Хүний эрхийг хангаагүй хэврэг ардчилал

Аливаа ардчилсан орны нэн тэргүүнд хөхиүлэн хэрэгжүүлэх үйл ажиллагааны гол цөм нь хүний эрх, эрх чөлөөг хэрхэн хангах, бататгах, хүндлэн дээдлэхэд оршдог. Ардчилсан гэх үзүүлэлтийн хамгийн гол зорилт ч энэ. Манай улсын хувьд бүс нутаг, Азидаа төдийгүй дэлхий дахинд ардчилал хамгийн сайн хэрэгжиж буй орны нэг гэдэг ч хүний эрх, эрх чөлөөг дээдлэх талаар хангалттай гэж хэлэхэд хэцүү.

Хүний эрхийн Үндэсний комисс гэсэн байгууллага бий. Тухайн байгууллага нь хуульд заасны дагуу өргөдөл гомдол шийдвэрлэх, аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийх, хууль тогтоомжид хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж, хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй шалтгаан нөхцөлийг арилгуулахаар холбогдох байгууллага, албан тушаалтанд шаардлага хүргүүлэх бүрэн эрхтэй байдаг.

Энэ онд өнөөдрийн байдлаар тус байгууллагын зүгээс хүний эрхийн зөрчлийг арилгуулах гомдлын дагуу 14, хяналт шалгалтын хүрээнд 10, судалгаа мониторингийн хүрээнд хоёр шаардлага холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлээд байгаа аж. Гэвч комиссын гишүүний шаардлагыг хуульд заасны дагуу хүлээн авснаас хойш хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар долоо хоногийн дотор бичгээр хариу ирүүлээгүй 12 тохиолдол гарсан ба огт хариу ирүүлээгүй хоёр тохиолдол байгаа аж.

Бид өдөр тутамдаа ямар нэгэн байдлаар бусдын эрхийг зөрчдөг, хэн нэгэн бидний эрхийг зөрчиж байдаг тухай гомдоллох бус хүний эрхийг зөрчиж буй үйлдэл бүхнийг таслан зогсоож байх ёстой. Ажлын байрны бэлгийн дарамт гэхээр зарим хүмүүст ихээхэн хол, хөндий сонсогдож мэдэх. Гэвч бидний дунд ажлын байрны бэлгийн дарамт байсаар байна. Тус комиссын зүгээс иргэн Т.Н-ын гаргасан гомдлын дагуу шалгахад бэлгиййн дарамт үзүүлж байсан нь нотлогджээ. Энэхүү зөрчлийг арилгах, холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар ХЭҮК-аас шаардлага хүргүүлсэн ч тус байгууллагаас хариу ирүүлээгүй байна. Шаардлага хүргүүлэхээс гадна утсаар удаа дараа мэдэгдэж, албан бичгээр хариу шаардсан ч хэрэгсэхгүй байгаа талаар ХЭҮК-ийн холбогдох албан тушаалтан мэдэгдсэн.

Хүний эрхийн нэг зөрчлийн цаана нийгэмд халгаатай олон зөрчил нуугдаж байдаг. Хэрэв тухайн зөрчлийг бага дээр нь дарахгүй бол нийгмийг хэрсэн бүр ч аюултай урхаг дагуулж мэднэ. Тиймээс тус комиссын зүгээс хүргүүлсэн шаардлагад үл тоомсорлох, шаардлагыг үл хэрэгсэх байдлаар асуудалд хандаж буй албан тушаалтан, байгууллагад хүлээлгэх хариуцлагыг чангатгах хэрэгтэй байна.

Хөвсгөл аймагт зохион байгуулсан “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээний үеэр илэрсэн зөрчил нь прокурорын хяналттай холбоотой тул хяналтыг сайжруулж, зөрчлийг арилгуулахаар Хөвсгөл аймгийн прокурор, төрийн хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Ганболдод шаардлага хүргүүлсэн боловч бас л хариу ирүүлээгүй байна.

Дорнод аймгийн Хэрлэн сумын засаг дарга н.Мөнхтөр нь шинээр гэр бүл болж буй хосууд хамтын хариуцлагын гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулсан тохиолдолд гэрлэх, түүнийг нь баталгаажуулж байхыг даалгаж. Өөрөөр хэлбэл шинээр гэр байгуулж буй хосууд хоорондоо гэрээ байгуулсан тохиолдолд гэр бүл болсноо баталгаажуулна гэсэн үг л дээ. Юун хайр дурлал, сайн дурын үндсэн дээр гэр бүл болох. Бараг л тухайн хоёр хүн гэрээгээр гэрлэж, гэрээгээ зөрчсөн тохиолдолд ноён н.Мөнхтөрийн өмнө хариуцлага хүлээх шахуу юм болж хувирчээ. Ийнхүү сайн дурын үндсэн дээр гэр бүл болохтой холбоотой хүний эрхийг ноцтой зөрчиж байх тул хууль бус захирамжийг хүчингүй болгуулахаар Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнд шаардлага хүргүүлж. Тэрхүү шаардлагыг хэргийн эзэн, хэнгэргийн дохиур Мөнхтөрд шилжүүлсэн ч “Би хүний эрх зөрчөөгүй” хэмээн гэдийжээ. Ийнхүү хүний эрхийг хамгаалах ёстой байгууллагын шаардлага, зөвлөмжийг яагаад хэрэгсэхгүй байна вэ.

Өнгөрсөн сарын 27-ны байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ХЭҮК-т хандаж 506 иргэн гомдол гаргажээ. Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба татан буугдсанаас хойш хууль, хүчний байгууллагатай холбоотой гомдол ихээр ирэх болсон байна. Гэвч гомдол гаргасан иргэд эрхээ хамгаалуулах бус харин улам бүр дарамтад өртөх болсонд нэг өрөөнд сууж буй хоёр албан тушаалтан нэгнээ шалгах болсон нь нөлөөлж байгаа аж. Тухайлбал иргэн Б.Н цагдаа Д-д дарамтлуулсан талаар гомдол гаргахад түүний гомдлыг цагдаа Д-тэй хамт нэг өрөөнд суудаг Г шалгадаг байна. Ийнхүү нэг байгууллагад нэг системд ажилладаг хүмүүс нэгнээ хэрэгтэн болгох гэдэг нь хүн ёсны харилцаа, ёс жудаг, нэр хүнд, цаашдын ажил амьдралд нь нөлөөлөх олон хүчин зүйлийн улмаас хэрэгсэхгүй болсоор байна. Үүний улмаас хууль, хүчний байгууллагад хүний эрхийн зөрчил ихсэх хандлагатай байгаа нь анхаарлаас холуур өнгөрөөж болохгүй асуудал болж хувирчээ.

Улс төрчид “Манай улс бол ардчилсан орон” хэмээн цээжээ дэлддэг. Гэвч хүний эрх, эрх чөлөөг хангаагүй ардчилал бол дүр эсгэсэн ардчилал гэдгийг тэд мэдэхийг хүсдэггүй. Өөрсдийнх нь хувьд хүний эрх гэдэг ойлголт тусдаа байх юм шиг санадаг. Эрх чөлөө ямар үнэтэйг эрх мэдэлтнүүд алдсан хойно мэддэг. Харин ард түмэнд амь нас, бүх зүйлээс нь үнэтэй тул эрх чөлөөний төлөө өдөр бүхэн тэмцдэг гэсэн нэг үг байх. Ард түмэн эрхээ хамгаалуулах гэж ардчиллыг сонгосон. Түүнийг сахин хамгаал гэж ХЭҮК-ийг байгуулсан. Харин одоо тэдний зөвлөмж, шаардлагыг үнэтэй, хэн нэгэн албан тушаалтан, байгууллага шууд хэрэгжүүлдэг болох цаг иржээ. Н эр зүүсэн байгууллага байх бус нийгмийг, ардчилалын амин сүнс болсон хүний эрх, эрх чөлөөг сахин хамгаалагч байгууллага болгох цаг болсон. Удахгүй манай улсад АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт болно. Манай Улсыг ардчилалыг хамгийн сайн, сайхнаар хэрэгжүүлж буй тул тус уулзалтыг зохион байгуулахаар товлосон. Гэвч бид нэр төдий ардчилалтай байгааг тэд “сохор” биш тул гадарлах болно. Хүний эрх гэдэг ойлголт нь шалан дээр яваа манай улсын хувьд ардчилал гэдэг дэндүү том ачаа болж хувираад байна.

Хэн нэгнийг АТГ болон хүчний байгууллагууд нь ажил дээрээс, гэрээс, хаана байгаа газраас нь бариад л явчихдаг. Албан тушаалтан байна уу эс байна уу хамаагүй. Дараа нь хорьж байгаад хэргийг нь мөрдөнө. Хорихгүйгээр Монголд шийдэгдэх, мөрдөх хэрэг ч гэж байхгүй. Нэгэнт хэрэгтэн болгох гэж барьсан болохоор заавал хэрэгтэн болгож байж сая хэргийг шийднэ.

Энэ бүхэн чинь хүний эрхийг ноцтой зөрчөөд байна гэж ХЭҮК-ийн зүгээс хичнээн мэдэгдээд ч тусыг эс олов. Уг нь тэдний үг бидэнд хамгийн үнэтэй, хамгийн чухал байх ёстой. Яагаад гэвэл манайх ардчилсан улс. Хүний эрхийн Үндэсний Комисс нь хуульд заасны дагуу өргөдөл гомдол шийдвэрлэх, аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийх, хууль тогтоомжид хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ өгч, хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй шалтгаан нөхцөлийг арилгуулахаар холбогдох байгууллага, албан тушаалтанд шаардлага хүргүүлэх бүрэн эрхтэй бус хянан шийдвэрлүүлдэг баймаар байна. Хүний эрх, эрх чөлөө хаана байна, тэнд хууль хэрэгжиж, ардчилал бэхжиж байна. Харин бид хэврэг ардчилалтай хорь гаруй жил болов.

Д.Лхагва-Очир

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин


URL:

Сэтгэгдэл бичих