1700 иргэн өршөөлийн хуулинд хамрагдан суллагдлаа

Хоригдлууд суллагдаж эхэллээ гэсэн мэдээ нийгэм даяар айдас түгшүүр төрүүлсэн. УИХ-аар соёрхон баталсан өршөөлийн хууль, төрийн хишгийг сэтгэл зүрхнээсээ хүртэж чадвал тэдгээр хоригдол нэртэй хүмүүс нэр төрөө сэргээх, өөрийнхөө хийж бүтээх их хүслээ гүйцэлдүүлэх алтан боломж юм. Харин олон түмэн, төрийн хайр хишгийг хөсөрдүүлж, эргээд торон хаалгыг татах нэгэн ч байж магадгүй.

Ямартай ч 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш зургаа дахь удаагаа өршөөл үзүүлж, хөнгөн хэрэгтнүүд эрхээ сэргээгдэх, хорих болон баривчлах ялаар шийтгүүлсэн этгээдүүд суллагдахаар боллоо

Ялтныг ялаас өршөөн хэлтрүүлэх, ялаас өршөөн хасах шүүх хуралдааныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ШШГЕГ-ын харъяа 407, 431, 409, 421 дүгээр хорих ангиудад хийсэн юм. Ингэснээр Өршөөлийн хуульд хамрагдсан 3000 орчим хоригдлын 1700 нь өчигдөр суллагдан, гэртээ харьцгаалаа. Тэд бол ялаас нь өршөөн хэлтрүүлсэн хүмүүс.

Харин үлдсэн 1300 орчим хоригдлын ялаас өршөөн хасах шийдвэр гарсан тул тэдний хоригдох хугацаа багасч байгаа юм. Хорих ангиудад байдал ямар байгааг хүргэвэл

· ШШГЕГ-ын харъяа 421 дүгээр хорих ангид нийт 339 хоригдож байгаагаас 270 нь өршөөлд хамрагдаж, үүнээс 148-ыг нь суллаж, 122 нь ялаасаа хасууллаа.

· Амгалан дахь 407 дугаар хорих ангид нийт 350 гаруй ялтан байгаагийн 165 нь өршөөлийн хуульд хамрагдаж, 108 нь суллагдаж, 57 нь ялаасаа хасууллаа.

· Дархан-Уул аймаг дахь хорих 435 дугаар ангийн 197 ялтан хамрагдаж, 126 хүн суллагдаж байгаа бол 51 хүний ял хасагдаж, 20 хүн хамрагджээ.

Өршөөлийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан цагдаагийн байгууллагууд хяналтад байгаа этгээдүүдийн хяналтыг зогсоох, хувийн хэргийг хаах зэрэг бэлтгэл ажлуудаа дуусчээ.

Г.Төмөр


URL:

Сэтгэгдэл бичих