Хямралын “тан” нь Оюутолгой

1-165059-33631131Дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг цогцлоох далд уурхайн бэлтгэл ажил үргэлжилж байна. Үүний хүрээнд ханган нийлүүлэгчдийн форумыг “Оюутолгой” компани лхагва гарагт зохион байгууллаа. Гүний уурхайг хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу ирэх оны хоёрдугаар хагаст бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх юм. Түүний өмнө далд уурхайн бүтээн байгуулалтад оролцох хүсэлтэй ханган нийлүүлэгчдэд хамтран ажиллах зарчмаа “Оюутолгой” компани танилцуулж байна. Айсуй далд уурхайн бүтээн байгуулалтыг дагаж бизнесийн шинэ боломжууд бий болжээ.

Айсуй боломжийг далд уурхайн бүтээн байгуулалт дуулгаж байна

“Гүний уурхайн бүтээн байгуулалт хуваарь ёсоор 5-6 жилийн хугацаанд үргэлжилнэ. Энэ нь ханган нийлүүлэгчдэд томоохон боломж” хэмээн “НБИК” компанийн дэд захирал Х.Болдсүх тэмдэглэлээ. “Манай компани “Оюутолгой”-той гурав дахь жилдээ хамтран ажиллаж байгаа. Барилга угсралт, барилгын материалын ханган нийлүүлэлт, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна” хэмээн тэрбээр цааш өгүүлсэн юм.

Далд уурхайн ханган нийлүүлэлтийг ил тод зохион байгуулах, боломжит ханган нийлүүлэгчдийг олж илрүүлэх нь чуулганы үндсэн зорилго байв. Үүнээс гадна Монголын болон гадаадын компаниуд хамтран ажиллах суурь тавих, далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн талаар мэдээлэл үүгээр хүргэхийг чухалчилсан байна. Анх удаа болж буй ханган нийлүүлэгчдийн уг форумд уурхайн бүтээн байгуулалт болон үйлдвэрлэлийн үе шатанд бараа, үйлчилгээ нийлүүлэх боломжтой 29 орны 600 гаруй компани оролцлоо хэмээн зохион байгуулагчдын зүгээс мэдээллээ. Тэдний 400 орчим нь Монголын компани байсан юм. Форумд дотоодын компаниудаас гадна БНХАУ, Канад, Австрали, АНУ-ын компани давамгайлж байв. Тэдний далд уурхайн бүтээн байгуулалтад оролцох төрлөөр нь бүртгэж авлаа.

Үр өгөөжтэй урт хугацааны түншлэлийг суурь зарчмаа болгосон “Оюутолгой” компани ханган нийлүүлэгчдэд мөн ийм шаардлага тавьж буй. Нэн тэргүүнд аюулгүй ажиллагааг онцолдог тус компани бизнесийн ёс зүйтэй ажиллах учиртайг чуулганы оролцогчдод тайлбарласан юм. “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” хэмээх монгол зүйр үгийг эшилсэн “Оюутолгой” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй “Далд уурхайг эхлүүлснээр бид дэлхийн зэс, алтны зах зээлийн гол тоглогч болно. Ханган нийлүүлэгчид далд уурхайн бүтээн байгуулалтын нэг хэсэг нь болно. Бидний хамтран гаргаж авах бүтээгдэхүүн биднээс урт настай байг” хэмээн онцоллоо.

Оюутолгойн зэсийн баяжмалаар АНУ-ын Луизиана мужид чийдэн үйлдвэрлэж байна

Далд уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр “Оюутолгой” компани жилд 1.8 сая тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх боломжтойг Эндрью Вүдлэй захирал чуулганы индрээс дуулгав. Одоо ил уурхайгаас жилд 700 мянган тонн баяжмал үйлдвэрлэж байгаа юм. Ордын үнэ цэнийг нэмэгдүүлэхээр далд уурхайг ашиглахаар зэхэж байгаа энэ үед ханган нийлүүлэгчидтэй нүүр тулан уулзаж байгаа нь бизнесийн орчинд эерэг “уур амьсгал” бүрдүүлж байна гэж Хөрөнгө оруулалтын газрынхан олзуурхаж байсан юм. “Оюутолгой”-н далд уурхай болон бусад ордыг ашиглавал уурхайг 2100 он хүртэл ашиглах боломжтойг Эндрью Вүдлэй хэллээ.

Хүлээлт үүсгээд буй далд уурхайн санхүүжилтийг эцэслэн шийдэх хугацаа ойртож байгааг “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан чуулганы үеэр мэдэгдлээ. Гүний уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх олон улсын хөгжлийн болон арилжааны 19 банктай тун удахгүй гэрээ байгуулахаар болсон байна. Ингэснээр бүтээн байгуулалт төлөвлөсөн хугацаанд зогсолтгүй үргэлжилнэ хэмээн Б.Бямбасайхан захирал тодотголоо. Далд уурхайг ашиглалтад оруулахад нийт 4.2 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай байгаа юм.

Бүтээн байгуулалтын ажил эхэлснээр Монголын эдийн засагт нэг тэрбум орчим ам.долларын ажил, үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэх аж. Үүний нөлөөгөөр ирэх онд эдийн засгийн өсөлт 4-5 хувьтай гарах тооцооллыг судалгааны зарим байгууллага хийсэн байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хүндрэлийг анагаах “тан” нь Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт болох нь “Оюутолгой” компанийн хувьд энэ оны гуравдугаар улирлын сүүлийн байдлаар 885 орчим ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласан байна. Тэдний 576 нь үндэсний компани юм. Үйл ажиллагааны худалдан авалтын зардлын 52 хувийг эдгээр компанид зарцуулжээ.

ДАЛД УУРХАЙ ХАМГИЙН ГҮНДЭЭ 1.3 КМ БАЙНА

Гүний уурхайн бүтээн байгуулалтын сураг улам тодорч байна. Энэ нь орон нутагт, тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын бизнес эрхлэгчдэд шинэ найдвар төрүүлэх болсныг тус сумын Бизнес, хөгжлийн төвийн захирал Б.Эрдэнэбаатар онцоллоо. “Оюутолгой”-н ордын нийт баялгийн 80 хувь буюу агуулга сайтай хүдэр нь газрын гүнд байдаг. Үүнийг далд уурхайн аргаар ашиглах бэлтгэл ажил үргэлжилж байгаа юм. Далд уурхай нь хамгийн гүндээ 1.3 км байх бөгөөд энэ нь гүнээрээ 12 ширхэг “Блю Скай” цамхагтай тэнцэж байна. Гүний уурхайн хөндлөн малталт буюу тунель нь ойролцоогоор 200 км байх аж. Энэ нь Улаанбаатараас Дархан хүрэх зайтай дүйцэхүйц хэмжээ юм. Блокчлон олборлох аргыг далд уурхайд ашиглах бөгөөд үүнийг дэлхийн томоохон уул уурхайн компанид нэвтрүүлсэн байдаг. Таван босоо ам байгуулахаас үүний хоёрыг бариад байгаа юм.

Б.БЯМБАСАЙХАН: БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ОРОЛЦОХ ҮҮД НЭЭЛТТЭЙ

“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайханаас зарим цөөн зүйлийг тодрууллаа.

-Далд уурхайн бүтээн байгуулалт Монголын эдийн засагт ямар эерэг нөлөө үзүүлэх вэ?
-“Оюутолгой” ордын гүний уурхайн бүтээн байгуулалтад оролцох хүсэлтэй маш олон компани, аж ахуйн нэгж байгааг энэ удаагийн чуулганаас харж болохоор байна. Ирэх зургаан жилийн хугацаанд далд уурхайн бүтээн байгуулалтыг дагаж бизнесийн шинэ боломжууд бий болж буйг юуны өмнө тэмдэглэх нь зүйтэй байх. “Оюутолгой”-н бүтээн байгуулалт, уурхайн үйлдвэрлэл нь Монголын эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, томоохон суурь болж өгч байна. “Оюутолгой”-гоос үүдэлтэй нэг ам.доллар бүр араасаа хоёр ам.доллар дагуулдаг гэсэн тооцоо байдаг. Өөрөөр хэлбэл, ил уурхайн бүтээн байгуулалт эхэлсэн цагаас хойш манай эдийн засаг тухайн цаг үетэйгээ харьцуулахад даруй гурав дахин томорсон байна. Тиймээс далд уурхайн бүтээн байгуулалт эдийн засгийг эрчимжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болно.

Бүтээн байгуулалт эхэлснээр нэг тэрбум ам.долларын ажил, үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэнэ

-Бүтээн байгуулалтыг дагаж хэчнээн ажлын байр шинээр бий болох вэ?
-Далд уурхайн бүтээн байгуулалтыг дагаж шинээр 3000 ажлын байр бий болно гэсэн урьдчилсан тооцоо гараад байна. Одоогийн байдлаар “Оюутолгой” компанид 6000 монгол иргэн ажиллаж байгаа. Тиймээс ажлын байр нэмэгдэнэ. Бүтээн байгуулалт, ханган нийлүүлэлтийн 80 орчим хувийг Монголын компаниуд гүйцэтгэх, давуу эрхтэй оролцоход бодлогын түвшинд анхаарна. Ханган нийлүүлэлтийн үйл ажиллагаа нээлттэй бөгөөд олон улсын стандартын дагуу явагдах учиртай. Өөрөөр хэлбэл, танай компани үйл ажиллагаа, гаргаж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ чанарын өндөр түвшинд байвал ямар ч компанийн хувьд гүний уурхайн бүтээн байгуулалтад оролцох боломж нээлттэй.

Б.Баяртогтох

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих