Өнөөдрөөс 30 минутын дотор сэлгэн суувал үнэгүй

Нийтийн тээврийн үйлчилгээний дамжин суултын хөнгөлөлт өнөөдрөөс эхлэнэ. Тодруулбал, энгийн, хүүхдийн, хөнгөлөлттэй зорчигчийн картаар хөнгөлөлтийг авна. Мөн хөнгөлөлтөөр үнэгүй зорчиж байгаа тохиолдолд тусгай дуут дохио дуугарах юм.

Ингээд та бүхэндээ дамжин суухдаа анхаарвал зохих зүйлсийн талаар Улаанбаатар смарт карт компаниас гаргасан мэдээллийг хүргэе.

  • Автобусанд сууснаас хойш 30 секундийн дараа картыг уншуулах /буух/ боломжтой болох бөгөөд 30 секундийн дотор эргэн буух тохиолдолд хөнгөлөлтийн эрх идэвхжихгүй. Зарим хүн урд хаалгаар суунгуутаа голын хаалганд дахин уншуулж байгаа учраас яг буухдаа уншуулах хэрэгтэй юм.
  • Эхний автобуснаас буухдаа арын хаалганд картаа заавал уншуулах ёстой бөгөөд арын хаалганд картаа уншуулсан хугацаанаас дараагийн автобусны орох хаалганд картаа уншуулах хүртэлх хугацаа 30 минутаас бага байх ёстой.
  • Дамжин суултын хөнгөлөлтийг эдэлсний дараа дахин суухад энгийн тарифаар төлбөр төлөгдөнө. Дахин дамжин суултын хөнгөлөлт эдлэхийн тулд эхний хөнгөлөлт эдэлсэн хугацаанаас хойш 4 цагийн дараа дамжин суухад хөнгөлөлт эдлэх боломжтой болно.
  • Олон хүний төлбөр төлсөн картын тухайд дамжин суухдаа ижил тоогоор дахин уншуулах эсвэл карт эзэмшигч ганцаараа уншуулсан тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжтой. Өөрөөр хэлбэл 3 хүний төлбөрийг нэг картаар төлж зорчоод дахин дамжин суухдаа дахин 3 хүний юм уу эсвэл 1 хүний төлбөр төлөхөд л хөнгөлөлт эдэлнэ. Харин өөр тоогоор буюу 2 хүний төлбөр төлөхөд хөнгөлөлт эдлэхгүй.
  • Нэг чиглэлийн автобуснаас буугаад эргээд тэр чиглэлийн автобусандаа суух тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжгүй.
  • Буух хаалганд картаа уншуулаагүй тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжгүй.
  • Дамжин суух хугацаа 30 минутаас хэтэрсэн тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжгүй.
  • Дамжин суултын хөнгөлөлтийн хэмжээ нь энгийн карт 500 төгрөг, хүүхдийн карт 200 төгрөг байна. Өөрөөр хэлбэл автобусны үнэ 500 төгрөг байх үед бүрэн хөнгөлөгдөнө. Харин автобусны үнэ жишээ нь 700 төгрөг байвал 500 төгрөг хөнгөлөгдөж 200 төгрөгийн төлбөр төлөлт хийгдэнэ.

Т.Болормаа


URL:

Сэтгэгдэл бичих