Охин үрээ хайрлацгаая!

Банди нар яахав ээ тэгж байгаад болно. Хөөрхий охиноо л нэг сургууль соёлд явуулчих юмсан гэх олон ээж, аавын яриаг сонсож байлаа. Ялангуяа энэ яриа малчин ардын дунд маш их байдаг. Ялгаа үгүй л хүүхдийнхээ эцэг эх байж яахаараа эрэгтэйг нь жийж, эмэгтэйг нь илүүд үзэж байгаа юм гэж бодох хүн цөөнгүй байж мэднэ.

Гэвч ижий аавуудын энэ бодол нь зүгээр ч нэг зүйл биш ажээ. Монгол хүн эртнээсээ эмэгтэй хүүхдээ энхрийлэн хайрлаж, эмс охидоо хамгаалж ирсэн түүхэн уламжлалын түүчээ нь энэ биз ээ. Ер нь тэгээд хүйсийн ялгавар, хүний эрх гэхээс илүүтэй хүний жам гэдэг эрхэм зүйл билээ.

Хүний охин үр гэдэг халуун амьсгалаар төөнөхгүй л бол царцчихаж мэдэх хачин эмзэгхэн улс байдаг гэж нэгэнтээ хэлсэн байдаг. Тиймдээ ч бидний монголчууд эртнээс охин үрээ хайрлахын ухаанд төгс суралцсан байдаг болов уу. Гэвч өнө эртний энэ заншил өнөө цагт үгүй болжээ. Энэ бүхнийг саяхны нэгэн судалгаа бэлхнээ гэрчилнэ.

Бага насны охид бэлгийн мөлжлөгт өртөж байна
Монгол Улсын үндэсний статистикийн хороо, Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хамтран “Бэлгийн мөлжлөгт өртсөн хүүхдийн судалгаа”-г өнгөрсөн онд гаргасан байна.

Судалгаанд 22.8 мянган хүн хамрагдсаны 20.5 хувь буюу 4683 нь биеэ үнэлэгч болон бэлгийн мөлжлөгт өртсөн хүүхэд байна гэх дүн гарчээ. Үүнээс Улаанбаатар хотын хэмжээнд 140 гаруй хүүхэд бэлгийн мөлжлөгт өртсөн гэсэн тооцоо гарсан байх. Тэдгээр хүүхдийн 95.3 хувь нь 17 настай, 4.7 хувь нь 15 настай охидууд байсан байна.

Өөрөөр хэлбэл, дунд сургуулийн таваас есдүгээр ангийн насны хүүхдүүд бэлгийн мөлжлөгт өртөж байна гэсэн үг. Сэтгэл эмзэглэм асуудал байгаа биз. Аав, ээжийнхээ хайр халамжинд өлгийдүүлж явах алдрай гэнэн насандаа тэд ийн замаар орсон байна шүү дээ.

Бэлгийн мөлжлөгт өртсөн арван хүүхдийн тав нь мөнгө олохоор, хоёр нь бусдад тавьсан өрөө төлөхөөр, үлдсэн нь гэр бүлээ тэжээхээр анх бэлгийн харьцаанд орсон. Мөн эдгээр охидын 44.2 хувь нь хүчиндүүлж байсан бөгөөд хүчиндсэн хүн нь голдуу хойд эцэг нь байсан хэмээн хариулсан байдаг.

Харамсмаар юм. Хайран сайхан хүүхэд насаа хатуу хүнд амьдралд өнгөрүүлж буй эдгээр хүүхдүүдийг хамгаалах газар гэж байна уу. Охидуудын зарим нь энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад хандаж байсан ч эргүүлээд өөрсдөд нь эрүүгийн хариуцлага үүрүүлэх тохиолдол гардаг байна.

Үүний жишээг саяхны нэгэн дуулиант хэрэг гэрчлэх биз ээ. Тодруулбал, Г.Наранхүү гэгч этгээд 13-15 насны охидын биеийг нь үнэлдэг гэх хэрэгт холбогдсон охидод шүүхээс хоёрт нь тэнсэн харгалзах ял, хоёрт нь холбогдох хэргийг хойшлуулах шийдвэр гаргаж байсан. Харин тэдгээр охидыг 500-700 мянган төгрөгөөр худалдан авч зугаацдаг байсан Г.Наранхүү шүүх хурлын өмнөхөн гадаад руу оргон зайлсан байдаг.

Энэ мэт хэрэг дээр хууль хяналтын байгууллагууд хэрэг хийсэн этгээдтэй нь хариуцлага тооцохоос илүүтэй хэрэгт өртсөн нэгэнтэй нь хариуцлага тооцож байгааг юу гэж ойлгох вэ.

Нийслэлд охидын биеийг үнэлүүлдэг сүлжээ бий болжээ
Бэлгийн мөлжлөгт өртсөн таван хүүхдийн дөрөв нь 30 ба түүнээс дээш суудалтай караоке, баар цэнгээний газраас үйлчлүүлэгчдээ олж авдаг гэнэ. Охидын ихэнх нь зуучлагчтай бөгөөд зуучлагчаараа дамжуулан хөлсөө авдаг хэмээн хариулсан .байна.

Тэдний зуучлагчид нь.21-30 насны эмэгтэй хүмүүс байдаг байна. Тэд урьд нь биеэ үнэлэгчид байсан хүмүүс байдаг гэнэ. Тодруулбал, Бүргэд, Сорвит, Онон, Мийгаа, Цоомоо, Хар Туяа, Равдангийн Оюунаа, Болдмаа, Барзаак Туяа, бүдүү Тамираа, Шулга Сараа, Нандиа, 49… гэх мэт нэртэй хүмүүс байдаг тухай охид хариулсан байна.

Мөн нэг гэр бүлийн Оюунаа Манлай, Жижгээ Ганаа гэх мэт хүмүүс байдаг аж. Тэдний 40 орчим хувь нь охидыг дарамталдаг, 18,4 хувь нь охидыг зоддог, мөн зарим нь өөрсдийн гэсэн бүлэглэлтэй бөгөөд зугтсан эсэргүүцсэн охидыг бусдаар зодуулж дарамталдаг, тав орчим хувь нь гэрээс нь очоод дарамтлаад аваад ирдэг гэж охид хариулсан байх.

Мөн зуучлагчид охидыг ихэнхдээ зочид буудал, түрээсийн сууц, болон өөрсдийн гэрт байлгадаг байна. Жишээлбэл, Салхит, Ханын материал, Дарь-Эх, Таван шар, Алтан-Өлгий, Хайлааст, Саппоро гэх газруудаар байрлуулдаг гэнэ. Гэхдээ эдгээр байрлалаа байн, байн сольдог гэж судалгаанд хамрагдсан охид хариулсан байх.

Энэ бүгдээс үзэхэд нийслэлийн бүс нутагт бага насны охидын биеийг үнэлүүлдэг сүлжээ аалзны тор мэт хэрэн бүрхжээ гэж дүгнэхэд болохоор байгаа юм.

Охидуудын ихэнх нь гадаадын хүнд биеэ үнэлдэг гэнэ
Бэлгийн мөлжлөгт өртсөн, биеэ үнэлэгч охидууд өдөрт 1-5 хүнд үйлчилдэг тухай судалгаанд тэмдэглэгдсэн байна. Охидоос үйлчлүүлэгчдийн насыг тодруулахад, 18-50 орчим насны хүмүүс байдаг гэж хэлсэн байна. Мөн судалгаанд хамрагдсан охцдын таван охидын нэг нь гадаад хүмүүст үйлчилдэг гэжээ.

Ямар орны, хаанахын хүн байдаг вэ гэсэн асуултад БНХАУ, Япон, Вьетнам, АНУ, ХБНГУ, ОХУ-ын хүмүүс байсан гэжээ. Балчир наснаасаа бусдын эрхшээлд орсон эдгээр охидын 51.2 хувь нь хэр удаан биеэ үнэлэхээ мэдэхгүй байгаа бол 14.0 хувь нь нэг cap үнэлнэ гэсэн ба 34.9 хувь нь зургаан cap үнэлнэ гэсэн хариултыг өгсөн байна.

Энэ хариултаас нь дүгнэхэд бэлгийн мөлжлөгт өртсөн хүүхдүүдийн дийлэнх нь зуучлагчдын эрхшээлд дор нуугдмал байдалд биеэ үнэлж байгаа юм. Тус судалгаанаас сонирхол татсан нэг зүйл бол хүүхдүүдийг хаанаас олж авдаг тухай асуулгууд юм.

Тодруулбал, 40 гаруй хувь нь хаанаас олдгийг нь сайн мэдэхгүй байна, 27.3 хувь нь гудамжнаас, 11.6 хувь нь баарнаас, 5.8 хувь нь гэрээсээ явсан хүүхдүүдийг, 3.3 хувь нь найз нөхдөөр нь дамжуулж, 2.5 хувь нь телевизийн чаатаар дамжуулж олж авдаг гэжээ.

Судалгаанд хамрагдсан бэлгийн мөлжлөгт өртсөн охидтой ирээдүйн зорилго, юуг хүсч мөрөөдөж байдаг талаар мэргэжлийн хүмүүс ярилцсан байна.

Харин охидын 34.9 хувь ңь тогоочийн сургалтанд сууж, тогооч болох хүсэлтэй байгаа бол 16.3 хувь нь сургуульд сурах, 34.9 хувь нь мэргэжилтэй сайн хүн болж, гэрийнхэндээ туслах, 14 хувь нь сургуулиа төгсөж сайхан амьдарна гэсэн байна. Тиим ээ, тэдний ирээдүйд хүсэн хүлээж байгаа үр дүн нь гэгээлэг ажээ.

Гэвч бэлгийн мөлжлөгт өртсөн охидын өнөөгийн амьдрал хүнд байна. Аав, ээжийн арчилгаа муу, асрах хүмүүсийн анхаарал сул байгаагаас гэнэн итгэмгий охид гэгээхэн амьдралаа харлуулсаар байна. Тэдэнд буруу өгөхийн аргагүй. Олз хайсан томчуудын ов мэхэнд орсон эдгээр охидыг зэмлээд ч яах юм билээ.

Харин ийм төрлийн гэмт хэрэгтэй холбогдох хууль дүрмийг чангатгаж, охидын биеийг үнэлүүлдэг этгээдүүдэд хатуухан хариуцлага хүлээлгэх цаг нэгэнт болжээ.

Тэгэхгүй бол охин үрээ хайрладаг Монгол уламжлал үгүй болж, тэнгэрлэг хувь заяатай охид дэндүү эмгэнэлтэй байдалд хүрэх нь. Бэлгийн мөлжлөгт өртсөн гэх дээрх охид та бидний мах цусны тасархай биш ч гэсэн Монгол хэмээх овгоороо овоглох нэгэн улсын иргэд. Эл бүхнийг иш үндэс болгоод алдаж эндэж яваа нэгнээ гадуурхалгүй амь нэгтэйгээр асран хамгаалцгаая.

Энэ дашрамд, Монгол хүн бүрийг охин үрээ хайрлацгаая хэмээн уриалмаар байна. Нэг ийм сайхан шүлэг байдаг даа…

Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий
Тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно зовлон ч тосно
Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа
Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм

Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла! гэж…

С.Өлзийбаяр
Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Сэтгэгдэл бичих