Си Зиньпин Вьетнамын үндэсний ассамблейд оролцож үг хэллээ
БНХАУ-ын дарга Си Зиньпин Вьетнам улсад хийж байгаа төрийн айлчлалынхаа хүрээнд Вьетнамын үндэсний ассамблейд оролцож үг хэлжээ. Тэрээр хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншлэлд хүргэх, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Хятад улстай хамтрахыг Вьетнамын хууль тогтоогчдод уриалсан байна.
Хөрш хоёр орон сайн харилцаатай байж, дэлхийд бүс нутгийн байр сууриа бэхжлүүлэх нь чухал гэдгийг Хятадын дарга нэн тэргүүнд онцлон тэмдэглэлээ. Мөн Хятадын дарга Си Зиньпин, Вьетнамын ерөнхийлөгч Чыонг Тан Шанг нар Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаанаас үүдэн муудсан харилцаагаа сэргээх, энх тайван тогтвортой байдлыг хангах, байр суурины зөрүүгээ арилгахын тулд чармайлт гаргахаар тохиролцсон байна.
Коммунист хөршүүд Өмнөд Хятадын тэнгист газар нутгийн маргаантай байгаа ч далай тэнгист энх тайвныг эрхэмлэн, итгэл үнэмшлээ бэхжүүлэе гэдэг дээр санал нэгджээ. Харин Вьетнамын коммунист намын дарга Өмнөд Хятадын тэнгисийг цэрэгжүүлэхгүй байхыг Си Зиньпинд уриалан, газар нутгийн маргаан даамжирвал хөрш орнуудын харилцааг муутгах эрсдэлтэйг тэмдэглэсэн байна.
Хятадын хувьд урт хугацааны тогтвортой харилцааг хөгжүүлэх бодлогынхоо хүрээнд Вьетнамтай дэд бүтэц, эдийн засаг, эрчим хүч, соёлын хамтын ажиллагааны хэд хэдэн гэрээ хэлэлцээр байгуулсан байна. Хоёр тал Хятадын даргын Вьетнам улсад хийж байгаа энэ айлчлалыг түүхэн ач холбогдолтой айлчлал гэж дүгнэж байгаа. Гэхдээ энэ айлчлалаар Хятадын үсрэнгүй эдийн засгийн үр шимээс Вьетнам хүртэх сонирхол илүү давамгай байна, Хятад улс харилцагаа улам сайжруулж, иж бүрэн стратегийн түншийн түвшинд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа тэлэх сонирхолтой байна.
URL: