Нэг шорон барихад 20 тэрбумыг…
Төсөв бол энгийн ойлголтоор эхлээд орлого л байгаа. Олсон орлогоо хэрэглээндээ хүргэж амьдардаг өрхийн төсвөөс нэг их зарчмын зөрүүгүй. Иргэн Дорж цалин зэрэг үндсэн орлого дээрээ шагнал урамшуулал, илүүдэл эд зүйлсэээ зарах арилжих зэрэг өөр эх үүсвэрээс олж болох мөнгөө нэмж гаргаад нөгөө талд нь идэж ууж өмсөж зүүх, автобус унаандаа өгөх мөнгө, гэрэл цахилгаанаа төлөх зайлшгүй зардлаа тооцоод зээл хүүгийн сар бүрийн төлөлтөө нэмээд юм илүү гарч байвал зурагт тавилгын ком авч чадах эсэхээ тооцно. Хөдөөний садан гэнэт хонь бэлэглэнэ. Тэрийг нь зарж олсон мөнгөөрөө төлчихнө гээд лизингээр машин унахаар гараад алхахгүй.
Орлого нь яагаад ч амьдрах зарлагад нь хүрэхгүй бол өөр нэмэлт орлогоо бий болгохоор арга сувэгчилнэ. Гэхдээ худлаа төсөөлөөд байхгүй. Хэмнэлт яаж хийхээ л эхлээд бодно. Тог цахилгааны мөнгөө хэмнэнэ. Ингэхдээ тогоо хэмнэж байна гээд хөргөгчөө салгаад махаа муутгаад байж болохгүй. Угаалгын машин хэрэглэхээ болиод гараар угаадаг болж болно. Ойр газарт алхдаг болж болно. Машинаа тавиад дугуй унаж болно.
Товчдоо бодитой л бол байж болох хэмнэлтийг хийж хэрэгтэй. Цагаан сараар бэлэн мөнгөний золголтоор гэнэт орлго орно гэж өрхийн төсвөө хэзээ ч тооцохгүй. Орлогоо бодитой тооцоод зарлагаа хэмнээд баланслуулах. Илүү юм гарвал гэр орон, байшин сууцандаа засвар хийж шинэ тавилга авахаар тооцно. Бүүр болмоор бол гадаадад аялж амарна гэх мэт. Улсын төсөв үүнтэй л адил. Орлого нь бодитой, зарлага нь тэрэндээ захирагдсан байх .
Төсөв хэмнэнэ, бүтцээ өөрчилнө гэж цоглог дуугарсан Засгийн газар алхам алхмаар ухарсаар хуучин байрлалдаа шилжчихлээ. Би нэг юм мэдрээд байна гэдэг үзмэрч нар шиг хэмнэх хэрэгтэй гэж ойлгож байгаа ч яаж гэдэг дээрээ нарийн задаргаа хийж төсвөө оруулж ирж чадсангүй.
Засгийн газрын бүтцийн тухай хуулийн төслийг өргөн бариад буцаан татан авч байна. Ингэхдээ хэсэгчилж татан авснаас болж төрийн байгуулага яам агентлагуудын төсөв хуваарилалт холион бантан болж байгаа бололтой. Сүүлийн 3 жилд 87 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн Усны сав газрыг татан буулгана гэсэн нь байнгын хорооны гишүүдийн гайхшлыг барсан байсан.
Удирдлагын зардлыг багасгах зорилгоо төрийн албан хаагчдыг цомхотгоно гэж хайрцаглан оруулснаас болж поулизмд өртөж ямар ч хэмнэлт хийж чадахгүй болов. Угтаа бол цомхотгох биш хэтэрхий олширч давхардсан удирдлагын тоог хасаж танах асуудал байсан. Улс төрийн бялуу хуваалтаар захиалгат яамд шинээр төрснөөр 2012 онд 164 мянга орчим байсан төрийн албн хаагчид хоёрхон жилийн дотор 181 мянга болж даруй 17 мянган орон тоогоор тэлсэн байх. Үүнийгээ эргээд хумьж төсөвт хэмнэлт хийх төсөл хэлэлцүүлгийн явцад төрийн албан хаагчдыг хоморголон халах санаа болж хувирлаа.
Одоо төрд данслагдаад төсвөөс цалин авч байгаа орон тооны 181 мянган ажилчдын 90 мянга гаруй нь боловсрол, эрүүл мэнд, соёл, спортын салбарынхан бөгөөд хэмнэлт цомхотголд өртөхгүй. Үлдэх 80 гаруй мянган орон тоог бол танаж хэмнэлт хийж болох тооцоог аудит хийсэн байсан. Хоёр жилийн дотор 60 орчим орон тоотой байсан яам 100 гаран албан хаагчтай гурван яам болж салбарлан үржиж төсвийн дарамтыг нэмсэнийг буцаагаад хэвэнд нь оруулахыг бүтцийн өөрчлөлтөөр хийх хэмнэлт гэж яриад байгаа. Үүнийг төрийн албан хаагчдыг бөөндөн ажлаас халах санаархал болгон хувиргаад ард түмэндээ хайртай болж унагаахаа улстөрчид мэднэ. Энэ уламжлалт шоугаар төсөвт зайлшгүй тусах ёстой байсан хэмнэлтийн нэг том багц үгүй боллоо.
Хар үгээр бол хаанаас хэдий хэрийг олох нь “бүү мэд” байгаа орлогыг “олз” олохтой адил хийсвэрлэн төсөөлж байгаа нь хөөс дахиад бий болгож буйг эдийн засагчид шүүмжилж байна. Алт мах зэрэг төслөөс тооцсон орлого бол тун бүрхэг.
Ирэх оны эхний хагас гэхэд 128 тонн мах, махан бүтээгдэхүүн экспортлох судалгаа гаргасан байсан. Хятад-Монголын хамтарсан экспогийн үеэр зургаан тэрбум юанийн мах экспортлох гэрээ хийсэн гэдэг. Гэтэл Баян-Өлгий аймагт шүлхий гарснаар Хятадын талаас махны экспортыг нэг жилээр хойшлуулсан хорио цээр гаргачихлаа гэж төсөв хэлэлцэж буй энэ өдрүүдэд хэвлэлүүд мэдээлж байна. Махнаас төсөвт оруулахаар тооцсон орлого лав хонхойгоод явчихаж мэдэхээр болчихлоо. Энэ мөнгөөр хэдэн төрлийн ажил төсөл санхүүжүүлнэ гэж төсөвлөсөн байгаа юм бол доо. Ингээд л батлаагүй байхад зарим орлого нь байхгүй болж эхэлж байгаа юм. Үнэндээ бол хорио цээр тавиагүй байсан ч манай талаас мах экспортлох бэлтгэл ажил бараг “тэг” хувьтай байгаа гэж болно. Гадаад талын шаардлагыг хангах түвшинд очтол нэг жил байтугай л хийх бэлтгэл ажил шаардагдахаар харагддаг.
Эдийн засгийн ил тод байдлын хуулийн хэрэгжилтээс мөнгө орж ирнэ гээд л орлого талдаа томоор аваад өөрсдийгөө хуураад л байна. Улс төрийн нөхцөл байдал, эрх зүйн орчин ийм тогтворгүй байхад цөөнгүй нь нуусан хөрөнгөө ил болгох эсэхдээ эргэлзэж сугарч үлдэхийг тооцох л ёстой байх. Хэд орж ирэхийг нь мэдэхгүй мөнгийг яаж зарцуулахаа тооцоод төсөв хийгээд байх нь өөдрөг гэхээсээ өөрийгөө хуурсан л явдал болж байгаа.
Тавантолгой, Оюутолгойгоос орох мөнгө гэж төсвийн орлого талд том тоо бөглөж байгаа нь тодорхой. Тавантолгойн хувьд бол цааш явна гэхэд тун эргэлзээтэй улс төр эхлээд байна. Х.Баттулга, Л.Эрдэнэчимэг нарын засагт өгсөн “гэрийн даалгавар”-аар бол Тавантолгойд шинэ хөрөнгө оруулагч хайх л гарц харагдаж байгаа. Энэ тогтоолын төслийг 40 гишүүн дэмжиж гарын үсгээ зурсан гээд тооцвол бараг хүчинтэй болох ба Тавантолгойгоос мөнгө орох хүлээлт дараа жилээ дааж мэдэх бодит нөхцөл байдал үүсээд байна. Энэ нь төсвийн орлогод том цоорхой гаргаж мэднэ. Зарлагаа зөвтгөхийн тулд энэ бүхнийг сонсох ч үгүй дүлийрч “өөдрөг” гэсэн цагаатгалтай төсвөө батлуулахаар яарч байна.
Төрийн банк, Хөрөнгийн бирж гэсэн томхон хувьчлалаас 171.7 тэрбум төгрөг төсөвт оруулна гэж тооцсон байх. Гэтэл томоохон хөрөнгийг хувьчлахын тулд зарлах, үнэлэх, хөрөнгө оруулагч олох, үндэслэл тооцоог нь гаргах, гэрээ хэлэлцээ хийх гээд жилээ даах бэлтгэл ажлууд одоо эхлээгүй байгаа. Энэ мэт бодит байдлаар буулгаж харвал төсвийн орлого талд бүрхэг төсөөлөл их байгааг Улсын ерөнхий аудитор хэлсэн байсан. Өнгөрсөн 2014 онд өмч хувьчлалаас 181.4 тэрбум төгрөгийг төсөвт оруулна гэж төлөвлөсөн ч биелээгүй.
Нэг шорон барихад 20 тэрбумыг суулгасан ирэх жилийн төсвийн төсөлд цалин тэтгэвэр нэмэх мөнгө багтсангүй. АСЕАМ-ыг зохион байгуулахад 350 тэрбум төгрөг шууд гарах нь тодорхой болоод байгаа. Үүнийг улсын төсөв, Хөгжлийн банк, Монголбанк хамтран гаргана.
Хэмнэлт бас дахин хэмнэлт гэсэн тодотголтой энэ төсөв бодит хэмнэлтээ барьж хөрсөн дээрээ буухгүй л байгаа харагдаж байна. ДНБ-ийг 27 их наяд төгрөг давахаар тооцсон төсөөлөлд суурилж байгаа 2016 оны төсвийн төслийг бодит хөрсөнд нь буулгах цаг бас ч байна шүү, Түшээд ээ.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/
URL: