Н.Алтанхуягаас хойш нэг жилд
Н.Алтанхуягийг Засгийн газрын тэргүүнээс огцруулснаас хойш нэгэн он улирч, нэгэн Цагаан сар, нэгэн наадам болж өнгөрчээ. Түүнийг Ерөнхий сайдын суудлаас буулгасан нэг жилийн ой өчигдөр юм байна.
Ингээд монголчууд бүгд гар утаснаасаа мессеж бичиж шинэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хөгжлийн замыг нь зааж өгөв. Ингээд хоёр толгойг эргэлдүүлж хөгжих нь тодорхой боллоо, манай улс. Ч.Сайханбилэг парламент дахь МАН буюу сөрөг хүчнийг “өвөртөө” оруулж эвслийн Засгийн газар байгуулав.
Зургаан сарын дараа хамтрагчаа төрхөмд нь буцаалаа. Хоёр танхимын сэлгээнд хуучин, шинэ сайдыг дагасан албан тушаалын халаа бүтэн нэг жил үргэлжлэв. Монголчууд байгалийн нараа ашиглан, эрчим хүчээ хэмнэхээр цаг тооллыг урагшлуулж, бас ухраахаар Шийдлийн Засгийн газар шийдэв.
Ард түмнийхээ сонгож өгсөн хөгжлийн замаар явахаар шинэ Ерөнхий сайд Дубайд очиж Оюутолгой төслийн хоёр дахь санхүүжилтийг шийдэв. Үүний үр дүнд Монголд мөнгө орж ирээгүй л байна.
Харин ч улс төрд бөөн хэрүүл тарьж, уршиг нь өнөөдрийг хүртэл үргэлжилсээр. Н.Алтанхуягийг огцроход нэг ам.долларын ханш 1850 төгрөг байсан бол өнөөдөр 2000 болов. Улс төрийн байдал тогтворгүйжиж, эдийн засгийн хүндрэл улам гүнзгийрэв. Н.Алтанхуягаас хойших нэг жилд улс оронд ийм л өөрчлөлт гарав. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд юу хийсэн бэ гэдгээ тун удахгүй нэг жилийн ойгоороо тайлагнах буй за.
М.Цэцэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: