Палестинчуудын тусгаар тогтнол айсуй
Хэрэв Палестин тусгаар улс болбол Газын зурвасын 50 гаруй жилийн мөргөлдөөн эцэс болно гэдэгт найдагсдын хүсэл биелнэ.
Палестины удирдах байгууллагын тэргүүн Махмуд Аббас энэ сарын 23-нд НҮБ-д хандан бүрэн эрхт гишүүн болох өргөдлөө өргөн барина. Энэ бол Палестины түүхэнд тодоор тэмдэглэгдэнэ. Гэвч тэднийг олон улсаар хамгаалуулах эрх авахыг Израиль, АНУ хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа өнгөрсөн хугацаанд мэдэгдсээр ирсэн.
Харин Махмуд Аббас бүх шатны дипломат аргаар тэмцэж байна. Тэд Палестин улс байгуулж чадах уу. Үүний тулд юу хийх хэрэгтэй вэ. Тэд эхний ээлжинд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн томоохон улсуудын дэмжлэгийг авах ёстой. Тухайлбал, Франц, ОХУ, Япон, БНХАУ-ын дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Нэмж хэлэхэд, Ерөнхий ассамблейн гишүүдийн дийлэнх саналыг авсан тохиолдолд Палестин улс байгуулагдчихна.
АНУ, Израиль тэднийг хэзээ ч улс биш гэж үздэг. 50 гаруй жилийн өмнө Саудын Арабын тусламжтайгаар палестинчууд алга дарам газраа алдчихаагүй. Дэлхийн II дайны дараа олон улсын хамтын нийгэмлэг еврейчүүдийг тэдний нутаг дэвсгэрт байрлуулахаар шийдвэрлэсэн. Гэвч АНУ-ын дэмжлэгтэйгээр еврейн суурин баригдсан бөгөөд Палестины нутаг дэвсгэрийн наймны долоон хувийг эзэлжээ. Энэ бол яах аргагүй түрэмгийлэл юм. Одоо ч еврейчүүдийн орон сууц баригдсаар байна.
Өчигдөр Францын Гадаад харилцааны сайд Ален Жюппе Нью-Йоркт болсон уулзалтын үеэр Палестины удирдагч Махмуд Аббаст өөрийн төлөвлөгөөгөө танилцуулсан. Франц улс тэдний тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болох ёстой хэмээн Гадаад харилцааны сайд мэдэгджээ.
Лондонд араб хэлээр хэвлэгддэг “Аль-Хайят” сонинд бичсэнээр Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Аюулгүйн зөвлөлийн нөлөө бүхий гишүүдтэй Палестины тусгаар тогтнолын асуудлаар ярилцсан гэнэ.
Д.Түвшинтөр
URL: