Гүйцэтгэл тааруу ч туслах дүрийн атаман


Улстөрчийн хувьд намтар нимгэн. Наяад оны багачууд бидний хичээлээ бичдэг байсан 12 мөнгөний дэвтэрт хангалттай багтчих намтартай энэ нөхөрт нэгэн дэвтэр роман ч багдахаар намтар цуглуулж өгсөн хүн нь хаашаа ч зайлахгүй Н.Энхбаяр. Одоо түүнд Н.Энхбаярын эхлүүлж, ариутган шүүсэн эмгэнэлдүү гэмээр романы хоёрдугаар дэвтэрийг бичих үү, эсвэл төгсгөж орхиод ахиад шинээр эхлэх үү гэдэг хоёр л зам үлдсэн.

Тэр намтар цуглуулан эхлүүлж өгсөн нөхөртөө таалагдахаа больсон хийгээд “Тэжээсэн бяруу тэрэг эвдэх”-ийн үлгэр боллоо хэмээн хэвлэлээр нэг жиг жуг гэх. Яадгийм, заавал яагаад олигархи бүлэглэлд багтах, эсвэл “Авлигын загалмайлсан эцэг”-ийн цүнхийг зөөж байх ёстой гэж. Тухайн үеийн эрх баригчдын өөрсдийнх нь батласан хуулийн дагуу л хууль тогтоох дээд байгууллагын танхимд ороод ирээ биз дээ. Тухайн цагт захын нэг нөхөр итгэхгүй байсан намын жагсаалтад эрэмбэ эдэлсэн хүн. Ардын хүүхэд сууж болдоггүй газар юм уу. Заавал оффшор бүсэд сая ам.доллар мартдаг нөхөр, архины үйлдвэр эрхэлдэг нөхөд суух ёстой газар юм уу. Яагаад үндэснийхээ их сургуулийг хууль зүйн чиглэлээр сурч, өөрийнхөө хэмжээнд салбартаа зүтгэж ирсэн залуу орж ирж болдоггүй газар вэ.

Түүнийг Н.Энхбаярыг дагаж улстөрд орж ирсэн, хэн ч биш нэгний дүрээр мөнхрүүлэхийг хүсэгчид улстөрд цөөн бус бий. Яагаад гэхээр тэр дүр нэгт анд З.Баянсэлэнгээс тэс өөр хүн бололтой. Гэсэн хэдий ч тэр парламент хэмээх тайзан дээр үзэгдэл бүхэнд ил гарахыг хүсэмжилдэг туслах дүр. Тэр туслах дүрээ маш сайн бэлтгэж, тайзан дээр гардаг ч гүйцэтгэл хангалтгүй байдгийг бид мэднэ. Тухайлбал тэр Х.Тэмүүжин, С.Баярцогт гээд олон дүр дээр ажиллаж төлөвлөгөө боловсруулсан ч гүйцэтгэл байгаагүй. Энэ тухайд хойш дурдах болно.

МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл АН-ын засагт уригдсан цагаас хойш дөрөв дэх жилийнхээ цулбуурыг эвхэх гэж байна. Энэ хугацаанд эвслээс сайд дарга болоогүй хүн үгүй. Ганцхан О.Баасанхүү л Өргөдлийн байнгын хорооны даргын албатай энэ дөрвөн жилийг үдэхээс өөр гарц түүний хувьд харагдахгүй байна. Тэр чадахгүйдээ биш байх. Уг нь нэг тэрэгний дугуйнууд нэг л тийшээ өнхөрнө, эс чадвал хохь дугуй болж үлддэг жамтай шүү дээ. Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй нэг савнаас хооллож, хууль зүйн боловсрол олсон болоод ч тэр үү, эсвэл оюутан ахуй цагийн хонзогнол гэмээр зүйл түүнээс үе үе цухалзаад байна уу гэх хардлага төрдгийг нуух юун.

О.Баасанхүүгийн УИХ-д орж ирээд бүтээсэн туслах дүрийн нэг бол Х.Тэмүүжин. Тэр түүнийг Хууль зүйн сайд байхад нь огцруулах тухай мөн ч их үзсэн. Ямартай ч хуулийн сайд маань О.Баасанхүүгийн оролцоогүй, их л дээрээс боловсруулсан угсраа мэхэнд уначихсан. О.Баасанхүүгийн барьцтай барьцгүй бужигнуулаад байсан мэх огт тус болоогүй гэхэд болно. Ах нарынхаа тусгай төлөвлөгөөгөөр боловсруулсан сүлжээ мэхэнд орчихсон нь тэр. Тэгэхээр түүний УИХ-д орж ирээд хийсэн нэг ажил нь ямар ч үр дүн үзүүлээгүй гэдгийг эндээс харж болно. Гэсэн ч Х.Тэмүүжин огцорсноор түүний санаа бага боловч амарсан байх.

Нэг сургуулийн нөхөртөө ийн хорсож удаа дараа огцруулахаар хөөцөлдөж байсны цаана чухам юу байв гэдгийг улстөрийнх нь талаас тайлбарлах гээд ноцтой шалтаг олсон нь үгүй. Нам бүлэглэл өөр ч тэдэнд ийн муудах шалтаг улстөрийн зүгээс харагдахгүй нь гайхалтай. Н.Энхбаярыг хорьж цагдсан, бусдыг нь шалгасан энэ тэр бол Х.Тэмүүжин шиг жижиг гарт огт хамаагүй. Том талбайд болж өрнөсөн улстөрийн акц. Тэгэхээр оюутан ахуй цагийн нэг гомдол явдаг гэж таамаглаж болохоор.

Ямартай ч тэрээр нэгэн ярилцлагдаа “…их сургууль төгсчихлөө. МУИС маань багшаар үлд  гэсэн. Сурлага гайгүй байсан болохоор  бүх тэнхимүүд чи манайд ор гээд л би чинь бардам байлаа. Онц төгссөн  болохоор нэр хүндтэй байсан байх. Намар 9 сард хүрээд ир л гэцгээж байна. Тэгээд намар нь яваад очсон чинь манай багш нарын хүүхэд л гэнэ, найзуудынх нь л хүүхэд гэнэ. Бүгдийг нь багшаар авчихсан, надад ажил байхгүй. Нөгөө онц төгссөн энэ тэр ч будаа. Тэгээд  одоо яахав дээ, би гэдэг хүн ажиллаж амьдрах ёстой юм чинь  “Витавит” ундааны үйлдвэрт орлоо” гэсэн нь бий. Монгол Улсын их сургууль, суралцаж төгссөн сургуульдаа багшаар үлдэнэ гэдэг хэн бүхэнд олдохгүй тавилан. Тиймдээ ч хувь тавиланг нь өөр байлгаж болох замаас гаргасан хэн бүхэнд гомдож явдаг цэл залуугийн араншин Х.Тэмүүжин рүү асаадаг ч юм билүү хэн мэдлээ. Хүн гэдэг амьтан чинь ааш арга нь олддоггүй өчүүхэн амьтан шүү дээ. Х.Тэмүүжин түүнээс насаар ах ч яах аргагүй доод ангид нь суралцаж сургуулиа дүүргээд багшаар үлдсэн хүмүүсийн нэг.

Арай тэдний дунд охид бүсгүйчүүдийн төлөөх гомдол явсаар Төрийн ордон, Хууль тогтоох дээд байгууллагын танхимд үргэлжлээгүй гэж найдая. Гэхдээ их хаадын эзлэн түрэгмийлэл, дайн байлдаан ихэнх нь охид бүсгүйчүүдээс болсон гэдгийг бас мартаж болохгүй.

Мөн мань эр МАХН, МАН нэрийн тухайд ярьж суугаад “Раднаасэд  гээд  манай доод  ангийн залуу байдаг юм. Одоо энэ Х.Тэмүүжингийн анги билүү дээ” хэмээсэн нь аанай л цаад хоёрыгоо үл тоомсорлож байгааг төвөггүй харуулж байна. Их сургуулийн хууль зүйн анги төгсөж, өчнөөн зуун мянган хуулийн зүйл заалт цээжлэхээс гадна хүний сэтгэл зүйг гадарлахаар боловсорсон энэ залуу доод ангийнхаа нөхдийг мартана гэж хэзээ ч байхгүй биз дээ.
Тэр өөрийгөө сохор аз түшээд УИХ-д ороод ирлээ гэж огт боддоггүй нь илт. Тиймдээ ч намынхаа дарга Н.Энхбаярын уур цухлыг барах нь олонтаа. “Би Энхбаярыг хаан байхад нь танилцаж ойртоогүй” гээд л дайраад байна шүү. Аз нь түшсэн, эз нь түшсэн эсэхийг тун удахгүй болох 2016 оны сонгууль хэлээд өгөмз. Наана нь яарч дүгнэх гээд яахав. Түүнд айсуй сонгуулиар ахиад ийн аз дайрахгүй учраас ёстой бор зүрхээрээ үзэж таарна. Үзэхэд учир бий, бор зүрхнээс гадна боодолтой мөнгө бүхнийг шийддэг ажил бол сонгууль. Мөнгө тараадаггүй юм гэхэд мөнгө дутах үе бол энэ л цаг хугацаа. Намынх нь олигархиуд түүнд мөнгө өгөхгүй. Ядахад МАН-тайгаа ч нэгдэж магадгүй зүйл яриад эхэлчихлээ. Тэгэхээр түүний хувьд сонгууль бол хурдан буугаар зэвсэглэсэн дайснуудын өөдөөс ташуур бариад орж байгаатай ижил зүйл болно. Аз таарвал шархдаад амь гарна. Үгүй бол үхнэ. Ийм л хоёр зам түүнийг тосч уулзана. Яахав өнгөрөгч хугацаанд тэр олны нүдэнд орж, чихэнд үлдэхтэйгээ ярьж харагдсан байх. Х.Тэмүүжинтэй үзэхээс эхэлсэн энэ ажиллагаа С.Баярцогтоор дамжаад авсан. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргыг огцруулах тухай тэрээр нэлээд шаргуу үзээд бас л хад мөргөсөн.

О.Баасанхүү Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Дээд шүүх, Үндсэн хуулийн цэц гээд маргаан шийдвэрлэх, цэгцлэх эрхтэй бүхий л шатны байгууллагад хэн нэгэнтэй холбогдсон гомдол санал гаргаж бужигнуулах оролдлого хийж явдаг. Энэ бүгд нь түүнийг улстөрийн талбарт нэгэн туслах дүрийн эзнээр өөрийн эрхгүй тодруулсан юм. Даанч гүйцэтгэл огт байхгүй. Чингэсний учир нь түүний санаж сэдэж хөөцөлдсөн хууль бус үйлдлийг түүний талд хэзээ ч шийдвэрлэж байсангүй. Бүгд л авлигачид, олигархиуд учраас тэр ганцаараа бүү хэл хамтаараа зүтгээд ч дийлэхгүй. Энэ нь эргээд О.Баасанхүүг зүгээр нэг бужигнуулагч мэтээр харагдуулсаар мартагдаж байна. Учир нь тэр хуульч хүн учраас хууль зөрчсөн элдэв үйлдэлтэй эвлэрэхээс зайлсхийдэг. Энэ чанар нь шат шатны хуулийн байгууллагад хандахад хүргэдэг ч цаадуул нь хуулийн дээгүүр гишгилээд өнгөрдөг учраас огт тоохгүй.

Одоо тэр эртхэн нэг тойрог сонгоод сонгогч олонд үнэнээ хэлээд явах хэрэгтэй. Надад ямар ч мөнгө байхгүй, би улс орноо хуурч, татвар төлөгчдийн мөнгөнөөс халааслаагүй. Харин сайн хууль дүрэм гаргахад туслана гэх зэргээр яриад, ангийнхаа нөхдийг баахан муулах хэрэгтэй. Угаасаа луйварчидтай мөр зэрэгцээд дөрвөн жил болчихсон хүнд тэднийг муучлах шиг амар зүйл байхгүй. Сонгогчдын боловсрол тийм сайн биш ч хэдэн жилийн өмнөхийг бодоход хамаагүй дээрдсэн. Тэгэхээр үүнд л найд. Хэрвээ өнгөрөгч сонгуулиар жагсаалтын дээгүүр эрэмбээс Н.Энхбаяр, С.Нарангэрэл, Э.Батшугар нар буугаагүй бол О.Баасанхүү МАХН-ын хууль зүй хариуцсан нэг нөхөр л явах байсан болов уу. Одоо ахиад аз дайрах биш, өөрийнхөөрөө дайраад үзэхэд нэр цэвэр эр хүнд бас арга олдож таарна.

С.Ууганбаяр


URL:

Сэтгэгдэл бичих