Х.Наранхүү Л.Пүрэвдоржийг чирч магадгүй
УИХ-ын гишүүдтэй холбоотой хэд хэдэн авлигын гэх хэргийг АТГ-ынхан шалгасан ч заримыг нь хэрэгсэхгүй болгосон. УИХ-ын гишүүн Л.Гүндалайгийн хэрэг гэхэд л өршөөлд хамрагдсанаар хэрэгсэхгүй болсон. Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Наранхүүг “Эрдэнэт үйлдвэрийн захирал байхдаа их хэмжээний хөрөнгө хувьдаа завшсан гэх үндэслэлээр сэжигтнээр татаад байсан бол энэ удаа эд хөрөнгийг нь битүүмжилж, яллах саналыг АТГ-ын мөрдөн байцаагч нийслэлийн Прокурорын газарт тавьсан талаарх мэдээлэл байна. Энэ талаар АТГ-аас тодруулахад,
-“Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хөрөнгө битүүмжлэх, батлан даалт, барьцаа авах, гадагш явах эрхийг хязгаарлах нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд мөрдөн байцаагч, прокурорын эрх хэмжээний асуудал гэдгийг зааж өгсөн байдаг. Прокурор хуульд заасан эрхийнхээ дагуу хэргийг мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хянаад, буцааж ирүүлсэн. Мөрдөн байцаалтын ажилллагаа үргэлжилж байна” гэх хариултыг өглөө.
Харин УИХ-ын гишүүн Х.Наранхүүгийн хөрөнгийг битүүмжилж, хил давахыг нь хориглосон тухай мэдээллийг нийслэлийн Прокурорын газрын нэгдүгээр албаны хяналтын прокурор Т.Жадамбаагаас тодруулахад “Хэрэг шалгагдаж байгаа болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Ямар ч байсан хөрөнгийг нь битүүмжилсэн болон улсын хил давахыг хориглосон талаар одоогоор мэдээлэл алга” гэсэн хариултыг өгсөн юм.
Энэ хэргийг хариуцсан прокурор нь одоогоор ээлжийн амралтаа авчээ. Ямартай ч АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Х.Наранхүүгийн хэргийг Прокурорт шилжүүлэхэд хянаж үзээд дахин мөрдөн байцаалтад буцаав. АТГ-ын өгч байгаа мэдээллээр бол Х.Наранхүүгийн эд хөрөнгийг битүүмжилж, гадагшаа явахыг нь хориглосон бололтой. Харин өөрийнх нь байр суурийг сонсох гэсэн боловч Х.Наранхүү гишүүн орон нутагт ажиллаж буй гэнэ. Түүний туслах нь “Энэ талаар огтхон ч мэдээгүй байгаа тул асуудалтай танилцаж байж хариу өгнө” гэлээ.
УИХ-ын гишүүн Х.Наранхүүтэй холбоотой их хэмжээний хөрөнгө завшсан гэх хэргийн гэрч нь Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж. Гэтэл хэргийг шалгах явцад байдал бишдэж гэрч нь хамтрагч байж болзошгүй сэжмүүд илэрсэн бололтой. Тиймээс УИХ-ын гишүүн Х.Наранхүүтэй холбогдох дээрх хэрэгт Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг хариуцагчаар татсан байна. Х.Наранхүүг “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллах байх үед Л.Пүрэвдорж нь Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан юм. Тиймээс энэ хоёр эрхмийн талаар ТӨХ-ны дарга Д.Сугараас мэдүүлэг авахад хүрснийг зарим эх сурвалж хэлж байна. Энэ мэтээр асуудал нэлээд эгзэгтэй болоод байгаа аж. УИХ-ын гишүүн Х.Наранхүүгийн хөрөнгө завшсан нь тогтоогдвол Монголбанкны ерөнхийлөгч ч дээлээ “нөмөрч” магадгүй нь. Хөл хориулаад байгаа УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хязгаарлаж боло, Эрүүгийн байцаан шийтгэх хууль түүнд үйлчилэх эсэхэд одоогоор тодорхой бус байнай.
Ш.БОЛОРЧИМЭГ
URL: