76 биш 99 гишүүн, дөрөв биш таван жилийн хугацаатайгаар сонгогдох гэнэ

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа. Уг хуулийн төслийг маргааш байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцэх эсэхийг шийднэ. Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр нарын долоон гишүүн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэхийн өмнө ард нийтийн санал асуулга явуулахаар заасан. Тодруулбал, Ард нийтийн санал асуулгыг энэ сарын 26-ны өдөр явуулахаар төсөлд тусгасан байгаа.

Үндсэн хуулийн дараах өөрчлөлтүүдийг оруулахаар уг хуулийн төсөлд тусгажээ.

-Үндсэн хуулийг Эх хууль хэмээн нэршлийг өөрчлөх,

-Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй нь УИХ-ын гишүүн байж болно,

-Ерөнхийлөгчийг ард нийтийн сонгуулиар биш УИХ-ын гишүүд, аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын ИТХТХ-ын дарга нарыг оролцуулсан бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэж, нууц санал хураалтаар олонхийн санал авсан хүнийг Ерөнхийлөгчид сонгогдсон гэж үзэн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана,

-Засгийн газар есөн яамтай байна,

-Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томилсон, чөлөөлсөн, огцруулсан шийдвэрийг Ерөнхийлөгчид толилуулж, УИХ-д танилцуулснаар уг шийдвэрийг батламжилсан УИХ-ын тогтоол батлагдсанд тооцно,

-УИХ-ын нийт гишүүдийн олонх нь Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь албан ёсоор тавибал УИХ уг асуудлыг гурав хоногийн дотор хэлэлцэх бөгөөд олонхийн саналаар дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилсон, өмнөх Ерөнхий сайдыг огцруулсан тухай УИХ-ын тухай тогтоол батлагдсан тооцно,

-Улсын Дээд шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор УИХ, бусад шүүхийн шүүгчдийн томилгоог Ерөнхийлөгчийн зарлигаар хийнэ, Ерөнхий шүүгчийг Дээд шүүхийн шүүгчид дотроосоо гурван жилийн хугацаатай олонхийн саналаар батална,

-Улсын Ерөнхий прокурорыг Ерөнхий сайд нэр дэвшүүлж, УИХ-ын зөвшөөрснөөр, Ерөнхийлөгч зарлиг гарган зургаан жилийн хугацаатай томилно,

-УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлж 99 болгох,

-УИХ-ын бүрэн эрх таван жил байх,

-УИХ-ын дэд даргыг гишүүдийн дотроос саналаа нууцаар гарган сонгодог байх,

-ИТХ-ын сонгуульд улс төрийн нам нэр дэвшүүлж оролцохгүй, харин баг, хорооны иргэдийн хурлаас сум, хотын ИТХ-ын төлөөлөгчдийг, сум, хотын ИТХ-аас аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгож, ИТХ-ыг байгуулах,

-Аймаг, Улаанбаатар, дархан, Эрдэнэт хотын Засаг даргыг Ерөнхий сайд, баг, хорооны Засаг даргыг сум, хотын Засаг дарга томилж, чөлөөлөх,

-Ерөнхийлөгчийн эрхэд одоо хадгалагдаж байгаа Засгийн газарт чиглэл өгөх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх заалтыг хасах,

-Үндсэн хуулийн цэцийн гурван гишүүнийг Ерөнхийлөгчөөс санал болгож байгааг хасч, Ерөнхий сайдаас санал болгох.

Г.Ган


URL:

Нэр: irgen Огноо: 9 November 2015

za bur duusahiin bn l da

Нэр: Бадарч Огноо: 10 November 2015

76 луйварчингаасаа эхлээд учрыг олж тэднээсээ үүрд салъяа

Сэтгэгдэл бичих