Б.Батзаяа, Г.Шийлэгдамба нарыг баривчилсан нь Засгийн газрын сөрөг дайралт байв уу
-Авлигын ээлжит дуулиан ба улстөрийн “захиалгат” баривчилгаа-
Сүүлийн 10 хоногт томоохон баривчилгаанууд явагдлаа. Монгол улсад шинэ Өршөөлийн хууль эцэслэн батлагдсаны маргаашнаас л баривчилгаа эхэлсэн. 2000-аад хоригдол уг хуулийн дагуу эрх чөлөөгөө олсон бол тэдний “орны” нөхдүүдийг бас олноор нь баривчилж байна. Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга, “Монголын төмөр зам” компанийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяагаар баривчилгаа эхэлсэн.
Түүнийг ганцааранг нь бус шинэ төмөр замын тендерийг авчихсан Солонгос нэртэй Хонгконгод бүртгэлтэй гэгдээд буй “Самсунг С&Т” компанийн захирал болон бусад нөхдүүдийнх нь хамт баривчлав. Энэ баривчилгааг хийсэн Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн Засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн түүний маргааш нь буюу өнгөрсөн мягмар гаригт шалгаж байгаа бас нэгэн дуулиант хэргийн мэдээлэл ил болов.
Тэр нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын ажилтнууд, зарим банкны ажилтнуудтай үгсэн хуйвалдаж, 10000 талийгаач нарын нэрээр НДС-аас асар их мөнгө цохиж байсан хэргийг мөрдөн шалгаж байгаа тухай асуудал байлаа. Тэгвэл өнгөрсөн лхагва гаригт Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас саатуулсан.
Баривчилгаа үүгээр ч зогсоогүй гэх ба “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн удирдлагуудыг бас саатуулсан тухай мэдээлэл гарсан. Энэ баривчилгааг мөн л Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн хийсэн гэнэ. “Улаанбаатар смарт Карт” ХХК-ийн удирдлагуудаас байцаалт авна хэмээн уг хэлтсийнхэн авч явсан гэх. Тэднийг сулласан уу, үргэлжлүүлэн хорьсон уу гэдэг нь тодорхойгүй байгаа.
БАРИВЧИЛГААТАЙ ХОЛБООТОЙ УЛСТӨР
Б.Батзаяаг баривчилсантай холбоотойгоор өнгөрсөн даваа гаригт УИХ дахь АН-ын бүлгийн хурал ихэд ширүүн болсон. Тэр өдөр өөрийн “бие хамгаалагч-хамтран зүтгэгч-найз”-ыгаа баривчлуулсан УИХ-ын гишүүн “Женко” хэмээх Х.Баттулга бүлгийн хурал дээрээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс уг баривчлагааны тухай хатуухан асууж, улмаар Г.Батхүүтэй үгээр сөргөлдсөн тухай мэдээлэгдсэн. Ингээд ч түүний уур гараагүй ба өөрийн удирддаг МоАХ фракцийн нэг гишүүн болох Л.Эрдэнэчимэгийн хамт хэвлэлийн хурал хийж, Тавантолгойн асуудлаар УИХ-ын 40 гишүүн гарын үсэг зурсан тогтоолын төслийг өргөн барих гэж байгааг мэдэгдсэн.
Мөн тэрбээр өөрийн нөхөд болох Б.Батзаяаг “Зарчимтай хүн”, А.Гансүхийг “Хуульч хүн” учир асуудалд орооцолдох учиргүй гэлээ. Бас өөрийг нь ч ороож мэдэх энэхүү баривчилгааг тэрбээр “Тавантолгой”-н ордыг өөрийн болгох гэсэн бүлэглэлтэй холбон тайлбарласан. Үүнийг АН-ын бүлгийн хурал дээр Г.Батхүү, Х.Баттулгатай үгээр сөргөсөн хэмээх мэдээлэл ч баталж буй юм. Г.Батхүүгийн хувьд Тавантолгойд бүхлээр нь “эзэн” суухыг хүсч байгаа “Энержи Ресурс”-д багтдаг “Шунхлай”-н хамгийн том хувь эзэмшигч билээ. Уг баривчилгаатай холбоотойгоор Ч.Сайханбилэгийн Засгийн газар өөртөө “гал дуудсан” тухай олон хүн ярьж бичсэн.
Харин нөгөө баривчилгааны тухайд бол Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг “авлигач биш”, “авлига авдаг хүн биш” хэмээх мэдэгдлийг намынх нь дарга Н.Энхбаяр ч, тус намын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, зөвлөх Э.Эрдэнэжамьян нараас эхлээд олон хүн хийсэн. Мөн тэд Засгийн газрын гишүүнийг баривчлахдаа Ерөнхий сайдад хэлэлгүй хууль зөрччихөөд араас нь зөвшөөрөл авсан гэлээ. Мөн Г.Шийлэгдамбыг саатуулахдаа 30-40 байцаагч очиж сүрийг бадруулсан гэлцсэн. Энэ баривчилгааг яагаад хийсэн гэхээр МАН, МАХН ирэх сонгуульд хамтран оролцох асуудал хүчтэй яригдсан үед улстөрийн зорилгоор захиалгатай хийсэн тухай ч онцолсон.
Тэд энэ удаа МАХН-ынхнаар оролдож эхлэхдээ тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбаар гараагаа эхлүүллээ, удахгүй Н.Энхбаярыг ч баривчлах байх гэцгээв. Тэгвэл Г.Шийлэгдамба ч баасан гаригт Ерөнхий сайдад бичсэн өргөдөлдөө өөрийгөө буруугүй гэсэн ба учир зүй нь олдтол төрийн ажил саатах ёсгүй гэдэг үүднээс албанаасаа огцруулж өгөхийг хүссэн. Мөн тэрбээр өөрийн буруугүйг нотлоход цаг хугацаа шаардлагатай ч, ямар нэг буруугүйгээ нотлоод эргэн ирнэ гэдгээ мэдэгдсэн юм.
Б.БАТЗАЯАГ ТАВАНТОЛГОЙН АСУУДЛААС БОЛЖ БАРЬСАН
Дээр дурдсан баривчилгаанууд бүгд авлига болон албан тушаалаа урвуулан ашигласантай холбоотой гэгдэж байгаа. Гэвч баривчлагдсан энэхүү хүмүүсийн ойр дотны хүмүүсийн тухайд тэд бол захиалгат баривчилгаанд өртсөн “хэлмэгдэгсэд”. Тэд ийнхүү үзэж байгаад үндэслэл байх шиг.
Монгол улсыг хэдэн зуун жил тэжээх нөөцтэй гэгдэх Тавантолгойн ордын төлөө сүүлийн 7-8 жил улстөр-бизнесийн хоёр том бүлэглэл яс үзэж байгаа. Нэг талд нь “Энержи Ресурс” буюу МСS, “Шунхлай” зэрэг компаниудын эзэд багтсан улстөрчдийн бүлэглэл, нөгөө талд нь “Женко” хэмээх Х.Баттулгын тэргүүлсэн “МоАХ” тэргүүтэн бий гэдэг. Тэгвэл Ч.Сайханбилэгийн “Шийдлийн” Засгийн газрын гарч ирснээсээ хойш хамгийн эхэнд тавьсан нэг гол зорилго нь Тавантолгойн нүүрсний ордыг “Энержи Ресурс” болон Хятадын “Шинхуа” группын түншлэлд өгөх төлөвлөгөө байсан. Тэгээд ч Ч.Сайханбилэгийн танхимаас уг ордод гэрээ хийх ажлын хэсгийг ахалж байсан сайд М.Энхсайхан болон ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нар болон “Энержи Ресурс” мөн тус компаний хамгийн том хувьцаа эзэмшигч МСS-тэй холбоотой гэгддэг хүмүүс.
Гэтэл тэдний санаархлыг АН дахь МоАХ фракц, намын дарга З.Энхболдынхоо “Шонхор”-той хүч хавсраад өнгөрсөн хавар унагаж орхисон. Гэвч Ч.Сайханбилэг болон түүний нөхөд одоо ч Тавантолгойг зүтгүүлсээр байгаа нь тодорхой байгаа. Ингээд өнгөрсөн зун УИХ-ын ажлын хэсгээс буюу Х.Баттулга, З.Энхболд нарын талынхны Тавантолгойн ордод хийх гэж байсан гэрээний эсрэг дүгнэлт гаргасан. Түүгээр ч үл барам тэд Тавантолгойн ордыг ашиглахтай холбоотой УИХ-ын шинэ тогтоолын төслийг өргөн барихаар УИХ-ын гишүүдээс санал авч эхэлсэн.
Тэрхүү тогтоолын төсөлд Тавантолгойн 51 хувийг үндэсний компанидаа буюу “Эрдэнэс-Тавантолгой”-д үлдээх, иргэдийн 1072 хувьцааг амь оруулах асуудлуудыг юуны түрүүнд тусгасан гэсэн. Энэ тухай эсрэг тал нь мэдэж байсан ба тогтоолын төслийг өргөн бариулахгүйн тулд Х.Баттулгын дотно нөхөр Б.Батзаяаг гэнэт дуулиантайгаар баривчилсан хэрэг хэмээх гаргалгааг тэд хийсэн нь илэрхий байгаа.
Тухайлбал Х.Баттулга өөрөө өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн Бага хурал хийх үедээ энэ тухай мэдэгдсэн билээ. Тэрбээр “…Миний хувьд энэ асуудалтай холбоотойгоор цаашдаа Тавантолгойтой холбоотой олон асуудал хөврөх байх гэж бодож байна…Ер нь бол 2010 оны зургаадугаар сарын 24-нд анх Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого батлагдсанаас хойш л урагш нь нарийн царигаар баялгийг зөөх гэсэн бүлэглэлтэй тэмцсээр өдийг хүрсэн. Одоо тэр бүх асуудлууд яригдах байх” гэсэн билээ. Тиймээс л Б.Батзаяаг Тавантолгойн тадаарх УИХ-ын тогтоолын төслийг өргөн бариулахгүйн тулд барьсан гэж үзэх хүн олон байгаа гэнэ. Тэгээд ч ЭЦГ бол Засгийн газар болоод ХЗДХ-ийн сайдын зөвшөөрөлгүйгээр ийм томоохон баривчилгааг хийхгүй гэлцэнэ. Хэдий ийн Х.Баттулгын талынханд сануулсан ч түүнтэй хамт хэвлэлийн хурал хийсэн Л.Эрдэнэчимэг гишүүн тогтоолын төслөө 40 гишүүнээр дэмжүүлж гарын үсгийг нь авсан удахгүй өргөн барина гэж мэдэгдсэн билээ.
ЭВСЛИЙГ ЗАСГААС ГАРГАЖ, МАН-ТАЙ МАХНЫГ НЭГТГЭХГҮЙН ТУЛД Г.ШИЙЛЭГДАМБЫГ “ДАЛД ХИЙВ” ҮҮ
Эрх баригч АН-ынхан МАН-ыг хөөж Засгийн газраас хөөж, “Шударга ёс” эвсэлтэй нэгмөсөн хамтрахдаа, тэдэнтэй дарга Н.Энхбаярыг нь Өршөөлийн хуульд багтаахаар тохиролцсон гэдэг. Энэ ажиллагааг Р.Гончигдорж гардан зохион байгуулж удирдсан ч эцсийн бүлэгт Өршөөлийн хуульд авлигачдыг өршөөхгүй гэснээр Н.Энхбаяр хамрагдахгүй нь тодорхой болсон. Мөн МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Засгийг бүү хэл УИХ-ыг тараах ёстой” гэсэн мэдэгдлийг хийсэн. Ингээд эвсэл Засгаас гарчих вий гэсэн айдас олон хүнд төрсөн гэх яриа гарсан.
Тиймээс “Шударга ёс” эвслийг Засагт үлдээхийн тулд томоохон “цочроо” өгөх шаардлага гарсан хэмээх хардлага ч байна. Тиймээс л МАХН-аас хэн нэгнийг золигт гаргаж, “сануулга” өгч дараагийн нүүдлээ эхлүүлж байгаа гэсэн яриа тархав. Энэ удаа АТГ-ынхан МАХН-ын генсекийг баривчилсан явдлыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрыг ийнхүү хамгаалж байгаа хэрэг гэсэн дүгнэх хүмүүс ч байна.
Яаж ч харсан энэ хоёр томоохон баривчилгаа улстөрийн өнгө аястай, захиалгатай байж болохыг үйл явдлууд харуулж байна.
ЗАСГИЙН ГАЗАР СӨРӨГ ДАЙРАЛТААР ХАМГААЛАЛТ ХИЙЖ БАЙНА
Тиймээс Ч.Сайханбилэгийн Засгийн газар өөрсдийг нь огцруулахын эсрэг сөрөг дайралтаар хамгаалалт хийж байгаа хэрэг гэх хүн олон банйа. Харин энэ нь байндаа туссан эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Өршөөлийн хуульд хамрагдаагүй учир Н.Энхбаярыг хүмүүсээ Засгаа гаргана гэж бодсон нь тийм ч үнэмшилтэй биш.
Учир нь Засгийн газарт багтаж байгаа учраас тус нам гишүүдээ ажилтай байлгаж, тэр чинээгээрээ олон нийтийн дунд дэмжлэгтэй байгаа. Түүнийгээ ч Н.Энхбаяр ойлгож байгаа. Тэр нам, эвслээ Засгаас татан гаргаж, хүү Э.Батшугараа ажил албагүй болгохыг хүсэхгүй гэдэг ойлгомжтой хэрэг. Харин түүнийг өөрийг нь наранд биш нарсанд суулгах бодол зорилготой хүмүүс байхыг бол үгүйсгэхгүй. Тиймээс ч түүний хамгийн ойрын хүмүүсийн нэг Г.Шийлэгдамбыг баривчилсан хэрэг биз. Энэ баривчилгаа цочроог бол өгсөн, түүнийг нь ч МАХН-ынхан ойлгосон учир дараагийнх нь Н.Энхбаяр дарга гэж байгаа хэрэг.
Нөгөө баривчилгааны тухайд Б.Батзаяаг баривчилснаараа Тавантолгойн асуудал дээр ахиц гаргах цаашлаад Засгийн газрын хувь заяанд АН дотроос нөлөөлж магадгүй байдлаас гарах гэсэн оролдлого болох нь харагдаж байгаа. Б.Батзаяагийн асуудалд АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболдын хуулийн бодлогын зөвлөх, өмнө нь ЗТ-ийн сайд асан А.Гансүхийг холбогдуулж байгаа нь ч асуудлыг хаашаа чиглэснийг харуулж буй хэрэг мэт.
Ийнхүү Ч.Сайханбилэгийн Засгийн газар нэгэн ухаантны хэлснээр “сөрөг дайралт бол хамгийн сайн хамгаалалт” гэгчээр ажиллаж эхлээд байх шиг.
Үнэндээ Х.Баттулга цаашлаад З.Энхболдын хувьд ч ирэх сонгууль тулж байгаа энэ цаг үед Засгийн газраа огцруулахад оролцсон муу нэр зүүхийг хүсэхгүй болов уу. Мөн Засгийн газартайгаа эв түнжин муу байгаагаа ч ил харуулах хүсэлгүй байгаа. Үүнийг нь ашиглаад Ч.Сайханбилэг түүний наана, цаана буй нөхдүүд дайралт хийсэн нь тодорхой болж байна.
О.Хуяг
Эх сурвалж: Gereg.mn
URL: