“Явдаг нүүрс”

Говийн тэнгэрээс мөн газраас нар зэрэг төөнөж байна уу гэлтэй дөрвөн зүг найман зовхисоос халуу шатна.

Хараа бүдрэх чулуугүй нүцгэн талд утаа, шороо хоёр агаар тэнгэрийг бүрхэн хуулирах бөгөөд тоосон дунд хүнд машин механизм дуу хадаан бүртэлзэх нь дайн болсон мэт сэтгэгдэл төрүүлэх ажээ. Хүнд даацын машин хөрс онгилон, тоос, шороо манарган уухилна. Нүүрээ угаагаагүй жаал шиг халтар гэрүүд хаа сайгүй бүртийнэ. Тоосон дунд цээж нүцгэн эрс тос, тоос хоёрт дарагдаад хав хар болцгоожээ.

Эдгээр хүн өөрсдийгөө “явдаг нүүрс” хэмээн хочлох нь тун оносон мэт. Энэ бол “Тавантолгой”, “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсийг урд хөрш рүү гаргах нүүрсний зам дагуу орших Цагаан-Овоо бригадын өдөр бүрийн өнгө ажгуу. Энд хүн төрж, хүүхэд тоглож, хөгшид амьдарна. Эрүүл мэндийн хувьд хэтэрхий аюултай уг газар өөр өөрийн гэсэн хуурамч бодлоор сэтгэлээ тордон амьдрах хүмүүс олон.

Ийм их тоос, нүүрсний утаанд өөрийнхөө болоод гэр бүлийнхээ эрүүл мэндийг хэрхэн хамгаалж байна вэ? гэсэн асуултад тэд өөр өөрсдийнхөөрөө хариулна. Тухайлбал, “Хүний уушгинд нүүрсний утаа сайн байдаг юм гэсэн. Тийм болохоор зуны улирал ч гэсэн гэртээ гал түлж утаа амьсгалдаг” гэх нэгэн байхад, “Манайхан ямар дэд бүтэц бий болгоход санаа зовох биш. Дарга нар өөрсдөө нүүрс зөөдөггүй, тоосон дунд амьдардаггүй болохоор ойлгодоггүй байх. Гэхдээ яах вэ одоо ч утаа, тоос хоёрт дасаад гамрит өвчин маань хүртэл ор мөргүй алга болсон” гэдэг хариулт өгөх хүн ч байна. Усны нөөц тун хомс энэ газар хэзээ хамгийн сүүлд усанд орсон гэдгээ мэдэх хүн ховорхон.

Монгол Улсын хөгжлийн түүчээ, эдийн засгийн өсөлтийн том эх үүсвэр, Өмнөговь аймгийн хөгжлийг өндөр түвшинд аваачих  гээд олон сайхан амлалт, тодотгол  дагуулсан “олон толгойн” эргэн тойронд бодит байдал ийм л байна. Нүүрсний зам дагуу энэ нутагт зам, ус, цэцэрлэг, сургууль, цахилгаан, эмнэлэг гээд дэд бүтцийн асуудал хамгийн хөндүүр сэдэв болжээ.

Энэ талаар 45 жил үйл ажиллагаа явуулаад байгаа “Тавантолгой” ХХК-ийн дэд захирал Р.Зоригбаатараас тодруулахад, “Манайх анхаарч байгаа. 1.5 метр зузаантай зам тавих төлөвлөгөө боловсруулаад байна. Цогтцэций суманд сургууль байгуулахаар шавыг нь тавиад байгаа. Ирээдүйд нутгийн нийт өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах төлөвлөгөө боловсруулсан” гэх мэт ирээдүй цаг дээрх олон сайхан хариулт өгсөн.

Сар гаруйн өмнөөс үйл ажиллагаагаа эхлээд буй “Эрдэнэс Тавантолгой” ч мөн адил ирээдүй цаг дээрх төлөвлөгөө боловсруулчихсан додигор сууна. Шинэхэн уурхайн хувьд ийнхүү суух нь аргагүй биз. Нэг сав газраас олборлолт хийж буй “Энержи ресурс”, “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой” нь урд хөрш рүү чиглэсэн өөр өөрийн гэсэн олон салаа зам тавих төлөвлөгөөтэй, зарим нь тавьж эхлээд байна.

Тухайлбал, “Энержи ресурс” Тавантолгойгоос Гашуун сухайт хүртэл 250 орчим км хатуу хучилттай зам тавьж байгаа юм байна. Хэдийгээр зам тавих ажил ахицтай явж байгаа ч Авто тээврийн газраас хэд хэдэн шаардлага тавьжээ.

-Нэгдүгээрт, тухайн зам хоёр газраа нэлээд нарийхан болчихсон. Тиймээс тухайн хэсэг дээр машин зөрөхөд хүндрэлтэй учир хоёр хэсгийг өргөсгөх үүрэг өгсөн.

-Хоёрдугаарт, энэ зам гурван газраа огцом эргэлттэй. Нүүрс тээвэрлэж байгаа автомашинууд нь том оврынх болохоор огцом эргэлт дээр эргэхэд хүндрэлтэй, замын цаад хэсэг нь харагдахгүй өөдөөс нь гэнэт машин гараад ирэх магадлалтай. Тиймээс огцом эргэлттэй хэсгүүдийг өөрчлөхийг шаардсан.

-Гуравдугаарт
, замын нөхцөлд тохирсон тэмдэгтүүдийг байрлуулахыг шаардсан байна. Эдгээр шаардлагыг биелүүлэх аваас уг зам ашиглалтад орно.

Нүүрс тээвэрлэх замын асуудлаар “Энержи ресурс” компанийн зөвлөх Р.Сундуй хэлэхдээ “баялгаа урагш нь зөөх 10 салаа зам барих юм уу? Тэгээд баахан машин зэрэгцээд уралдаад байх юм уу?” гэсэн юм. Ингээд бодохоор бидэнд дэд бүтцийн нэгдсэн бодлого, эв хамт санаа туйлын хэрэгтэй байна. Эдгээр уурхайн захирлуудын ярианаас сонсоход үнэхээр л 10 салаа зам тавих төлөвтэй. Гэвч дорвитой хийсэн бүтээн байгуулалт үгүй шав төдийхөн байна. Хийсэн зүйлгүй байгаа нь өөр өөрсдийн гэсэн томоохон шалтгаантай. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Өмнөговь дахь салбарын захирал Б.Батсайхан “Бид саяхан л үйл ажиллагаагаа эхэллээ.

Ирээдүйд хийх зүйлийн талаар бодож төлөвлөсөн юм их бий” гэв. “Таван¬толгой” ХХК-ийн захирал Х.Түмэнбаяр “Манай компани юм хийхийг хүсэж байна. Гэхдээ бидэнд хөрөнгө мөнгө зарцуулах эрх мэдэл байхгүй. Бүгдийг дээрээс ТУЗ-ын гишүүд үүрэг даалгавар өгдөг. Бүх л хөрөнгө мөнгөний асуудлыг тэд шийддэг. Хэдийгээр би ерөнхий захирал ч гэсэн нэг удаа зарцуулж болох мөнгөний хэмжээ таван сая орчим төгрөг байдаг” гэсэн юм.

Харин Өмнөговь аймгийн Засаг дарга, “Тавантолгой” компанийн ТУЗ-ын гишүүн Г.Цог-Өрнөх хийх зүйл их байгаа талаар дурдахдаа “Манай суманд 5000 гаруй хүнд даацын авто машин нүүрс зөөж байна. Үүнээс үүдэлтэй тоосжилтын  асуудал нэлээд хүндрэлтэй болсон” гэлээ. Ямар ч  байсан тэд зам тавихаас эхлээд олон ажил хийх санаа өвөрлөжээ. Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын үүрэг даалгаврын дагуу Тавантолгойгоос Цагаан хад хүртэлх нүүрсний тээврийн замыг хаасантай холбогдуулан Авто тээврийн газрынхан Өмнөговь аймагт очиж, уурхайн холбогдох хүмүүст зохих шаардлага тавьжээ.

Энэ талаар Авто тээврийн газрын улсын ахлах байцаагч С.Батболд ярихдаа “Тавантолгойн удирдлагуудыг дуудсан боловч ирээгүй. Саяын шалгалт нь “Энержи ресурс” компанийн хүсэлтийн дагуу хийсэн ажил. Харин “Тавантолгой” компани одоогоор ямар нэг тайлбар ирүүлээгүй байна. Цогтцэций сумын Засаг дарга Г.Цог-Өрнөх “Тавантолгой” компанийн ТУЗ-ын гишүүн юм билээ. Түүгээр дамжуулан “Тавантолгой” компани замтай холбоотой юу хийх ёстойг хэлсэн” гэжээ.

Нүүрсний тээврийн жолооч нарын хэлж байгаагаар шороон замаар явах нь туйлаас аюултай байдаг. Тухайлбал, хэт их тоос, шороо босч өмнө яваа машинаа харахгүйн улмаас осол  гарах нь их. Мөн тээврийн замд их тохиолддог хамгийн бэрхшээлтэй асуудал нь даацын дугуй хагарах. Өөрийн жин нь 20-30 тонн  машинд 100 орчим тонн нүүрс ачина.  Ёстой нөгөө уухилна гэдэг л болдог гэлтэй.

Ийм үед дугуй нь хагарвал ноцтой осол гарах нь ойлгомжтой. Ийм хүнд нөхцөлд ажиллаж байгаа жолооч нартай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж “Эрдэнэс Тавантолгойн” ажилчид гомдоллож байна. Манайхаас өөр нүүрсээ автомашинаар тэр дундаа шороон замаар экспортолдог орон, дэлхийн өөр хаа ч байхгүй. Дэлхийд нөөцөөрөө гайхагдах энэ том ордын бүх нүүрсийг шороон замаар экспортолж дуусгана гэвэл юу болох бол? Маргааш, нөгөөдөр ирээдүйд энэ их мөнгө далласан том ордын дэд бүтцийн асуудал нааштай шийдэгдээсэй. Энэ мэт нүүрс тээвэрлэлт тойрсон хийх ёстой, хийх гэж буй зүйлсийн талаар бичвэл эх адаггүй зүйл болно. Тиймээс энэ удаа нүдээр харж хийсэн сурвалжлагаар зогсъё.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих