Сонгуулийн хуулийг өөрчилж амжих уу
Засгийн газрын гишүүд өчигдөр ээлжит бусаар хуралдаж УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын санаачлан боловсруулсан Сонгуулийн тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Су.Батболд нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжсэн байна. Ийнхүү дэмжлэг авснаар хуулийн төслийг санаачлагчид УИХ-д төслөө өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх боломжтой болж байгаа юм. Дээрх хуулийн төслүүдэд сонгуулийн хуулийг хэрхэн өөрчлөхөөр тусгасан талаарх мэдээллийг өгье.
УИХ-ын гишүүн Су.Батболд, С.Дэмбэрэл, Д.Сумъяабазар, А.Тлейхан, Ч.Улаан, Ж.Эрдэнэбат, Л.Цог нарын санаачилсан Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дараах өөрчлөлтүүдийг тусгасан байна. Үүнд, сонгуулийн одоогийн тогтолцоог хэвээр хадгалж, харин сонгуулийн нутаг дэвсгэрийг 26 тойрогт хуваан нэр дэвшигчдийг өрсөлдүүлсэн нь нэг нам, эвслийн нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөх, энэ нь намын эв нэгдэл, зохион байгуулалт, сахилга бат болон хүн хоорондын харилцаанд сөргөөр нөлөөлөх болсон гэж үзээд өөрчлөхөөр тусгажээ. Өөрөөр хэлбэл сонгуулийн тойргийг нэг мандат бүхий 48 тойрог байхаар өөрчилж, нам, эвсэл УИХ-ын сонгуульд 48-аас илүүгүй хүнийг энэ хуульд заасны дагуу байгуулагдсан тойрогт нэр дэвшүүлж, тойргийн дугаараар эрэмбэлэх эрхтэй болсноор дээрх байдал засагдах эрх зүйн боломж хангагдана гэж үзсэн байна. Мөн зөвхөн төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдаар сонгуулийн хоорондын бүрэлдэхүүнийг бүрдүүлж байсныг өөрчилж, тухайн тойрогт нэр дэвшигчээ дэвшүүлсэн улс төрийн нам, эвслийн төлөөллийг тэгш оролцуулан томилохоор тусгажээ.
Харин УИХ-аас байгуулагдсан Р.Бурмаа гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийнхэн дараах байдлаар Сонгуулийн тухай хуулийг өргөн барихаар зэхжээ. Үүнд УИХ-ын сонгууль орон нутгийн сонгуулийг нэг өдөр зохион байгуулж, сонгогч саналаа өгөхдөө заавал иргэний үнэмлэхтэй байхыг шаарддаг байсан бол одоо хурууны хээгээ уншуулаад л саналаа өгөх боломжийг бүрдүүлэх гэнэ. Мөн сонгуульд зарцуулах бүхий л зардал, хандивыг тайлагнаж тэр ч атугай хувиасаа гаргасан зардлыг ч мөн нарийн мэдээлж олон нийтэд ил байлгахыг шаардах юм байна. Мөн УИХ, орон нутгийн сонгуульд эмэгтэйчүүдийн квотыг нэмж 30 хувь болгох тухай хуулийн төсөлд тусгажээ.
Дээрх байдлаар өөрчлөгдөх Сонгуулийн хуулийг батлуулах бол 2016 оны сонгууль болох өдрөөс зургаан сарын өмнө эцэслэн шийдвэрлэж баталсан байх учиртай. Иймээс хуулийн төсөл санаачлагчид үлдсэн хоёр сарын хугацаанд хуулийн төслийг өргөн мэдүүлж дээрх өөрчлөлтийг батлуулах ажилд шамдахаар зэхэж буй сурагтай.
М.Болор
Zaluu.com
URL: