Ерөнхийлөгчийн эрх мэдлээс давсан харийхны түрэмгийлэл
Сормуусан дээрээ тоосонцор тогтоож, чихнийхээ угалзанд тортог хунгарлуулсан эгэл ард бол Ховд аймаг дахь Хөшөөтийн уурхайн ажилчид.
Тэд ардчилсан нийгмийн хөрсөнд жинхэнэ утгаараа боолын хөдөлмөр эрхэлж сууна. Эх орныхоо нутаг дэвсгэр дээр өглөөнөөс үдшийн бүрий хүртэл мал нохой мэт зүтгэх уурхайн туслах ажилчид сард 200-300 мянган төгрөгийн л хөлстэй ажилладаг.
Харин ажлын голыг нугалах уулын ажилчид 800 мянга хүрэх үү, үгүйтэй цалин авдаг гэнэ. Түүнчлэн эл уурхайн ойр орчим нутаглах малчин өрхүүд монгол жаягаараа агаар салхинд ааруул идээгээ хатаахаа болиод долоо гаруй жилийн нүүр үзэж буй талаар нутгийн иргэд хуучилж байсан.
Өглөө дээрээ хатаахаар тавьсан ааруул нь орой гэхэд нүүрснээ өөрцгүй болдог аж. Мөн уурхайн хар тортогийн хажуугаар урд хөршийг зорих хүнд даацын ачааны машинуудын дуу чимээ хэрээс хэтэрчээ. Өдрийн цагаар цэцэрлэгийн багачууд унтлагын цаг бус “Хэн тэвчээртэй вэ” тэмцээн явуулдаг талаар эл салбарынхан ам уралдуулан ярьж байсан.
Хамгийн гол нь 1500 орчим хүнтэй эл нутаг дэвсгэрт ямар ч эмнэлэг байхгүй. Сайн дурын ганц сувилагч бүсгүй байдаг нь гэртээ өвчтнөө хүлээн авч анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлдэг төдийхөн.
Тэгэхээр эл уурхайг харийнхан хэдийгээр манай улсын хуулийн цоорхойгоор өөрийн болгосон ч Монгол Улсын газрын хэвлий дэх баялаг нийт ард түмний өмч гэх зүйл, заалт өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Гэвч бодит байдал дээр Хөшөөтийн уурхайд БНХАУ-ын “Мо Эн Ко” компанийн хятад ноёд эдийн засгийн ноёрхлоо тогтоож, нутаг орон, байгаль орчныг нь лиценз гэх алга дарам цаасаар түрий барин сүйтгэж, сүйрүүлсээр долоон жилийг ардаа орхижээ.
Сүүлдээ бүр нутаг орны удирдлагууд болоод Ерөнхийлөгч, УИХ-ын мэдэл ч энэ газарт багадах болов. Учир нь Монголын тал нутгийн баруун хязгаарт орших Ховд аймгийн Дарви, Дэцэг сумын заагт байрлалтай тус уурхайн ажил байдалтай өнгөрсөн тавдугаар сарын 26-28 ны өдрүүдэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ц.Шинэбаяр нар танилцсан.
Мөн МАН-ын “Ард түмнээ сонсох” аяны хүрээнд нэр бүхий гишүүд уурхайн аж байдлыг газар дээр нь очиж нүдээр үзсэн. Түүнчлэн тус орд газар үйл ажиллагаагаа муу явуулж байна гэсэн дүгнэлтийг Улсын мэргэжлийн хяналтын газраас гаргаж, үүдийг нь барьсан.
Гэвч өнөөдөр “Мо Эн Ко” компанийнхан Монгол Улсын хууль цаазыг уландаа гишгэж, аль хэдийнэ үйл ажиллагаагаа өдөр шөнөгүй явуулж байна.
Хамгийн хачирхалтай нь төрийн өндөрлөгүүд болон албаныхан уурхайн аж байдалтай танилцаж, эл нутагт эзэн суусан харийнхныг хөөж гаргах талаар ам өчиг өгөөд буцдаг ч Монголын хууль гурав хоног гэгчээр түр хугацаанд үйл ажиллагааг нь зогсоохоос хэтэрдэггүйд л асуудлын цөм оршиж буй.
Хэрвээ Монгол гэгч улсад хууль дүрэм, төр засаг гэж байдаг л бол эл уурхайд анхаарлаа хандуулах цаг нь хожимдсон уу, гэхээс эртдээгүй байлтай. Эсвэл Хөшөөтийн уурхайг урд хөршийнхөн клончлолд авсан юм уу. Яагаад өнөөг хүртэл төр засгаас уурхайн үнэн төрхийг нүдээр үзэж, баримтаар харсаар байж ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаа нь ийн эргэцүүлэхэд хүргэв.
Тэгэхээр харийнхны өмнө Монголын төр засаг хүчгүйдэж байна. Ерөнхийлөгчийн үг мөхөстөж, төрийн түшээдийн шийдвэр үнэгүйдэж байгаа нь ямар шалтгаантай бэ. Асуудал бүхний цаана учиг бий гэдэг нь л үнэн. Ямартай ч Хөшөөтийн гэх Монгол газар нутагт урд зүгийнхэн бяцхан вант улсаа тамшлжээ.
Бүр сүүлдээ эх газрынхны авир хэрээс хэтэрч, монгол ажилчдыг төртэй, юутай нь ад үзэх болж. Нутгийн иргэдийн ярьж буйгаар “Мо-Эн Ко” компанийн ажилчдын дарамт шахалт, өдөр өнгөрөх тусам хүчээ авч төрсөн газар орондоо тогтож суухад хэцүүхэн болсон гэнэ.
Наад зах нь гэхэд л, уурхайд орон нутгаас ажиллаж байгаа хүн маш цөөхөн аж. Харин арга ядсан аймгийн удирдлагууд тосгоныг нүүлгэн шилжүүлэх талаар холбогдох эрх мэдэлтнүүдэд уламжлах болсоор нэлээд хэдэн сарыг үдсэн талаар чих дэлссэн юм.
Манай улсын хууль тогтоомжоор ямар газар оронд газрын баялаг байна. Тэр чинээгээр тухайн орон нутгийн ахуй амьдрал дээшилдэг үе үеийн уламжлал бий. Гэвч Хөшөөтийн уурхайн тухайд, Ховд хотод өгөөжөө өгөх нь битгий хэл харин ч дарамт болж буй. Өнгөрсөн жил тус аймгийн санхүүжилтыг эл уурхайгаас шууд хамааралтайгаар төсөвт тусгажээ.
Гэтэл нэг ч төгрөгийн нэмэр болоогүй тус уурхайн нүүрс хаашаа, ямар замаар оддог нь ойлгомжтой. Харин улсын санд оруулах ёстой татвар төлөөсийн асуудал нь бас л бүрхэг хэвээр байна.
Түүнчлэн хүйтэн хахир цаг хаяанд тулсан энэ үед ховдчууд Хөшөөтийн уурхайгаа зорин хүссэн хэмжээгээрээ хар алтаа нөөцөлдөг байлаа. Харин одоо бол эх нутгийн эздүүд нэг машин шороотой нүүрсийг 400-500 мянган төгрөгөөр худалданавч байна. Түүгээр ч зогсохгүй аймгийн халаалтын асуудал жил бүр хэл ам дагуулах болж.
Тэгэхээр гадныхны гар хөл болсон “Мо Эн Ко” компани нь Хөшөөтийн ордыг бүхэлд нь хамарсан ашиглалтын долоон тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Уурхайн нүүрсний нөөцийн хэмжээ 87.5 сая тонноор тогтоогдоод байгаагаас 40 тонн нь коксжсон нүүрс байх магадлалтайг мэргэжилтнүүд хэлэх болсон.
Мөн эл уурхайн нүүрс 11 давхарга үеэс тогтосны 30-40 см-ээс нэг метр хүртэл зузаантай. Ийм хэмжээний газрын баялаг ухаж байгаа “Мо Эн Ко” компани нь Ховд аймгийн удирдлагуудтай хийсэн гэрээгээ өнөөг хүртэл биелүүлээгүй байна. Гэтэл үнэн хэрэгтээ Хонконгийн хөрөнгийн бирж дээрээс Хөшөөтийн нэрээр гурван тэрбум орчим ам.доллар босгоод байгаа юм.
Хамгийн гол нь энэ компанийнхан өөрсдөдөө ашигтай хөрөнгө оруулалтыг нүд ирмэх зуур хийж, зам мөрөө засч улам лавшруулах болов. Жишээ нь гэхэд л, манай газрын хэвлий дэх баялгийг зөөх гэж 200 сая ам.доллараар авто зам тавьсан. Гэтэл хажууханд нь байгаа ганц сумын төвийг авто замтай холбох асуудлыг хэдэн жил хав дарав.
Түүнчлэн нүглийн нүдийг гурилаар хуурав гэгчээр орон нутгаас хөрөнгө мөнгөө нэхэхээр ганц хоёр зоосоор гурилдаад өнгөрнө. Цэцэг сумын төвд гэхэд л, Соёлын ордон барихад нь зориулж 120 сая төгрөг өгөх ёстойгоос 30 саяыг л хэрүүл маргаантайхан өгөх шив.
Харин тус барилга нь санхүүжилтгүйгээс болж, юун соёлын төв балгас шиг юм хоёр ч өвлийг үдэж байна. Мөн Мөст сумын Засаг дарга тус компанид усны хайгуул хийхийг зөвшөөрснийхөө төлөө сумын хөгжилд дэмжлэг үзүүлэхийг хүсэж 80 сая төгрөг үзэглэсэн ч мөн л луу унжиж 40 саяыг бэлнээр өгсөн гэнэ.
Гэхдээ нөгөөтэйгүүр, эх нутгийнхаа эзэн нь болсон ховдчууд иймэрхүү цөөн тооны мөнгөөр өөрсдийгөө аргамжуулах нь харийнхны өгөөш болох нэгэн шалтгаан болж буй. Тэгэхээр энэ байдалд яах аргагүй УИХ, Засгийн газрын бодлого, төлөвлөлт, хяналт хэрэгтэй.
Түүнчлэн харийнхны хэл ам болсон “Мо Эн Ко” компанийн ажилтнууд монголчуудаа хүн байгаа чинээд авч үздэггүй талаар уурхайн ажилчид дуу нэгтэй хэлж байсан. Харин тус компанийн Ховд аймаг дахь төлөөлөгч Х.Наранцэцэг “Манай байгууллага монгол ажилчид болон тосгонд оршин суугчдын нийгмийн асуудлыг анхаарахгүй биш анхаардаг. Хамгийн сүүлд гэхэд л, ундны усыг нь зөөж, гэр гэрийнх нь гадаа хүргэж өгдөг болсон. Toг цахилгааныг 16.00-01.00 цаг хүртэл үнэ төлбөргүй зарцуулах эрх олгосон.
Манай компани орон нутгийн хүүхдүүдийг мэргэжил боловсролоор хангаж, сайн боловсон хүчинтэй болгох үүднээс өөрсдийнхөө зардлаар зам тээвэр, барилга зэрэг олон мэргэжлээр сургаж байна. Мөн захын алслагдсан аймаг гэдэг утгаар нь ажилчдынхаа Улаанбаатар явах, ирэх унааны зардлыг нь даадаг.
Тиймээс нутгийн иргэдийг үл ойшоодог гэх ойлголт олны дунд тархсан нь худлаа яриа. Анх манай компанийг байгуулагдахад энэ тосгонд 30 өрх айл байсан. Одоо 200-гаад өрх амьдарч байна. Манай гадаад дарга нар орон нутгийн иргэдтэй ойр дотно хамтарч ажиллах, эвтэй байхыг бидэнд захидаг.
Орон нутгийн хүмүүс янз бүрийн юм ярьж байгааг би улс төртэй холбон ойлгож байгаа. Учир нь нэг хэсэг манай уурхайн талаар буруу мэдээллийг их цацаж байсан. Үүний цаана хэн нэгэн улстөрчийн хатгалгаа заавал байгаа” хэмээн ярив. Гэтэл оршин суугчдын хэлэх үг, барих баримт өдөр шөнө шиг ялгаатай байсан юм.
Түүнчлэн тус компани “Хөшөөтийн үйл ажиллагаа” төсөл боловсруулан орон нутагт томоохон дулааны цахилгаан станц барих тусгай зөвшөөрөл авсан. Гэвч эл асуудал өнөөг хүртэл цаасан дээрх мөрөөдөл хэвээрээ байна. Уг нь эл төсөл ажил хэрэг болбол ОХУ-аас импортоор цахилгаан эрчим хүч авдаг Ховд аймгийн болон бүс нутгийн хэмжээнд тун өгөөжтэй билээ.
Гэтэл Хөшөөтийн уурхайн шимийг урд хөршийнхөн амталж, баялгийн эзэн болсон манай улс ганзага тааруу байгаа нь бодит үнэн. Хамгийн инээдтэй нь “Мо Эн Ко” компани үйл ажиллагаагаа эхлээд бүхэл бүтэн долоон жил болсон ч одоог хүртэл үүнийг үгүйсгэдэг байна.
Учир нь энэ онд тус компани орон нутгийн орлогын нийт 3.1 хувийг Хөшөөтөөс олох ёстой байсан. Тодруулбал, нэг тэрбум 400 сая төгрөгийг Ховд аймгийн хөгжил цэцэглэлтийн хөрөнгөд оруулна гэсэн үг. Харамсалтай нь нэг ч төгрөг аймгийн дансанд хийж чадаагүй байна.
Үүний гол шалтгаан нь өөрийнхөө үйл ажиллагааг эхлүүлээгүйтэй холбоотой гэж үзэж байгаа аж. Эцэст нь хэлэхэд, Монгол Улс төртэй бол эл асуудлыг анхааралдаа авч, гадныхныг эх орондоо ноён суух эл үйлдлийг таслан зогсоох цаг нь болсон гэдгийг сануулая.
О.Сэлэнгэ
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: