Батзаяа ба түүний нөхөд гэж байгаа юу

http://www.bolod.mn/Upload/news/f1a8df3ae1d44635great.jpg

Баярын өдрүүд болоод Баасан гараг ер нь айхтар өдөр юм. Энэ өдөр шоу цэнгээн өнгөлөхийн дээр хуйвалдааны гэж болох хуулиуд батлагддаг. Заримдаа “эвгүй” цочир баривчилгаанууд болж хэн нэгэн том алба тушаалтан торны цаана суучихсан байдаг. Хүчний байгуулагынхан амралтын өдрийг сонгодог нь хэвлэлийнхний анхаарлаас бултуулж байгаа юм болов уу гэхээр үгүй. Харин ч манай хэвлэлийнхэн эх сурвалж сайтай болчихож.  Хэнийг  хэзээ хаанаас бариад бүүр аль хориход хийчихсэнийг нь хүртэл  мэдээлчихнэ. Арай л байцаагчийнх нь нэр усыг тавьчихгүй өнгөрөөх юм.

Өршөөлийн хууль хоригоо тэврээд Их хурлаас гараад ирсний маргааш нь шахуу  Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асаныг хорилоо.

Өршөөлийн хууль анх гарахад бараг хамгийн түрүүнд дуугарсан байгууллага бол АТГ. Тус газарт авилгын хэргээр сэжиглэгдэн шалгагдаж байгаа цөөнгүй хүмүүсийн хэрэг замхрах талаар тодорхой тоо баримттай мэдээлэл хийж энэ нь Ерөнхийлөгчийн прокурорын баяр дээр хэлсэн үгийг хурцалж өгсөн.  АТГ-ын зарим албан тушаалтнууд “Манай шалгаж байгаа авилгын 32 тэрбум 415 сая төгрөгийн хохиролтой 75 хэрэг, 144 хүн бүгд өршөөлд хамрагдана” гэсэн нь олон нийтээс Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж улс төрчдийг шахахад чухал нөлөө үзүүлсэн.

Тэгээд ч өршөөлийн хууль хоригийг хүлээн авсан байдлаар батлсагдсаны дараа хүчнийхэн сюрприз болгож ээлжит баривчилгаагаа эхлүүлсэн байж болох юм.

Хоригийг хэлэцэх үеэр  АТГ-ын дээрх авилгатай холбогдох 120 гаран хэрэгт ямар сэжигтэн ямар хэргээр шалгагдаж байгаа мэдээллийн задаргаа нь  Баянсэлэнгэ гишүүний уур унтуугаар арай л нэр устайгаа зарлагдчихаагүй.

Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа … 112 хүний 46 нь аж ахуйн нэгжийн захирал, 22 нь цагдаагийн алба хаагч бий. Ерөнхийлөгчийн яриад байсан авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүн байна уу гэсэн тоон судалгааг харах хэрэгтэй. 11 төрийн нарийн бичгийн дарга, хоёр гишүүний асуудал бий. Энэ нь өмнөх болон, одоо ажиллаж байгаа хүмүүстэй холбоотой юм шиг байгаа юм…

Энэ мэдээллээс харахад Зам тээврийн яамны ТНБД асан Б.Батзаяа бол дөнгөж эхлэл ба ард нь дахиад шалгагдаж байгаа хэзээ ч босгоод ирж мэдэх 10-д дарга нарын хэрэг байгаа бололтой. Хэтрүүлж хэлэхэд Өршөөлийн хуулийн араас их баривчилгаа эхлэх нь гэж болохоор. Энд өрнөсөн асуудал хоёр талтай.

Зарим нийтлэлч тоймчдын үзэж  байгаагаар АН -ынхан том төсөл дээрээ талцаж их мөнгөний тендерийг авсан талыгаа авч чадаагүй бүлгийнхэн чимхэж эхэлж байгаа гэсэн таамаг. Энэ мессежний цаана хүчнийхэн далд бүлгийн захиалгаар биш юм аа гэхэд тэдний зүгээс өгсөн чиглэлээр хэрэг мөрдөлт явуулж байна уу гэсэн хардлагыг нийгэмд бий болгож байгаа юм.

Нөгөө талдаа үнэхээр хэдэн 100 сая доллараар яригдах дүнтэй төслүүдийг “цохих” замаар улсад хохирол учруулсан албан тушаалтнуудыг шалгаж мухарлах гэхээр улс төрчдийн зүгээс хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлого газар авсан гэж хэлж болохоор.

“Төрийн нарийн” гэдэг бол “эвгүй” албан тушаал. Тэдний гарын үсгээр л төрийн мөнгө гадагшлах зам нээгдэнэ. Энэ замыг нээх тамгыг атгах улс төрийн тэмцэл яамдыг хуваах үеэр ил тод харагддаг. Сайдуудаа томилсон ч ТНБ-ийн дарга нар дээр нэлээн зодоон болдог. Төрийн хөрөнгө мөнгийг зөв зарцуулах манаач гэж болох эрхмүүд ард талд нь өөрийг нь дэмжсэн намын нөхөд улс төрчдөд ашигтай байдлаар шийдэх тендер ажлын жагсаалтыг өвөртөлчихсөн яамандаа орж ирдэг болсон. Улс төрийн албан тушаал гэж нэрлэгдэх болсон энэ суудал бол улс төрийн хүрээнийхэн шүлсдэх дуртай олз унац ихтэй ч байх. Тэр хэрээрээ ёс зүйгээ алдаж хэрэг төвөгт татагдах  эрсдэлтэй ч  байх. Эрх баригч намын томилолтоор ирдэгТНБД-нар өөрийг нь дэмжсэн  хүмүүст ногоон гэрэл асааж байх даалгавартай гэдэг нь энэ суудлын төлөөх  улс төрчдийн ил сөргөлцөөнөөс харагддаг.

Намууд төрийн нарийн бичгийн дарга нарын томилгооруу хутгалдах өөр ямар тайлбар байна. Хууль журмаа баривал Төрийн нарийн бичгийн дарга томилох нь Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалтыг явуулаад тухайн яаманд санал болгох  үйл явц байдаг. Гэвч үүгээрээ болно гэж байхгүй. Эвслийн засгийн газрын үед эвсэгч намуудуудын хооронд “төрийн нарийн” -ийг томилох асуудлаар зөвшилцөл хийж байгаа талаар мэдээлэгдэж байлаа. Төрийн албаны хуулиар зохицуулсан тангараг өргөсөн төрийн албан хаагчын суудалд дээр намууд зөвшилцөж наймаалцдаг болсон хэрэг.

Одоо анхааралд ороод байгаа Б. Батзаяагийн тухайд шүүхээр гэм буруутайг тогтоогоогүй  байхад ингэсэн тэгсэн гээд муулж сайлах нь зохисгүй биз. Гэвч түүнийг баривчлагдсан дуулиантай зэрэгцэн гардан оролцсон байж болох хэргийнх нь талаар бараг хавтаст хэрэгт нь баймаар баримтуудыг он сартай нь хэвлэл сайтаар гаргаад эхэлсэн байгаа нь анхаарал татаж байна.

Б.Батзаяа үнэхээр “юм” гарахаар дуулианы гогцоо болоод байгаа буюу өнөөх баригдаж дуусдаггүй  хэрнээ хэрүүл талцаан босгож байдаг төмөр замын асуудалтай холбогдон сэжиглэгдсэн бол ноцтой юм. Сүүлийн хэдэн сар хэвлэлээр өнгөлж олны танил болгоод байгаа төмөр замд хийсгэсэн мөнгө, тендерийн хэрэг одоо өрнөлдөө орж байгаа гэдэг нь үнэнд ойрхон сонсогдож байна.

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг барьж хорьсонтой холбогдуулан Х.Баттулга гишүүн мэдээлэл хийнэ гэсэн  зар түгээд байна. Ах нь арыг нь даана гэдэг шиг том хэргийн ард ингээд улс төрийн үнэр ханх гээд явчихдаг нь энэ хэргийг ч мөн тойрохгүй бололтой.

Өршөөлийн хуулийн үр дагавраар өрнөх ээлжит улс төр хүчний байгууллагын нэгэн баривчилгаагаар эхэллээ. Хуулийн байгууллагад нөлөөлж өрсөлдөгчөө “нээнтэг”-ээр нь хэрэгт унагаадаг улс төрийн тэмцлийн бохир технологи явагдаж эхэлсэн үү. Өршөөлөөр мултрах гээд байсан хэргүүд гарцгүй болж үнэн цагаанаар шалгагдах замдаа шуударсан уу гэдгийг харах цаг ирлээ.

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч дэмжигдэн батлагдсан Өршөөлийн хуулийн гэрэл сүүдрийн аль нь давамгайлж улс төрийн орчинд хэрхэн тусахыг харцгаая даа .

Пүрэвжавын Баярхүү / тоймч/


URL:

Сэтгэгдэл бичих