Сонгуулийн холимог тогтолцоог холих нь хэнд ашигтай вэ?
Сонгуулийн хуулийн төсөл бэлэн болж, өнгөрсөн баасан гаригт УИХ-ын даргад өргөн барилаа. Хууль бэлэн болсон ч өөрчлөх хүсэл зориг парламент дахь улс төрийн хүчнүүдэд байгаа эсэх нь эргэлзээтэй. Хуулиа өөрчлөхөөр 2012 оны сонгуулийн дараа ярьж, ажлын хэсэг байгуулан төсөл боловсруулж эхэлсэн ч сонгуулийн тогтолцоон дээр намууд санал нийлэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн юм. Тодруулбал, МАН мажоритар, “Шударга ёс” эвсэл улс бүхэлдээ нэг тойрог байх, АН-ынхан 2012 оны сонгуулийн хувилбар буюу 28 гишүүнийг намын нэрээр, 48 гишүүнийг тойргоос сонгох хувилбарыг дэмжиж буй нь илт байсан.
Сонгууль болохоос зургаан сарын өмнө хуулийг өөрчлөх ёстой. Сонгууль тухайн жилийн зургадугаар сарын сүүлчийн долоо хоногийн аль нэгэн ажлын өдөр болдог. Одоогийн мөрдөж байгаа хуульд ч, шинэ төсөлд ч энэ заалт хэвээр байна. Ирэх оны цаглабараас үзвэл шинэ хуулиа ирэх арванхоёрдугаар сарын 27-ноос өмнө батлах ёстой. Тэгэхээр нэг сар гаруйн хугацаа үлдэв. УИХ-ын гишүүд хуулиа хурдан баталж, сонгуульдаа бэлдэж эхлэхээр яаравчлан хэлэлцүүлгийг өнөөдрөөс эхлүүлэхээр төлөвлөжээ. Хэрэв УИХ-ын олонх гишүүнд ирэх сонгуулийн зам нь нээлттэйгээр төсөлд тусгагдсан бол хэлэлцэн батлахад нэг сар хангалттай хугацаа. Харин олонхид нь таалагдахгүй, тойрог олдохгүй, олдсон ч сонгогдож чадахгүй, намын жагсаалтын урдуур бичигдэх боломжгүй бол хэдэн сар, жил байсан ч батлахгүй. Гол нь тогтолцоо, түүн доторх тойргийн хуваарилалт, мандатын тоо зэрэг л гишүүдэд хамаатай. Бусад нь нэг их чухал өөрчлөлт биш юм. Тэгэхээр сонгуулийн шинэ хуулийн төсөлд ямар тогтолцоог тусгасан, тэр нь хэнд ашигтай бол.
Гишүүн А.Бакей нарын 16 гишүүний санаачлан боловсруулсан Сонгуулийн хуулийн төсөлд Ерөнхийлөгч, УИХ, НИТХ, Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн хуулийг нэгтгэн бүхэлд нь “Сонгуулийн хууль” гэж нэрлэжээ. Энэ төсөл нь хоёр хэсэгтэй бөгөөд хэсэг тус бүр бүлэг, дэд бүлэгтэй, нийт 19 бүлэг, 164 зүйлтэй юм байна. Энэ нь 2012 оноос хойш яригдаж буй гишүүн Р.Бурмаагаар ахлуулан 19 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн боловсруулсан төсөл. Хуулийн төсөлд дээр дурдсан бүх шатны сонгуульд хамаарах хүрээг бүхэлд нь тусгажээ. Гэхдээ энд зөвхөн УИХ-ын сонгуулийн тогтолцоо ямар байх вэ гэдэг олны анхаардаг сэдэв юм.
УИХ-ын 2012 оны сонгуулиар хувь тэнцүүлсэн буюу пропорциональ хувилбараар 28 гишүүнийг сонгосон. Өөрөөр хэлбэл, тухайн нам 28 хүртэлх хүний нэрийг жагсааж, намынхаа авсан саналын тоог хувь тэнцүүлэн бодож гишүүн болох хүний тоог жагсаалтын эхнээс гаргасан. Мөн олонхийн буюу мажоритар тогтолцолцоогоор 48 гишүүнийг сонгосон юм. Аймаг, нийслэлийг олон мандаттай тойрог болгон хувааж, тэндээс нэр дэвшигчийг сонгосон.
Харин Сонгуулийн шинэ хуульд 48:28 гэсэн дээрх тогтолцоо хэвээр байх бөгөөд дээр нь пропорциональ, мажоритар сонгуулийг дангаар, эсвэл хосолсон байдлаар явуулж болно гэж заажээ. Холимог тогтолцоог хооронд нь дахин хольсон “шинэ хувилбар” нь зөвхөн намын нэрээр сонгогдох 28 гишүүнд хамаатай аж. Ингэхдээ пропорциональ сонгуулийн хувьд Монгол Улсын нутаг дэвсгэрийг таван бүсэд хуваахаар заажээ. Нам, эвсэл 28-аас илүүгүй хүнийг пропорциональ сонгуулийн тогтолцооны дагуу эрэмбэлж нэрийн жагсаалт гарган дэвшүүлэх аж. Энэ тухай хуульд нарийвчлаагүй бөгөөд төсөл санаачлагчдын нэг, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгийн манай сонинд өмнө нь өгсөн ярилцлагаас энд иш татав. Тэрээр “Улсыг таван бүс болгоод, баруун, зүүн бүс, төвийн бүсийг урд, хойд гэж хуваагаад, Улаанбаатарыг тусад нь бүс болгоно. Ингээд 28-ыгаа тусдаа квот болгон хуваая гэсэн санал байгаа юм. Аймгуудыг хуваасан дөрвөн бүсэд тус бүр тав, таван квот, Улаанбаатарт наймыг хуваарилаад нийт 28 болж байна. Ингээд нам болгон тухайн квотын тоотой тэнцүү хэмжээний нэр дэвшигчийг дэвшүүлнэ. Сонгогч намд бус хүнд нь санал өгнө. Хүнд өгсөн саналыг эргээд тухайн намд өгсөн санал гэж тооцож намд нь хуваарилах маягаар хийвэл илүү зохимжтой гэж бодож байгаа. Тухайн нам хоёр суудал авах хэмжээний санал авсан бол хэн гэдэг хоёр хүнийг сонгох эсэхээ нам нь шийднэ гэсэн үг. Ингэхээр нэг талаас илүү том тойрог болж байгаа, нөгөө талаас сонгогч хүнд санал өгнө, гэхдээ түүнийг намд нь тооцно гэсэн үг” гэж ярьж байв.
Харин сонгуулийн мажоритар тойргийг нэг мандаттай байгуулахаар тусгажээ. Жишээ нь тухайн аймгийг нэг тойрог гэж үзвэл тэнд нэг намаас нэг л хүнийг нэр дэвшүүлнэ. Өмнө нь нэг тойрог олон мандаттай байхад нэг намын 2-3 хүн өрсөлддөг, нэгнийхээ саналыг хуваадаг, бие биенийхээ эсрэг сурталчилгаа явуулдаг зэрэг сөрөг талтай байсан юм. Иймд нэг намын гишүүдийг хооронд нь өрсөлдүүлдэг байдлыг халах дэвшилттэй арга нь нэг тойрогт нэг мандаттай байх зарчим гэж сүүлийн гурван жилийн турш ярьж байгаа билээ.
Мажоритар сонгуулийн хувьд улсыг хэд хэдэн тойрогт хуваах аж. Мажоритараар 48 гишүүнийг тойргоос сонгох ёстой. Энэ тухай хуульд мөн л нарийвчлаагүй байна. “Сонгуулийн тойргийг энэ хуульд заасан сонгуулийн тогтолцоо, аймаг, нийслэл, сум, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг харгалзан санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө УИХ байгуулж, тойргийн нутаг дэвсгэр, дугаар, төвийг тогтооно” гэж заажээ. Өмнөх сонгуулиудын үеэр цагаан толгойн үсгийн дарааллаар аймгуудыг тойрог болгон дугаарлаж байсан. Хуулийн дээрх заалтаас үзвэл хүн ам олонтой аймаг хоёр ба түүнээс дээш тооны тойрогт хуваагдах бололтой. Яагаад гэвэл аймаг бүр нэг тойрог байх боломжгүй. 21 аймаг болон нийслэлийн дүүргүүдээс нийт УИХ-ын 48 гишүүнийг сонгох учиртай юм. Нам, эвсэл УИХ-ын сонгуульд 48-аас илүүгүй хүнийг мажоритар сонгуулийн тогтолцооны дагуу нэр дэвшүүлж тойргийн дугаараар эрэмбэлэх юм байна.
2016 оны сонгуулийн тогтолцоо иймэрхүү байдлаар төсөлд тусжээ. Одоогийн хүчин төгөлдөр хуульд байгаа 28:48 гэсэн холимог тогтолцоог хольж “шинэ” тогтолцоо бий болгох нь хэнд ашигтай вэ гэдэг хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр тодорхой болох биз.
М.Ганцэцэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: