МАХН-ын эмзэг сэдэв

МАХН-ын буюу Н.Энхбаярын эмзэг сэдэв бол хүн. Тус намынхан мэргэжлийн хүний нөөцөөр цангаж байгаа. Ямарсайндаа л МАН-тай хамтарч УИХ-ын 2016 оны сонгуульд оролцохыг ахмадуудаараа гуйлгаж, царай алдаж байхав.

Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба авлигын хэргээр шалгагдаж, хоригдсоноосоо болоод Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт огцрох хүсэлтээ өгөв. Одоо МАХН-ынхан Эрүүл мэндийн сайдын суудалд тэнцэх хүний эрэлд хатаж байна. Эрүүл мэндийн сайд асан Н.Удвалыг ад үзэж, ад үзэж хөөчихөөд дахиад суулгалтай биш арга мухардахдаа Ц.Шаравдоржийг Эрүүл мэндийн сайдаар тавих сураг дуулгаж эхлэв.

Ц.Шаравдоржийн хувьд бусад намынхны хувьд тэтгэвэртээ гарсан нэгэн байж болох ч МАХН-ын хувьд яалт ч үгүй урдаа барих хүмүүсийнх нь нэг мөнөөс мөн. Энэ бүхнээс харахад л МАХН-ынхан хүнээр ямар их дутаж байгаа нь тодорхой харагдаж байгаа юм.

Зөөлнөөр хэлэхэд МАХН өнгөрсөн хугацаанд ард түмний дундаас төрөн гарч буй эгэл жирийн хүмүүсийг од болгож, олонд таниулдаг ажлыг хангалттай хийсэн. Харин хатуугаар хэлэх юм бол хэний ч танихгүй, улс төр гэж юу байдгийг мэдэх ч үгүй хэдэн танихгүй нөхдийг хүнгүйдэхийн эрхэнд Н.Энхбаяр наашаа харж инээж, цаашаа харж уйлан байж гаргаж ирсэн. УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн тодорхойлсноор бол нам намын гологдол нөхдийг өөрийн бор оймсонд хавчуулж, гаргаж ирж чадсан юм.

Н.Энхбаяраар бамбай хийж, улс төрд орсон нөхөд бүгд л ямар нэгэн албан тушаалд очих нь очиж, авдгаа аваад, унах нь уначихсан, зарим нь буухуу, гүй юу гээд л сууцгааж байна. Энэхүү жагсаалт одоо бүх асуудлаас гарах гарцыг хайж гүйгээд байгаа Э.Эрдэнэжамъянаас эхлээд л Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчаар томилогдож гэнэт хаданд гарсан Ч.Чимэдсүрэн хүртэл үргэлжилнэ.

Ямартай ч “Лам олдохгүй бол буцахдаа зална” гэдгийн үлгэр МАХН-ын гал тогоонд өрнөж байгаа бололтой юм. Ганцаардахын зовлонд нэрвэгдээд байгаа Н.Энхбаяр хүнд хүн ямар үнэтэй гэдгийг яс махандаа шингэтэл ойлгож суугаа биз ээ.

У.Жанцан

Эх сурвалж: Tsenzurgui.mn


URL:

Сэтгэгдэл бичих