм их хөлс гялтганан бөмбөрдөгийг тэр үед би анх удаа харж билээ…

Өчигдөр, өнөөдөр хоригдлууд өршөөгдөж, хонгилтой хорихуудаасаа суллагдаж гэнэ.

Эргээд харих гэртэй, тосоод үнсэх эжий аавтай нь, ахлаад зөвлөх ахан дүүстэй нь алзахгүй ээ.

Өнчрөх хагацахын сүүдэрт өрцөө хайруулж хоцорсон хүний л үр тэдийг ХҮН ТА ӨРШӨӨ.

Амьдрал өгсөн шигээ авч, өршөөх нь хүртэл үнэтэй!!!

MGLRADIO-102,1 долгион:

Сэтгүүлч, редактор Ю.Шүрэнцэцэг.

2015-11-06


URL:

Сэтгэгдэл бичих