Цэргүүдээр шороо ухуулахдаа тулсан ЗГ

-УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: “Буу шийдэм бариулж, шаардлагатай цагт эх орноо хамгаалахад нь бэлтгэх учиртай цэргүүдэд хүрз, жоотуу бариулж шороо ухуулна гээд байгааг огтхон ч ойлгохгүй байна. Тэр барих гээд байгаа төмөр замынх нь техник эдийн засгийн үнэлгээ нь ч гараагүй байгаа. Гэтэл хаанаа, юугаа бариулах нь мэдэгдэхгүй 24 тэрбум төгрөг төсөвлөөд гишүүд нь дэмжчихлээ-

Засгийн газраас бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхэд ажиллах хүчин дутмаг байгаагаас  гадаадын иргэдийг цөөнгүй тоогоор оруулж ирж байгаа нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байна гэх шалтгаанаар “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийг баталсан. Энэхүү хөтөлбөрт цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу цэргийн алба хааж буй иргэд бүтээн байгуулалтын ажилд оролцож болно гэж заасан байгаа юм.

Үүнд,

-Хугацаат болон гэрээт цэргийн алба хаагчдын тодорхой хувь алба хаах хугацаандаа;

-Байнгын бүрэлдэхүүн (офицер, ахлагч нар) төрөл мэргэжлийн чиглэлээр болон удирдлага, командын чиг үүрэгтэйгээр;

-Цэргийн жинхэнэ алба хааж дуусгасан, тэтгэвэр, чөлөөнд гарсан алба хаагчид давхар мэргэжил эзэмшин гэрээгээр хааж байгаа иргэдийг уул уурхай, барилга, хот байгуулалт, дэд бүтцийн салбарт бүтээн байгуулалтад гар бие оролцуулна гэсэн.

Энэхүү хөтөлбөр хэдий батлагдаад хоёр жил өнгөрч байгаа ч төсөв хөрөнгийг шийдвэрлээгүй гэх шалтгаанаар өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байсан. Тэгвэл энэхүү хөтөлбөрт шаардлагатай 24 тэрбум төгрөгийг ирэх 2016 оны төсөвт нэмж тусгахаар  болжээ. Төсвийн байнгын хорооны гишүүд ч үүнийг дуу нэгтэй дэмжлээ. Харин зарим гишүүд хэзээ баригдаж эхлэх нь ч тодорхойгүй төмөр зам бариулахаар их хэмжээний мөнгө батлуулж байгаа нь сонгуулиас өмнө АН-ынхан нэг  ч гэсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлсэн нэр зүүх гэсэн оролдого гэцгээж байна.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Буу шийдэм бариулж, шаардлагатай цагт эх орноо хамгаалахад нь бэлтгэх учиртай цэргүүдэд хүрз, жоотуу бариулж шороо ухуулна гээд байгааг огтхон ч ойлгохгүй байна. Тэр барих гээд байгаа төмөр замынх нь техник эдийн засгийн үнэлгээ нь ч гараагүй байгаа. Гэтэл хаанаа юугаа бариулах нь мэдэгдэхгүй 24 тэрбум төгрөг төсөвлөөд гишүүд нь дэмжчихлээ. Төмөр замыг мэргэжлийн 15 мянган төмөр замчин нь барих ёстой” гэсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Төсвийн мөнгийг үрэн тарах хийх гэсэн бас нэг оролдлого. Ирэх 2016 онд эдийн засгийн өсөлт нь 0 хувьтай гарч, дахин их наяд төгрөгөөр төсвийн орлого нь тасрах нь нэгэнт тодорхой болчихоод байхад цэргүүдээр төмөр зам бариулна гээд 24 тэрбум төсөвлөөд оруулаад ирж байна шүү дээ” гэсэн юм. Дээрх хоёр гишүүний саналыг мөн МАН-ынхан дэмжиж байгаа гэх. Харин энэхүү асуудалд ирэх оны төсвийг байнгын хороо болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Цэргүүд бүтээн байгуулалтад оролцож байна гэдэг нь эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж байгаа хэрэг. Нэгэнт батлагдчихсан хөтөлбөр. Өөр зүйлгүй” гэлээ.

Өнгөрсөн долоо хоногт эх орноо хамгаалахаар цэргийн алба хааж байсан таван алба хаагч золгүйгээр амь насаа алдсан талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн мэдээлсэн. Харин одоо цэргүүд цэргийн алба хаах хугацаандаа барилга, төмөр зам барих нь.  Дээрх бүхнээс харахад ганцхан жилийн хугацаатай алба хаах цэрэг эрс чухам юунд итгэж, бэлтгэгдэх вэ?

М.Болор

Эх сурвалж: Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих