Чимээгүй үхэл

Одоогоос 90 жилийн өмнө чихрийн шижин өвчин тусан нэгэнт найдваргүй болсон олон хүний амь амьдралыг уртасгах боломж олгосон инсулин хэмээх бодисыг анх гаргаж авсан Канадын эрдэмтэн Фредрик Бантин 32-хон насандаа Нобелийн шагнал хүртэж байжээ.
ДЭМБ-аас түүний төрсөн өдөр болох 11 сарын 14-нийг дэлхийн чихрийн шижинтэй тэмцэх өдөр болгон зарласан нь “чимээгүй тахал” гэгдэх өвчин бидний дунд газар авч байгааг сануулах онцгой өдөр болгосон түүхтэй. Хорин нэгдүгээр зуунтай хөл нийлүүлэн орж ирсэн Азийн ханиад, Saras, ДОХ гэх мэтийн олон  шинэ өвчин бий. Эдгээрийн дотроос хурдан түргэн тархаж буй цар хүрээгээрээ ч, шууд үхэлд хүргэх магадлалаараа ч хамгийн аймшигтай өвчин бол чихрийн шижин яах аргагүй мөн юм.
Саахрын диабет буюу чихрийн шижин нь нойр булчирхайнаас ялгарах инсулин гэгч сахар задлагч фермент ажиллагаагүй болсноос үүдэн цусанд их хэмжээний сахар хуримтлагдсанаас  үүсдэг өвчин аж.ДОХ өвчнийг наяад оны үед гарч ирэхэд бид гэнэт ихэд цочирдонгуй хүлээж авсан бол чихрийн шижин өвчин бидний дунд чимээгүйхэн хаалга цохилгүй орж ирчихээд гай тотгороо тарьж эхэлснийг хэн ч анзаараагүй, мэдээгүй явсаар өдий хүрчээ.
Чихрийн шижин гэсэн онош тавигдвал та өөртөө  эдгэхгүй өвчин тусжээ гэж ойлгож болно. Яагаад гэвэл энэ өвчний үед ямар ч эм тан уугаад нэмэргүй, хэзээ ч бүрмөсөн эдэгдэггүй яг ДОХ-той адилхан гайхал. Давуутай тал нь  гэвэл халдвартай биш. Одоогоос хорь гаруй  жилийн өмнө анагаахын оюутнуудэнэ өвчнөөр мэргэших санаатай дадлага хийхээр бүх эмнэлгээр хэсдэг боловч ийм төрлийн хүндрэлтэй өвчтөн олддоггүй байжээ.
Гэтэл өнөөдөр зөвхөн Улаанбаатарт ийм өвчтэй таван мянга гаруй хүн эмчийн хяналтанд байдаг ба цаана нь хөдөө орон нутагт болоод оношлогоонд ороогүй учраас өөрсдөө ч өдий хүртэл өвчилснөө мэдээгүй яваа хүмүүсийн тоо 100 мянга хол давсан гэж үздэг. Энэ нь манай хүн амын бараг гурван хувь гэсэн үг. Азийн хөгжиж буй зарим орнууд болоод АНУ-ын хүн амын бараг арван хувьд нь чихрийн шижин туссан ба энэ тоо жилд 1.5 саяар нэмэгддэг гээд бодохоор ийм өвчтөний эгнээ  баян ядуу хамааралгүй бараг геометрийн прогрессоор хүрээгээ тэлж байгаа юм.
Дэлхийн дахинд 2014 онд чихрийн шижингээр өвчлөгсөд 320 саяд хүрсэн ба чихрийн шижингийн нийт тохиолдлын 90 хувийг 2-р хэвшинжийн чихрийн шижин эзэлдэг. Монгол улсад хийгдсэн судалгаагаар чихрийн шижин өвчтөн хүн амын 6,5%-тай байгаа нь нотлогджээ.
Цусан дахь сахар хэвийн хэмжээнээсээ ихэссэнээс цус өтгөрч, нарийхан хялгасан судаснууд захаасаа бөглөрөн дараа, дараагийнхаа эд эрхтэнд нөлөөлж эхэлдэг. Хамгийн нарийн судастай эд эрхтэн бол мэдээж зүрх, бөөр, тархи, хараа, сонсголын эрхтнүүд. Чихрийн шижин гэгч энэ ад зэтгэрийн хорлолд “идүүлж” эхэлснээ хүмүүс тэр дороо мэддэггүй нилээд цаг хугацаа алддагаараа ихээхэн зовлон шаналал дагуулдаг муу ёрын гайхал.
Ам цангаж, амархан ядарч туйлдахаас өөр өвдөх зовиур байдаггүй учир бид түүнийг ердөө анзаарч хайхардаггүй. Тэр тусмаа эрүүл мэнддээ анхаардаггүй, хир баргийн юмыг тоодоггүй, хэнэггүй монголчууд бидний дунд аль хэдий нь өвчин нь хүндэрчихсэн яваа хүн цөөнгүй байдаг байна. Нэг л мэдэхэд таны гар хөл чинь хуруунаасаа эхлэн харалж,  ялзарч эхлэх эсвэл нүд чинь бүрэлзэн юм харахаа больж эхэлсэн байх вий. Эсвэл бөөр юм уу зүрхийг чинь энэ гайхал аль хэдийнэатгаад авчихсан байх нь энүүхэнд.
Чихрийн шижингээр өвдөгсдийн тоо ийнхүү дэлхийд 300 сая хол давж, ойрын арван жилд энэ тоо хоёр дахин нэмэгдэх болоод байна. АНУ-д энэ өвчтнүүдийн эмчилгээнд жил бүр 150 тэрбум доллар зарцуулдгаас үзэхэд ямар их эдийн засгийн хор хөнөөлтэй болохыг бас харж болно.
Хөгжилтэй баян орны иргэдийн хувьд энэ өвчин хүмүүст онцын асуудал үүсгэдэггүй бололтой. Биенд нь шаардлагатай инсулиныг хэрэгтэй үед нь ялгаруулдаг автомашины үнэтэй аппарат зүүчихээд юу дуртайгаа ууж идээд яваа баячуудыг харах нэг өөр. Идэх хоолоо хязгаарлаад байсан хирнээ өвчин нь хүндэрч, үхэж үрэгдэж буй хүмүүсийн ихэнх нь өнөө муу ядуус хөөрхий.
Ганцхан жишээ татъя. Өнөөдөр манай орон болоод дэлхий нийтэд хамгийн их тархсан өвчин бол зүрх судасны өвчин. Энэ өвчнөөр манай гариг дээр жилд 20 сая гаруй хүн нүд аньдаг ба тэдний гуравны нэг нь чихрийн шижингээс үүдэлтэй гэсэн ДЭМБ-ын судалгаа дүгнэлт гарчээ.
Ийнхүү зүрх, бөөрний  дутагдлаар хорвоог орхигсдын цаана чихрийн шижин гэгч “нууц ноёнтон” сууж байдаг боловч үхлийн эцсийн оношд барагтай бол нэр нь дурдагдалгүй өнгөрч чаддаг гайхал аж. Жилд ДОХ-оор хоёр сая, сүрьеэгээр гурван сая орчим хүн нас бардаг гэдэг.
Гэтэл чихрийн өвчнөөс үүдэлтэй цаашаа харагсдын тоо, хамаг олны анхаарал татдаг дээрх хоёр “мундаг” өвчнөөр хорвоог орхисдыг хамтад нь нийлүүлснээс хавьгүй хол давж байна.
Хормой хотны бузар,  цадиг замбараагүй явдлаасаа болж хүн төрөлхтөн Бурханаас ДОХ-оор шийтгүүлсэн гэдэг юм билээ. Тэгвэл  тарган мах, тансаг идээ  зооглоцгоож, зөөлөн буйданд бясаа мэт шигдэцгээснээс өөхлөн мяраалж,чихрийн шижин тусах нөхцлөө тун сайн бүрдүүлдэг гэж  ярьдаг нь оргүй зүйл бас биш бололтой.
Хөдөөгийн борви бохисгүй амьдралаас Австралийн “залхуу сармагчин” мэт хот суурин газрын хөдөлгөөний дутагдалтай амьдралын хэв маяг руу хэлбэрэлтгүй шилжиж буй энэ эрин үед хүүхэд багачуудаа ядаж өглөө бүр нэг сайн суниалгаж байхгүй бол горьгүй болохоор байна шүү, эцэг эхчүүдээ.
Харах нүдний нь мэлмий үүрд хаагдсан гурван хүний нэг нь мөн л чихрийн шижин өвчтэй  байдаг талаар гавьяат эмч Баасанхүү гуай нэгэнтээ ярьж байсан.
Ингээд бодохоор энэ өвчтэй хүмүүсдээ төрөөс анхаарах цаг одоо нэгэнт болсон гэж бодогдоно. Чихрийн шижин өвчинтэй тэмцэх талаар дэлхий нийтэд хандсан Винсентийн тунхаглал гэж бий. Энэ тунхаглалд чихрийн шижинтэй хүмүүсийг сүрьеэ, ДОХ бусад халдварт өвчин туссан хүмүүсийн адилаар үнэгүй эмчлэх тухай заалт байдаг. Манай орон энэ тунхаглалд нэгдсэн байгаа. АНУ ийм өвчтэй хүмүүсийг үнэ төлбөргүй эмчилж байхыг хуульчилж жилд нэг өвчтөнд мянгаас доошгүй доллар төсвөөс зарцуулдаг аж.
Манай Эрүүл Мэндийн Яам  одоо хүртэл чихрийн шижинтэй тэмцэх тусгай бодлого, хөтөлбөргүй, энэ улсуудынхаа төлөө тун бага анхаарч байгаа мэт санагдана. Зөвхөн 3-р эмнэлгийн эмчийн байнгын хяналтанд байдаг чихрийн шижинтэй 800 гаруй хүн инсулинаар хагас хугас хангагддаг.  Хэвтэх гэхээр ор олддоггүй, эмчилгээний үнэ өртгөөс нь айгаад зах зээлийн энэ үед тэднийг авах газар ч алга.
Амьжиргааны түвшингээс доогуур орлоготой, ажилгүй, ядуу, тэтгэврийн голдуу хөгшчүүд 80-100 мянган төгрөгийн үнэтэй аппарат худалдаж аваад дээр нь өдөр бүр 1700 төгрөгийн үнэтэй тестерээр өөрийнхөө цусан дахь саахрын түвшинг хянаад сар бүр 50 мянган төгрөгөөр инсулин худалдаж авч тариулаад байх боломжгүй нь ойлгомжтой. Харсаар байтал хөл нь хуруунаасаа ялзарч  нүд нь сохорч, зүрх, бөөрний нь үйл ажиллагаа өдрөөс өдөрт муудаж эхэлж байгаа хүмүүсээ бид яах ёстой вэ.
Аль ч улс оронд чихрийн шижинтэй хүмүүст зориулсан хүнсний зүйл байдаг, тэр нь үнийн хувьд жирийн хүмүүсийн хэрэглэдэг бүтээгдэхүүнээс хямд, улсаас ийм үйлдвэрүүдэд нөхөн олговор олгодог юм билээ.
Монголчууд бидний хоол хүнсэнд гурилан бүтээгдэхүүн тэргүүн байр суурьтайг харгалзан үзэж улсаас дотаци өгч байгаад ч болов Улаанбаатарын хэмжээнд ядаж ганц боовны цех ажиллуулж энэ хэдэн өвчтөндөө амьд явах үлдсэн хэдэн жилд нь ядаж хямдхан боорцог идүүлж буян үйлдвэл  яасийм? Эрүүл мэндийн яам нь яах ёстойг шийдтүгэй. XXI зууны чимээгүй тахалтнууд хорвоог чимээгүй орхисоор байна…
 Ш.Пүрэвсүрэн    
“Хорвоогоор аялахуй” номноос

URL:

Сэтгэгдэл бичих