Хоригдлуудыг өршөөж, Г.Шийлэгдамба сайдыг хорьсон өдрүүд
ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас баривчлав
ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас өнгөрсөн лхагва гарагийн орой 22.30 цагт саатуулсан. Саатуулах болсон үндэслэл нь авлига авсан учраас саатуулсан гэж эх сурвалж мэдээлж байгаа юм. Гэхдээ АТГ-аас энэхүү асуудалд ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. Харин МАХН-ынхан улстөрийн захиалгатай хэрэг, хэлмэгдүүлэлт сайд Ш.Шийлэгдамбаар үргэлжилж байна гэж мэдээлээд байгаа билээ.
Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээлснээр ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас сэжигтнээр татан саатуулсан байна. Тодруулбал, АТГ-ын мөрдөн байцаагч Г.Шийлэгдамбыг цагдан хорих болсон үндэслэлээ прокурорт танилцуулжээ. Прокурор шүүхэд танилцуулсанаар шүүх захирамж гаргаснаар цагдан хорьсон аж.
Ийнхүү ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг сэжигтнээр татаж, 14 хоног цагдан хорихоор болжээ. Хэрэв энэ хугацаанд яллагдагчаар татвал түүнийг цагдан хорих хугацааг дахин хоёр сараар сунгах эрх нь нээлттэй юм байна. Шаардлагатай тохиолдолд 30 хоногоор сунгана.
Одоогийн байдлаар АТГ-аас сайд Г.Шийлэгдамбад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар хээл хахууль авах гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Дэд сайдууд цомхтголд орлоо
УИХ-аас 2015 оны төсвийн тодотголыг батлахдаа дэд сайдуудын төсвийг хасч баталсан. Тиймээс хууль батлагдсан өдрийн маргаашнаас дэд сайдууд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөөр болоод байсан юм.
Үүний дагуу Засгийн газраас дэд сайдууд энэ долоо хоногтоо багтааж цомхтгох шийдвэр гаргасан. Тэгвэл өчигдрийн байдлаар бүх яамдын дэд сайдууд үүрэгт ажлаа хүлээлгэж өгчээ.
Гэвч сүүлийн үед улс төрийн хүрээнийхний дунд дэд сайдууд цалингүйгээр үүрэгт ажлаа үргэлжлүүлэх санал гаргаад байгаа гэнэ. Үүнийг нь ч намуудын төлөөллүүд дэмжиж болох талаар ярилцаж эхэлсэн аж.
Сонгуулийн тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулна
УИХ-ын ээлжит сонгуулийн өдөр хоног хоногоор ойртсоор байна. Энэ хугацаанд сонгуулийн тухай хуулийг өөрчилж чадах уу, үгүй юу гэдэг асуултын тэмдэг хэвээр байна. Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхгүй байх нь эрх баригчдын бодлого. Харин өөрчилж чадах нь МАН болон бусад жижиг намуудын үзэл санаа болоод байгаа юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт ЗГ ээлжит бусаар хуралдаж сонгуулийн тухай хуулийг хэлэлцлээ.
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар УИХ-ын гишүүн Су.Батболд нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд асуудлыг зарчмын хувьд дэмжиж тодорхой саналыг хууль санаачлагчид уламжлахаар тогтжээ. Мөн УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын санаачлан боловсруулсан Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, зарим саналыг төсөл санаачлагчид хүргүүлэх нь зүйтэй гэж тогтсон байна.
МАН, МАХН хоёр нэгдэж магадгүй
Улс төрийн хүрээнд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлохуйц нэгэн үйл явдал нь МАН, МАХН хоёрын буцаж нэгдэх асуудал байлаа. Эх сурвалжуудын мэдээлж буйгаа хоёр нам нэгдэх нь цаг хугацааны асуудал болжээ. Намын дарга нар болон удирдлагууд энэхүү шийдвэрийг гаргажээ. Нэн түрүүнд МАН-ын ахмадууд удирдлагууддаа хандаж МАХН-тай нэгдэж 2016 оны сонгуульд оролцохыг уриалжээ.
Ингээд хоёр нам ирэх сонгуульд эвсэл болж эсвэл буцаж нэгдээд хамтдаа оролцох аж. Зарим эх сурвалжуудын мэдээлснээр энэ асуудлаас болж эрх баригчид ЭМС-ын сайдыг “оролдсон” гэх яриа ч байна.
ШШГЕГ-ын харьяа орон нутаг дахь шийдвэр гvйцэтгэх албадууд Өршөөл vзvvлэх тухай хуулийг хэрэгжvvлэх ажлын хvрээнд хорихоос өөр төрлийн ялтай 683 ялтны материалыг өршөөлд хамруулахаар харьяа прокурорт хvргvvлжээ. Орон нутгийн хэмжээнд 683 ялтны асуудал шvvхээр шийдвэрлэгдэхээр байгаа ба ялтнуудыг хорихоос өөр төрлийн ялаас өршөөн хэлтрvvлсний дараа 560 хvний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх, 500-аад хvний хилийн хоригийг цуцалжээ. Монгол Улсын хилээр нэвтрэх эрхийг сэргээх, мөн шийдвэр гvйцэтгэх ажиллагааны явцад битvvмжилсэн болон хураасан хөдлөх, vл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээлгэх талаар холбогдох газруудад албан бичиг хvргvvлэх ажлыг ШШГЕГ-ын харъяа Шийдвэр гvйцэтгэх газраас зохион байгуулан ажиллаж байгаа аж.
Тэгвэл өнгөрсөн пүрэв гарагт ШШГЕГ-ын харьяа цагдан хорих ангиудад ял эдэлж буй хоригдлууд суллагдсан байна.
Тодруулбал, Нийслэлийн Баянзvрх дvvргийн Хонхорт байрлах баривчлах ял эдлvvлэх 431 дvгээр ангийн 55, чанга дэглэмтэй 409 дvгээр ангид хvмvvжиж байсан 125 ялтан шvvхийн тогтоол сонсчээ.
Харин хуулийн хэрэгжилтийг хангахын тулд хоригдлуулыг суллах тул хөдөө, орон нутагт хvмvvжиж буй хоригдлууд ч суллагдаж байгаа аж. Нийслэлийн нутаг дэвсгэрт болон ойролцоох хорих ангиудын хvмvvжигчдийг Зайсан дахь хорих ангид нэгтгэн өнөөдөр гэрт нь хvргэх vйл ажиллагааг зохион байгуулах юм байна.
“Улаанбаатар смарт карт” ХХК-ийн удирдлагуудыг саатуулав.
Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан “Улаанбаатар смарт Карт” ХХК-ийн удирдлагуудыг саатуулсан талаар эх сурвалж мэдээлж байна. Тодруулбал, тус хэлтсийн албан хаагчид компанийн удирдлагуудаас байцаалт авна хэмээн авч явсан байна. Одоогоор ямар асуудлаар ийнхүү байцаалт авах болсон нь олны анхаарлыг ихэд татаж байна. Мөн сулласан уу, үргэлжлүүлэн хорьсон уу гэдэг нь тодорхойгүй байгаа юм.
Г.Шийлэгдамба сайд өргөдлөө өглөө
Хэрэгт буруутгагдаад буй Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нь өчигдөр албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгсөн юм.
Тэрбээр, “Би гэмт хэрэг үйлдээгүй, мөрдөн байцаалтын шатанд, эсхүл шүүхийн шатанд энэ нь үнэн мөнөөр тогтоогдоно гэдэгт итгэлтэй байгаа боловч энэ бүхэн нь улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан багагүй цаг хугацаа шаардах нь ойлгомжтой боллоо. Монголын ард түмний эрүүл энхийн манаанд нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж, нойр хоол, биеийн амрыг умартан нэг ч гэсэн өвчтөний амь насыг аврахын төлөө тэмцэж байгаа олон мянган эмч, сувилагч нарынхаа нуруун дээрээ тээж яваа эрүүл мэндийн салбарын хэвийн үйл ажиллагаа ямар нэгэн байдлаар доголдох, салбарын нэр хүнд бага ч гэсэн сэвтэхийг би хувьдаа хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Иймд өөрийн хүсэлтээр Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байгааг минь хүлээн авна уу. Надад итгэл хүлээлгэн Эрүүл мэнд, спортын салбарыг хариуцуулахаар нэр дэвшүүлсэн “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-дээ, ийнхүү нэр дэвшиснийг маань дэмжиж хамтран ажилласан УИХ болон Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нарт гүн талархаж байгаагаа илэрхийлье. Гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй гэдгээ Монгол Улсын Шүүхээр тогтоолгож цагаадсаны дараа та бүхэнтэйгээ нэр цэвэр, нүүр бардам дахин уулзана гэдэгт итгэж байна” гэсэн өргөдлийг өгсөн юм.
Ийнхүү Засгийн газар нэг гишүүнээ алдлаа. Тун удахгүй эзгүйрсэн орон тоонд хэнийг суулгах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.
Г.Лхагваа
Zaluu.com
URL: