“Дэлхийн банкны зээлдэгчид хүүхдийн нулимсан дээр хөлжиж байна”
ЕСӨН НАСТАЙ ХҮҮГИЙН СҮЙРСЭН АМЬДРАЛРеван Прагустиаван хэмээх энэ хүү есөн настай. Тэр голын дэргэдэх гэртээ их хайртай. Түүний өвөг дээдэс нь Индонезийн Суматра арал дахь ойд байгалийн холтос, навч ашиглаж уламжлалт сууцаа барьсаар ирсэн түүхтэй. Сүүлийн хэдэн жил түүний аав мод болон металлаар сууцаа илүү сайжруулж чаджээ.
Реван тэнд тав тух, аз жаргалыг мэдэрдэг. Гэр бүлээрээ бөөнөөрөө газар гудас дэвсээд тухтай нь аргагүй унтдаг. 2011 онд тэрээр таван нас хүрч ээждээ голоос ундны ус зөөж авчрахад туслах хангалттай том болсон байв. Бас аавыгаа хэрхэн шинэ цэцэрлэгээ тохижуулж байгааг харж, хөршүүд нь голын эрэг дагуулан үр цацахаар төлөвлөж байгааг ч анзаарч байв. Гэвч 2011 оны наймдугаар сарын 10-ны өглөө Реваны хувьд бүх зүйл өөрчлөгдсөн байлаа.
Буун дуу тас хийх үед хүү гэртээ байв. Ингээд удалгүй 20 гаруй цагдаа, 20 гаруй ажилтан нийлсэн хүмүүс дал модны тосны “PT Asiatic Persada” компанийн аварга том тээврийн хэрэгслүүдтэй хамт гарч ирлээ.
Ингээд компани болоод оршин суугчдын дунд хүчтэй сөргөлдөөн өрнөв. Харин компани Засгийн газраас дал модны тос гаргаж авах тариалан эрхлэхээр түрээсийн зөвшөөрөл авсан байлаа. Үл таних хүн агаарт хий буудаж Реваны жижиг суурингийн хүмүүсийг тарахыг шаардсан нь тэр байв.
Ингээд хүү гэрийнхнийхээ хамт орон гэрээ орхин зугатаж, аварга том бульдозеруудаас нуугдсан юм. Аварга том машинууд гэрийг нь “дэвсэлж” орхиход хүү яахаа мэдэхгүй эг мадаггүй уйлж, нүүр нь тэр чигтээ нулимсаар будагдсан билээ.
Өдрийн төгсгөлд үл таних хүмүүс жижигхэн суурингийн 35 сууцыг тэр чигт нь сүйтгэжээ. Дал модны тосонд шунасан “Asiatic Persada” компанид зорилгоо биелүүлэх нь л чухал болохоос хэчнээн хүний амьдралыг сүйтгэж буй нь сонин биш байв. Учир нь тэд Дэлхийн банкнаас 145 сая гаруй ам.долларын зээлийн баталгаа авсан байлаа.
Ядуурлын эсрэг үйл хэрэг явуулж буй нэртэй олон улсын санхүүгийн аварга байгууллага болох Дэлхийн банкнаас санхүүжүүлсэн дэмжлэгтэй санаачлагуудын замд хүүхдүүд хэрхэн зовж шаналж буйн хамгийн эмзэг жишээ бол Реван хүүгийн түүх юм.
ХАМГИЙН ИХЭЭР ХОХИРСОН НЬ ХҮҮХДҮҮД
Судалгаанаас харахад орон гэрээсээ хөөгдөж, шинэ газар нутагшихаар явахад хамгийн ихээр хохирч, өвчин зовлон, өлсгөлөнд нэрвэгдсэн нь хүүхдүүд.
Тэгвэл Дэлхийн банкнаас нийгэм болоод байгаль орчны эсрэг үйл хэргийг хориглодог. Гэнэтийн байдлаар хүмүүсийг дахин орон гэртэй болгож нүүлгэж суурьшуулахад тэдний амьдралыг өмнөхөөс нь илүү дээр эсвэл бүр маш сайн байлгах учиртай.
Гэвч Дэлхийн банк энэхүү үүргээ амьдрал дээр биелүүлэхгүй байгааг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум, “Huffington Post” болон бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран өнгөрсөн дөрөвдүгээр сард олон нийтэд дэлгэсэн юм.
Энэтхэгийн Катчийн буланд Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр байгуулагдсан нүүрс шатаадаг цахилгаан станц оршин суугчдынх нь амьдралд онцгой хохирол учруулж буйг хүний эрхийн идэвхтнүүдийн хийсэн судалгаагаар тогтоожээ. Их хэмжээний бохирдлын улмаас хүүхдүүдээ ч эцэг эхчүүд нь сургуульд явуулахаас татгалзаж, фермүүд болон загасчид орлогоо алдаж байна. Судалгаагаар өсвөр насны охид ажил эрхлэх боломжгүй, эцэстээ бэлгийн мөлжлөгт өртөж буйг харж болно.
Камбоджид Phnom Penh-ийн нутаг дэвсгэрийг Дэлхийн банкны ивээл дор газрын менежментийн хөтөлбөрийн хүрээнд хүмүүсийг гэрээс нь хөөн гаргах давалгаанд гэртээ үлдсэн хүүхдүүд хохирч, гэмтэж байна.
Хүүхдийн эрхийг хамгаалагч нэгэн байгууллагын гаргасан танилцуулгад “Барилгуудыг буулгах үеэр нэг хүүхэд байшинтайгаа хамт нурсан” хэмээн тэмдэглэжээ. Үүнийгээ тэд Дэлхийн банкны группийн ерөнхийлөгч Жим Ёнг Ким-д илгээж Дэлхийн банкны санхүүжилт хүний эрхийн эсрэг хүчирхийллийн өмнө дуугүй суусаар байх уу хэмээн асуулга илгээсэн түүхтэй.
Орон гэрээ алдсан бас нэгэн охин “Тэд намайг хүүхэд гэдгийг ч үл тоон зодсон. Би сургуульд сурч боловсрол эзэмших бүх боломжоо алдсан” хэмээн бичсэн байв.
Гэвч энэхүү өгүүлэлд Дэлхийн банкны группээс ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзсан билээ.
Олон нийтэд хийсэн мэдэгдэлдээ тус банк Камбодж, Энэтхэг, Индонези болон бусад улсад хүүхдийн боловсрол болоод эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулж, нярайн эндэгдлийг буулуурахын төлөө тэмцэж байна хэмээдэг. 2003-2013 онд тус банк ядуу буурай улс орнуудад 600 орчим сая хүүхдийг дархлаажуулалтад хамруулжээ.
Дэлхийн банкнаас эрхлэн гаргасан 468 хуудас бүхий хөтөлбөр номд “Сайн туршлага” хэмээх хэсэгт сургуульд хамрагдалт, болон хүүхдэд учрах аюулыг багасгаж буй тухай тусгажээ.
АЙСАН ХЭВЭЭР
Гэвч хүний эрхийн группүүд энэхүү хөтөлбөрийг хангалтгүй гэж үзэж байгаа юм. Тэд үүнийхээ оронд хүүхдийг хамгаалах үүргээ бодитоор биелүүлэхийг шаардаж байгаа юм. 2012 онд дэлхий дахины 75 гаруй өмгөөллийн байгууллагуудаас Дэлхийн банкинд хандан “Урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлэхийг төсөл боловсруулагчдаасаа нэхэж, сайжруулж, ялангуяа, хүүхдийг хүчирхийлэл болоод мөлжлөгөөс хамгаалах үүргээ биелүүл” хэмээн шаардсан юм.
Өнгөрсөн долдугаар сард тус банкнаас нэгэн шинэ бичиг баримт боловсруулсан юм. Энэ нь Засгийн газрын төслүүдэд өгөх зээл тусламжид урьдчилан сэргийлэх бодлогыг тусгаж өгөхөөр болсон ч энэ нь өмгөөллийн байгууллагуудын урмыг хугалж орхив. “Хөгжлийн үйл явцын хүрээнд хүүхэд, эмэгтэйчүүд, залуучууд, угсаатны цөөнхийн эсрэг чиглэсэн аливаа саад бэрхшээлийг үгүй болгоно” хэмээн эл баримт бичигт тусгасан байлаа. Гэвч үүнд орон гэрээ солих, нүүлгэн суурьшуулах үед хүүхдүүдийг хэрхэн хамгаалах талаар нэг ч үг, өгүүлбэр багтаагүй байлаа.
Одоо Реван хүүгийн талаарх яриандаа эргээд оръё. Тэрээр аав Ирсан Сайфулынхаа хамт шинэ гэртээ амьдарч байна. Гэрээс нь хөөн гаргасны дараа тэднийг хуучин суурингаас нь холгүйхэн газарт суурьшуулжээ. Реван одоо есөн настай ч үеийнхнээсээ хамаагүй жаахан харагддаг. Гэрээсээ зугатаж байхдаа тэд хамаг юмаа орхижээ. Сандарч явахдаа гэрлэлтийн бичлэг, хоолны хэрэгсэл, хоол, хувцас, бүр хүүгийнхээ төрсний гэрчилгээг хүртэл орхисон байна. Ингээд шинэ газарт ирээд тэд гурав хоног хоосон хоножээ. Хэдэн долоо хоногийн дараа Засгийн газрын тусламжаар хоол, хувцастай болжээ. Түүний гэр бүлд хохирлын тэтгэлэг гэж ердөө л 1000 ам.доллар олгосон байна. Цагдаа нар үргэлж тэр хавиар эргэлдэж, агаар тэнгэрт буун дуу өдөр бүр гардаг талаар тосгоныхон бас ярьж байна.
Аавынх нь яриагаар Реван үргэлж түүнтэй ойр байхыг хичээдэг аж. Бүр аавыгаа чангаар тэврээд, дандаа айдастай байдаг болжээ. Тэрээр одоо хүртэл гэрийг нь хэрхэн нурааж байгааг харсан шокоосоо гарч чадахгүй байгаа юм. “Миний хүү хэвийн биш болчихсон. Тэр жаахан л галын дөл харвал айдаг” гэж аав нь хэллээ.
Ж.Цогзолмаа
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: