”Дугуйн марафон -2015” болж байна

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын дугуйн холбоо хамтран “Дугуйн марафон”-ыг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулахаар боллоо. Дугуйн марафон 2015″  11 дүгээр сарын 07-ны өдрийн Бямба гарагийн 11:00 цагаас эхэлнэ. “Дугуйн марафон”-д оролцогчид батлагдсан маршрутын дагуу “Их эзэн Чингис хаан”-ы нэрэмжит талбайгаас гараанд гарч,  Энхтайваны гүүр – 120 мянгат – Зайсан – Их тэнгэр – Маршалын гүүр – Үндэсний цэцэрлэгт хүрээлэн  гэсэн чиглэлд нийт 8 км замыг туулж барианд ирэх юм. “Дугуйн марафон”-д  дугуй унах чадвартай, бусад дугуйчдын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр оролцож чадах эрэгтэй, эмэгтэй залуус, 14-өөс дээш насны хүүхдүүд эцэг, эхийн хамт оролцож болно. Оролцогч нь моторт болон зайгаар ажилладаг дугуйгаар оролцож болохгүй бөгөөд бусад төрлийн дугуйгаар оролцож болно гэдгийг зохион байгуулагчид хэллээ.

Мөн дугуйн тормос, бусад эд ангиуд нь бүрэн ажиллагаатай байх шаардлагатай бөгөөд шаардлага хангаагүй дугуйтай оролцогчийг гараанд гаргахгүй ажээ. Уг марафонд оролцох хөдөө, орон нутгийн баг тамирчид болон иргэд тээврийн бүх зардлаа өөрсдөө хариуцна. Энэ үеэр Сонирхогчдын дугуйн тэмцээнийг  зохион байгуулах бөгөөд бага насны хүүхдүүдийг 3-4 нас /50 м/, 5-6 нас /50 м/, 7-8 нас /100 м/, 9-10 нас /500 м/, 11-12 нас /1000 м/-ны эрэгтэй, эмэгтэй ангиллаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн зам дээр, Өсвөр үе, залуучуудыг 13-14 нас /3 км-1 тойрог/, 15-16 нас /3 км-1 тойрог/, 17-18 нас /6 км-2 тойрог/-ны эрэгтэй, эмэгтэй ангиллаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн зам дээр тойргоор уралдуулах хэлбэрээр  зохион байгуулах юм.

Насанд хүрэгчдийн тэмцээн 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Ням гарагийн 11:00 цагаас  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 19-39 нас /9 км-3 тойрог/, 40-49 нас /6 км-2 тойрог/, 50-59 нас /3 км-1 тойрог/, 60-дээш нас /3 км-1 тойрог/-ны эрэгтэй, эмэгтэй ангиллаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн зам дээр болно. Сонирхогчдын дугуйн тэмцээнд оролцогчид зөвхөн уулын дугуй болон ердийн дугуйгаар оролцоно. Оролцох хүүхэд, залуучууд, иргэд, хөдөө, орон нутгийн тамирчид, болон багууд оролцогчдынхоо тээврийн бүх зардлыг өөрсдөө хариуцна.Харин “EXTREME Trial”-ын үзүүлбэр, тэмцээн  2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн цагдаагийн хөшөөтэй талбайд эхлэх юм. Түүнчлэн Монголын дугуйн холбооны лицензтэй тамирчдын тэмцээн” 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Ням гарагт 15-16 нас /9 км-3 тойрог/, 17-18 нас /12 км-4 тойрог/,    19-34 нас /15 км-5 тойрог/-ны ангиллаар, ахмадууд 35-45 нас /12 км-4 тойрог/, 46-55 нас   /9 км-3 тойрог/, 55-аас дээш нас /9 км-3 тойрог/-ны ангилалаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн зам дээр болно. Лицензтэй тамирчдын тэмцээнд зөвхөн засмал замын дугуйгаар оролцоно. Тэмцээнд оролцох иргэд тамирчдын бүртгэлийг 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн өдөр бүр 09:00-17:00 цагийн хооронд Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын байранд Монголын дугуйн холбооноос томилогдсон нарийн бичиг бүртгэнэ. Бүртгүүлэх хүүхдүүд төрсний гэрчилгээний лавлагаа /ТҮЦ машинаас/, иргэд ба тамирчид иргэний үнэмлэхтэйгээ ирж бүртгүүлнэ. “Дугуйн марафон”-д оролцогчдод зохион байгуулах хорооноос нэгдсэн пайз, дугаар олгоно.


URL:

Сэтгэгдэл бичих