Өршөөгдсөн иргэд айдастай байна
Өршөөлд хамрагдсан ялтнуудыг өчигдрөөс суллаж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан, бид ШШГЕГ-ын харьяа Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах баривчлах ял эдлүүлэх 431 дүгээр анги болон чанга дэглэмтэй 409 дүгээр анги дээр очиж Өршөөлийн хууль хэрэгжүүлэх шүүх хуралдааны үйл явцтай танилцсан юм.
Бидний эхний очсон газар бол баривчлах ял эдлүүлэх 431 дүгээр анги. Тус хориход 3-6 сар хоригдох ял авсан нийт 49 хүмүүжигч байсан бөгөөд бүгд өршөөлийн хуульд хамрагдана суллагдаж байсан юм. Тэдний дунд суллагдахад 5 хоногийн хугацаа үлдсэн хүн ч байсан юм. Тэд цөөхөн хоногийн ялтай байсан болоод ч тэр үү өршөөлийн хуулийг хүлээсэн, өршөөгдөж байгаадаа баярласан шинж харагдаагүй юм. Тиймээс бид тус ангийн хүмүүжигч А-гаас сэтгэгдлийг нь сонссон юм.
Баривчлах ял эдлүүлэх 431 дүгээр ангийн хүмүүжигч А: Уурын мунхгаар үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна
-Өршөөлийн хуульд хамрагдаж суллагдахаар боллоо. Сэтгэгдэл хэр байна.
-Өршөөлийн хууль гарсанд маш их баяртай байна. Төр засагтаа үнэхээр их баярлаж байна. Энэ хуулийг наадмаас хойш маш их хүлээсэн. Ганц хоног, нэг цагийн өмнө ч болов эндээс гарахыг хүсч байсан. Суллагдаад эхнэр хүүхэд дээрээ очоод сайхан амьдрах болно.
-Ямар хэргээр энд орсон бэ?
-Би 96.1-ээр орсон. Уурын мунхгаар үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Ахиж хэрэг төвөгт орооцолдохгүй.
-Үеийн залуустаа хандаж юу хэлмээр байна?
-Залуучууд үл ойлголцол дээрээс болж алдах нь их байна. Тиймээс архи тархинаас хол байж, аав ээждээ ойрхон байгаарай гэж захимаар байна.
Харин чанга дэглэмтэй 409 дүгээр ангийн хүмүүжигчид гаднаас нь харахад өршөөлийн хуулийг тэсэн ядан хүлээж байсан нь тодорхой байсан юм. Тэдний ихэнх нь олон жилийн ялтай бөгөөд дунджаар 1-2 жилийн ял нь өршөөгдөж байлаа. Тодруулбал, Тус ангид хүмүүжиж байсан 125 ялтан өчигдөр шүүхийн тогтоол сонсож 44 ялтан төрийн өршөөлийг хүртэж, эрх чөлөөтэй болсон юм. Харин үлдсэн хүмүүсийн ял нь хөнгөрч байсан юм. Тэдний дотор 2, 3 дах удаагаа өршөөлийн хуульд хамрагдаж байгаа хүмүүс ч цөөнгүй байлаа. Тус ангийн хүмүүжигчдийн ихэнх нь хулгай дээрэм, танхай, залилангийн хэргээр ял эдэлж байгаад суллагдаж байгаа аж. Тэд суллагдаж байгаадаа баяртай байгаа хэдий ч нийгэм тэднийг хэрхэн хүлээж авах бол гэх битүүхэн айдастай байгаа биднээс нуугаагүй юм.
Өршөөлийн хуулийн хэрэгжилтийн талаар хорих 409-р хорих ангийн нийгмийн ажилтан, хошууч Г.Бахдалтай ярилцлаа.
-Чанга дэглэмтэй 409-р ангийн ялтнуудын өршөөлийн хуульд хамрагдаж байгаа байдлын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Энэ удаагийн өршөөлийн хуулиар өмнө нь өршөөлийн хуульд хамрагдаж байсан үл харгалзан ялтнуудад жигд тусаж байгаа. Өнөөдрийн байдлаар 370 гаруй ялтан ял эдэлж байгаагаас судалгаанд 128 ялтан хамрагдаж байгаа. Үүнээс 44 нь суллагдах саналтай байгаа. Судалгааг тоо бүртгэлийн алба болон нийгмийн ажлын алба судалгааг гаргасан. Өршөөлд хамрагдах зүйл заалтынх нь дагуу хийгээд явсан байгаа.
-Өршөөлд хамрагдах хоригдлуудыг гарахаас нь 6 сарын өмнө нийгэмшүүлэх ёстой гэдэг. Танай ангийн хэмжээнд нийгэмшүүлэх ажлыг хэр хэмжээнд хийсэн бэ?
- Нийгэмшүүлэх ажлыг суллагдахаас өмнөх 6 сард тогтмол явуулж байгаа. Ял эдэлж байгаа ялтныг нийгэмшүүлэх гэдэг нь ялтныг ирэхээс суллагдах хүртэл хийгдэж байдаг. Тухайлбал, хорин хэдтэй залуу алдаж орж ирлээ гэхэд, мэргэжлийн дадал олгох сургалт, өөрийг нь хөгжүүлэх сургалтууд, үйлдвэрлэл эрхлэхэд нь туслах зорилгоор мэргэжлийн зэрэг олгох сургалтуудыг тогтмол явуулдаг.
-Танай ялтнууд хөдөлмөр эрхэлдэг үү?
- Ажлын заалттай, тогтмол цалинтай 200 гаран ялтан байгаа.
Чанга дэглэмтэй 409 дүгээр ангийн хүмүүжигч
З: Хорих анги бол хүсэх газар биш
-Ямар ял аваад, хэр хугацаа үлдсэн байсан бэ?
-5.8 жилийн ял авсан. Тэрнээс 3.8 жил 11 хоногийг нь биеэр эдэлсэн. Үлдсэн жил гаруй хугацаа нь өршөөгдлөө.
-Өршөөлийн хууль батлагдах гэж нэлээн удлаа хэр хүлээлттэй байв?
-Өршөөлийн хуулийг маш их хүлээсэн. Хориг тавиад, хойшлоод байхаар сэтгэл хямраад хэцүү байлаа. Гэхдээ одоо суллагдаад гэртээ харих гэж байгаадаа итгэж өгөхгүй л байна. Цаг хугацаа явж өгөхгүй хэцүү байсан.
-Гараад юу хийх вэ?
-Би хууль эрх зүйн чиглэлээр суралцаж байгаад энд орсон. Ямартай ч эхний ээлжид үргэлжлүүлэн сурна.
-Үеийн залуустаа хандаж юу гэж хэлмээр байна?
-Би энд ороод их зүйлийг ухаарсан. Өмнө нь яаж явж байсан. Одоо яаж явж байгаагаа их бодсон. Тиймээс залуустаа чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, соёлтой амьдраарай л гэж хэлмээр байна. Хорих анги бол хүсэх газар биш шүү гэж хэлмээр байна.
Чанга дэглэмтэй 409 дүгээр ангийн хүмүүжигч Ц: Нийгэм биднийг хүлээж авахгүй байх гэсэн айдас байна
-Өршөөлийн хуульд хамрагдаад суллагдлаа. Сэтгэгдэл хэр байна?
-Мэдээж сайхан байна. Энд давтан хэрэгтэй хоригдлууд нэлээд байдаг. Өршөөлийн хуулиар суллагдлаа ч гэсэн нийгэм хүлээж авахгүй байх нь элбэг. Тиймээс бага зэргийн айдас байна. Миний хувьд 1 жил зургаан сар 11 хоногийн ялаас чөлөөлөгдсөн. Ээж дээрээ очоод ажил хийж, ээжтэйгээ хамт сайхан амьдарна.
Тэдний яриа болон харцнаас алдсан алдаандаа гэмшсэн, дахиад алдахгүй сайхан амьдарна гэсэн чин хүсэл мэдрэгдэж байсан юм.
Гэтэл манайхан “Өршөөлөөр олон хоригдол суллагдах нь, аймшигтай юм, гарч ирээд бүгдээрээ гэмт хэрэг хийвэл яана гэж сүржигнэцгээж байна. Өршөөлийн хуулиар суллагдах 1700 гаруй хүн өмнө нь бидний л дунд ажиллаж, амьдарч байсан. Юунаас нь айх билээ. Монголчууд бид цөөхүүлээ. Суллагдах 1700 хүн бидний ах дүү, амраг садан, үр хүүхэд. Ээж нь хүүгээ ороод ирнэ гэж хэчнээн хоног нойргүй хүлээж байгаа бол. Дүү нь ахыгаа хүлээж хэрхэн догдолж байгаа билээ. Хүү нь ээжийгээ тосч үнсүүлнэ гээд тэсч ядан байгаа. Хүүгээ, ханиа, дүүгээ, хамаатнаа хүлээж авах гээд дор бүрнээ бэлтгэл хийж байгаа. Өршөөлд хамрагдаад эрх чөлөөтэй болж хүн шиг амьдрах юмсан гэсэн бодол тэдний сэтгэлд хадаатай байгаа нь дамжиггүй. Тиймээс тэднээс айж сүржигнэх биш суллагдах иргэндээ үйлчилгээ үзүүлэх бэлтгэлээ хийх нь зөв.
Өршөөлийн хууль гарсны дараа эрүүгийн нөхцөл байдал хүндэрнэ гэж ярьж суухын оронд алдсан нэгнээ дэмжих хэрэгтэй. Төрийн өршөөл бүх л үед төрийн хишиг байсан. Дэлхий дээр ч төр нь иргэнээ өршөөдөг жишээ олон л байна. Гэтэл нийгмээрээ дургүйцээд, эсэргүүцээд байх юм. Зөв нь буруудаж, зөөлөн нь хатуудсан хорвоо гэж ярьдаг. Дайсагнасан, өширхсөн, энэрэлгүй сэтгэлтнээр Монгол улс маань дүүрчхээгүй байлтай. Өршөөгдсөн хүмүүсээсээ айж байна гэж сүржигнэхийн оронд өршөөгдсөн иргэнээ хүлээж авах бэлтгэлээ сайн хангамаар байна.
Алдаа гаргадаггүй хүн гэж байдаггүй. Алдсан нэгэндээ алдаагаа засах боломж олгох нь зүйтэй байх. Хамгийн гол нь төрийн ивээл, итгэлийг дааж ахин гэмт хэрэг үйлдэхгүй байхаа амлан өршөөгдсөн хүмүүжигчид маань амлалтаа биелүүлж зөв амьдраасай.
Т.Болормаа
URL: