Хавтаст хэргүүдийг хаана нуух вэ
Авлига хэмээх айхтар нэр томьёог арилгах цаг нь болжээ. Арилгах гэдэг нь арга ядсан үг л дээ. Авлига авсан, өгсөн нь тогтоогдчихоод байхад “Аваагүй ээ би. Идээгүй” гээд суух эрх мэдэлтэнг яана. Энэ төрлийн гэмт хэрэгт ихэвчлэн төрийн албан хаагчид холбогддог. Энэ нь ч нууц биш.
Эрх мэддээ урвуулан ашиглаж, бусдын хөрөнгөд санаархагчид дэндүү олширч. Авлигатай тэмцэх газар энэ оны эхний найман сард 106 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, 29 эрүүгийн хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 13 эрүүгийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, таван эрүүгийн хэргийг өөр хэрэгт нэгтгэн шалгажээ.
Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн холбогдох заалтын дагуу 26 эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн аж. Харин үлдсэн эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байгаа гэнэ. Түүнчлэн гэмт хэргийн шинжтэй 334 гомдол, мэдээллийг иргэд, байгууллагаас хүлээн авч, шалган шийдвэрлэсэн байна.
Энэ мэт авлигын хэргүүд ар араасаа хөвөрч, хавтаст хэргүүд зузаарсаар. Авлигатай тэмцэх газар албан үүргийнхээ хүрээнд авлигачдыг шалгаж, бас нотолдог. Үүний дараа холбогдох газруудад шилжүүлдэг. Харин дараагийн шатны байгууллагууд авлигын хэргийг анзаарахгуйдээ тэр үү, аль эсвэл өөрсдеө авлигад идэгдсэн болоод тэр үү тэгс ингэсхийгээд л өнгөрөөнө.
Үүнд баярласан гэмтнүүд том толгой гарган дураараа дургисаар явна. Өнгөрсөн хугацаанд Авлигатай тэмцэх газар олон ч төрийн албан хаагчдыг авлига авсан гэдгийг нь тогтоосон. Гэтэл хийсэн хэргийнхээ төлөө ялаа эдлээд явж буй эрхмүүд тун цөөн байна.
Цаг хугацаа өнгөрөх тус хэн нэгний хийсэн хэрэг замхардаг. Бид энэ удаагийн дугаартаа хэрэг хуучирдаггүй гэдгийг сануулах үүднээс хэн гэдэг албан тушаалтан авлигын хэрэгт нэр холбогдсон болохыг товчхон дурьдая.
ХУГАЦАА ӨНГӨРӨХ ТУСАМ “ХУУЧИН ДАРГА НАРЫН ХЭРЭГ ЗАМХАРНА”
Онцгой байдлын ерөнхий газрын дарга асан П.Даш, Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга асан Л.Алтангэрэл нарт холбогдох эрүүгийн хэрэг шийдэгдэхгүй явсаар өдгөө гурван жилийг ардаа үдлээ. Эрх мэдлээ урвуулан ашигласан эдгээр төрийн албан тушаалтнууд улсад үлэмж их хэмжээний хохирол учруулсан гэгддэг.
Эх сурвалжийн мэдээллээр тэд улсад гурван тэрбум төгрөгийн хохирол учруулсан “гэмтнүүд”. Өдгөө тэдний хэргийг прокурор хянаж буй юм. Онцгой байдлын “ерөнхий газрын дарга асан П.Дашид анхан шатны шүүхээс 4.6 жилий ял оногдуулж байсан удаатай ч Улсын шүүх нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаар хэрэг сунжирсан байдаг.
Л.Алтангэрэлийн хувьд гэвэл мөн л П.Дашийн “хамсаатан” юм. Тэдэнд Эрүүгийн хуулийн 273 дугаар зүйлийн 273.2, 263 дугаар зүйлийн 263.2-т заасан үндэслэлээр тус тус яллах дүгнэлт үйлдэн прокурорт шилжүүлсэн байдаг.
Х.НАРАНХҮҮИЙН ЭД ХӨРӨНГИЙГ БИТҮҮМЖЛЭВҮҮ
Их хурлын гишүүд гэхээрээ ичгүүр сонжуургүй авирладаг хэрэг үү. Ард түмний итгэлээр л тэд улс төр хэмээх их айлын босгыг давсан байлтай. Гэтэл иргэдийнхээ итгэлийг алдаж, ээдрээтэй хэрэгт холбогдсон эрхмүүд ч байх юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Наранхүү, Монгол банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нарыг Авлигатай тэмцэх газар шалгаад багагүй хугацаа өнгөрч байна.
Тэдний хэргийг өдгөө шалгах шатандаа явна. Эх сурвалжийн хэлснээр тэднийг Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйл анги буюу Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн гэх үндэслэлээр шалгаж байгаа аж. Тэдний хэргийг хамтад нь шалгаж буй нь цаанаа учиртай гэнэ.
Учир нь тэд “Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгөөс хувьдаа завшсан гэж сэжиглэгдэж байгаа юм. УИХ-ын гишүүн Х.Наранхүү “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа одоогийн Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдоржтой үгсэн тохирч, тус үйлдвэрээс 10 гаруй тэрбум төгрөг хувьдаа завшсан байх магадлалтай гэсэн мэдээлэл Авлигатай тэмцэх газарт ирснээр эл хэрэг сөхөгдсөн түүхтэй.
Дашрамд дуулгахад, Х.Наранхүү нь 2000-2007 онд “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар ажиллаж байсан нэгэн. Түүнийг хүмүүс Х.Наранхүү гэдгээр нь бус “Эрдэнэтийн Наранхүү” гэхээр андахгүй биз. Тэрбээр 2008 оны УИХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн юм.
Зарим эх сурвалжийн мэдээллээр түүнд холбогдох хэргийн улмаас таслан сэргийлэх арга хэмжээ авч эхэлсэн гэнэ. Таслан сэргийлэх гэдэг нь түүнийг сэжигтнээр татаж мэдүүлэг авч, эд хөрөнгийг нь битүүмжилж, Монгол Улсын нутаг дэвсгэрээс гарахгүй байхыг анхааруулдаг байна.
Д.СУГАР АТГ-Т ШАЛГУУЛЖ БАЙГААДАА “БАЯРТАЙ” БАЙНА
Төрийн өмчийн хороог толгойлж яваа түшээ түмний өмнө шившиг болж мэдэх нь ээ. Учир нь тэрбээр төрийн өмчид эрх мэддээ урвуулан ашигласан хэрэгт нэр холбогдоод байгаа юм. Тэрбээр эл үйлдлээ батлав уу гэлтэй хэвлэлд ярилцлага өгөхдөө ‘Төрийн өмчийн хорооны удирдлагад 80 гаруй компани байдаг.
Тэдний үйл ажиллагаатай холбоотой асуудлаар намайг дандаа л шалгаж байдаг. Өмнө нь ч шалгаж л байсан. Гэвч ДСугар буруутай байна аа гэдэг нь тогтоогдож сүйд болж явсан удаагүй. Энэ удаа ч онцын санаа зовох юм алга. Харин ч эртхэн шалгуулаад үнэн, мөнөө олсон нь дээр.
Хуулийн байгууллагынхан шалгаж эхлэхээр айгаад, аргацаагаад байдаг хүмүүсийг ойлгодоггүй. Ямар нэгэн “но”-той хүмүүс л айж, тэвддэг байх. Би бол баяртайгаар шалгуулж байна” хэмээсэн байдаг. Түүний холбогдсон хэргийг тодруулбал, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрээс “Эрдэнэт” үйлдвэрт шууд нийлүүлэгдэх ган бөмбөлгийн бэлдэцийг гадаадын компаниар зуучлуулан нийлүүлж, тус компанид их хэмжээний мөнгө завших боломж олгосон хэргээр байцаагдаж байгаа юм.
Тэрбээр хариуцлагатай албан тушаалтан хэрнээ ашиг хонжоо хайж гадны компанийн гар хөл болсон гэлцдэг. Эх сурвалжийн мэдээллээр Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар дээрх үйлдвэрүүдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн хэрнээ гадаадын компанийн зуучлагч болсон нь ёс зүйгүй үйлдэл юм.
ХЭРГИЙГ НЬ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОСОН Ч “ХЭРЭГТ ХОЛБОГДСОН АВХАЙ”
Авлигын хэргийг хэрэгсэхгүй болгох нь аль ч улсын хуулинд байхгүй биз. Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баярсайхан авлигын хэрэгт, холбогдож байсан үе саяхан. Тодруулбал, өнгөрөгч гуравдугаар сард. Тэрбээр “Сити” такси компанийн захиралд “Сонгинохайран дүүргийн нутаг дэвсгэр дэх “Найрамдал” зуслангийн аманд байрлах дөрвөн га газрын гэрчилгээг гаргаж өгнө” хэмээн ам гарч 20 мянган доллар авсан байдаг.
Үүнийг нь мөрдөн байцаалтын явцад тогтоосон болохыг албаны эх сурвалж өгүүлсэн. Нийслэлийн Прокурорын газраас Д.Баярсайханд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байгаа. Гэтэл шүүх бүрэлдэхүүн хянаж үзээд цагаатгах тогтоол гаргасныг буруутгах хүн олон.
Түүнд холбогдох хэргийг сөхвөл, Сонгинохайрхан Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан Д.Баярсайхан нь тус дүүргийн I хорооны нутаг дэвсгэр Баянголын ам гэдэг газраас дөрвөн га-г “Сити такси” компанийн эзэмшилд олгуулахаар болсон байдаг.
Энэ үедээ их хэмжээний хахууль авсан нь тогтоогдсон юм.
Баримтаас үзвэл, 2008 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр 20 мянган доллар, 2008 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр 60 мянган доллар хахууль хэлбэрээр авчээ. Эл хэрэгт “Сити такси” компанийн захирал Д.Доржготов, тус компанийн ерөнхий нягтлан бодогч Н.Уянга нар газар авах зорилгоор хахууль өгсөн гэмт хэрэгт холбогдож байсан юм.
Арга заль ихтэй “Авхай”-н цаана шаггүй том гар хөл бий хэмээн эх сурвалжууд ярьдаг. Энэ нь ч үнэний ортой байх. Түүнийг “Авлига аваагүй” гэж хэлэх хүн тун ховор. Магадгүй энэ хэвээр байвал авлигын түүхэнд айхтар нэр хүндтэй нэгэн болох биз. Тэрбээр дүүргийнхээ нутаг дэвсгэрийг хэн дуртай нэгэнд зарсан хэмээгдэж буй ч албан тушаалаа урвуулан ашиглаж зарим хороодын дарга нарыг дур мэдэн томилсон гэх асуудалд орооцолдож байсан удаатай.
Түүнийг нь ч эх сурвалжууд баталдаг юм билээ. Ээдрээтэй энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон ч иргэд түүнийг буруутгасан хэвээр байна. Жирийн нэг нормчин эмэгтэй жижиг биш, бүүр авлигын “акул”-уудын хэрэгт холбогдсон нь хачирхалтай юм. Баярсайханы ард нэр бүхий улстчид байдаг талаap эх сурвалж өгүүлж байлаа.
Авлигатай тэмцэх газарт шалгагдсан, шалгагдаж буй хэргүүдийг цухас дурьдахад ийм байна. Бид дараа, дараагийнхаа дугаарт эдгээр эрхмүүдийн эрээ, цээргүй хэргүүдийг илчлэх болно.
А.Лхагважав
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: