Ноён уулыг төр хамгаалтадаа авах уу, нинжа нарт бэлэг болгох уу

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг тэргүүтэй албаны болон   байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 27 төрийн бус байгууллагын төлөөлөгчид өнгөрсөн лхагва гаригт Ноён уулын орчимд   ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай “Сентерра гоулд” компанийн үйл ажиллагаатай танилцаад ирсэн юм. Эдүгээ тус компани үйл ажиллагаагаа түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ. Учир нь Монгол Улсын эзэмших хувь хэмжээг тогтоох тухай асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын зарим гишүүд  “Ашиглалтын лиценз бүхий талбайд хайгуул, ашиглалтын ажил  хийгдэх явцад түүхийн дурсгалууд эвдэрч, сүйтгэгдэх аюултай иймээс тус хайгуул явуулж буй компаниудын үйл ажиллагааг зогсоож Ноён уулыг төрийн тусгай хамгаалалтад авах ёстой гэсний улмаас  компанийн үйл ажиллагааг тодорхой бус хугацаагаар зогсоосон юм. Харамсалтай нь хууль хэлэлцэгдэх эсэхийг хүлээн цаг алдах зуур “нинжа” нар чоно борооноор гэдгээр компанийн ашиглалтын талбай руу хууль бусаар нэвтэрч, байгаль орчныг хэдхэн хоногийн дотор дахин сэргэхэд бэрх болтол нь сүйтгэж орхисон.Энэ байдлыг нүдээр үзэж, бодит дүгнэлтийг хийх үүрэг хүлээсэн БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгийн томилолт Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэдтэй уулзахаас  эхэлсэн. Тэрбээр Ноён уулын талаархи  Засгийн газар болон БОНХАЖ-ын яамаас баримталж буй бодлогынхоо талаар“Ноён уул нь байгаль экологийн хувьд нэлээдгүй үнэ цэнэтэй газар юм. Засгийн газрын санал болгосон  11 мянган га газрыг тусгай хамгаалалтад авах  тухай асуудлыг  УИХ-ын байнгын хороодоод  хэлэлцэж байгаа. Ноён уулын  ойр орчимд 20 гаруй аж ахуйн нэгжид  тусгай зөвшөөрөл өгөгдсөн байдаг.Хэрэв Ноён уулыг  хамгаалалтад авсан тохиолдолд эдгээр компаниудад Засгийн газраас нөхөн төлбөр олгох  учиртай. Харамсалтай нь улсын төсөвт одоогийн байдлаар эдгээр аж ахуйн нэгжүүдэд  нөхөн төлбөр олгох хэмжээний их мөнгө алга байна.  Гэхдээ Засгийн газарт өөр нэг хувилбар бий. Аж ахуйн нэгжүүдэд   тухайн газар нутагтай нь ижил хэмжээний уул уурхайн хайгуул, олборлолт хийх өөр газар нутаг, талбайг санал болгож болдог. Гэвч  Ноён уул шиг 50 тонн алтны нөөцтэй талбай Монгол Улсад алга.

Нөгөөтэйгүүр,Ноён уулыг төрийн хамгаалалтад авснаар иргэдийн  амьдралд болзошгүй юм. Мод боловсруулах үйлдвэр, ойн аж ахуй гэх мэт ойгоос эрхэлдэг ажлууд тань зогсонги байдал орно шүү дээ. Мөн Бороогийн алтны уурхайд Мандал  сумаас ажилладаг  гудамжинд гарч тэр хэрээр амьжиргааны төвшин буурна. Тиймээс энэ асуудалд болгоомжтой хандах хэрэгтэй болов уу гэж би хувьдаа бодож байна” хэмээсэн. Сайдыг үгээ хэлсний дараа иргэн н.Цэрэннадмид “Мандал сумын 8700 иргэн, “Эко залуучуудын клуб”, “Босоо Хөх Монгол” бүлгэм гэх мэт Ноён уулаа аврах хөдөлгөөнд нэгдсэн нийт 27  төрийн бус байгууллага хамтарч БОНХАЖ-ын яаманд хандан “Ноён уулаа ухуулахгүй” хэмээн өргөдөл гаргаж, гарын үсэг зурцгаасан. Тэр өргөдлийн хариуг өгөөч.

Бид түүхийн өв соёлоо харийн компаниар сүйтгүүлмээргүй байна.Төрийн түшээдүүд гадны улсуудын дохио зангаагаар хөдөлдөг  учраас манай эдийн засаг хөгжихгүй байгаа юм. Компанийн  буруутай үйл ажиллагааны улмаас байгаль дээрх хүнцлийн хор задарч улмаар усанд угаагдан Бороо болон Гацуурт гол хордсон.  Хүнцэл хүний биед маш хортой. Хүнцэл  агуулсан усыг унданд хэрэглэх аваас  арьс, давсаг, бөөрний хорт хавдар үүсгэдэг  аюултай гэнэ лээ. Бид  алийг нь хортой, алийг нь хоргүй гэж ялгаж мэдэх биш.  Мэдээлэл ч алга” гэв. Эл асуултад Уул уурхайн яамны мэргэжилтэн  Д.Жавхланболд  “Хүнцэл байгаль дээр элбэг тохиолддог химийн элемент. Хүнцэл гурван валентаар холбогдсон тохиолдолд аюултай харин таван валенттай  холбогдсон байвал аюул багатай байдаг. Гурван валенттай хүнцлийг таван валенттай болгож хоргүйжүүлж болдог.

Тиймээс та бүхэн эмээх явдалгүй” гэв. Дээрх асуулт хариултын дараа  сайдаар ахлуулсан ажлын хэсэг Ноён уулын зүг хөдөлж, Гацууртын аман дахь  “Сентерра гоулд” компанийн кэмп дээр хүрэлцэн ирэв. Компанийн үйл ажиллагаа зогссон учраас харуул хамгаалалтын цөөн тооны ажилтнаас өөр хүнгүй  кэмп ерөнхийдөө эл хуль  гэж хэлж болохоор. Ажиллаж байх үедээ  мянга гаруй эрс бужигнаж байсан гэдгийг кэмпийн ерөнхий төрх илэрхийлж байлаа.   Том том саарал сэндвичэн байшингууд дүнхийх агаад ямар зориулалттай болохыг нь сонирхох аваас засварын цех, авто граш, ажилчдын байр  хэмээн хөтөч маань цөөн үгээр талбарлах юм. Уул уурхайн орчин үеийн  бүхий л  тоног төхөөрөмж, техник хэрэгсэл  эднийд бий аж. Эдүгээ бүгд бүтээлэгтэй, хураалгаастай. Ажилчид уурхайгаа ашиглалтад орж магад гээд засварын ажлыг зунжин, намаржин хийсэн тул  үүрэг аваад хөдлөхөд бэлэн байгаа гэнэ. Гагцхүү УИХ-аас ямар шийдвэр гаргахыг уурхайчид чимээ чагнан хүлээж байгаа юм билээ. Уурхайн хамт олон ажлын хэсгийнхнийг цайлсны дараа нөхцөл байдал ямар байгаа талаар танилцуулга хийсэн.

“Сентерро гоулд”-ын Санхүү бүртгэлийн менежер О.Отгонтогтох “Монгол Улсын шилдэг татвар төлөгч компаниудын нэг нь“Сентерра гоулд”.  Манайх 2004 оноос олборлолт явуулж,  уул уурхайн нөлөөллийн бүсэд байгаа хоёр суманд орон нутгийн хөгжлийг дэмжих сан байгуулан орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж ирснийг та бүхэн мэдэж байгаа. Тухайлбал, орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр 7.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан бол сүүлийн үед уул уурхайгаас хараат бус үйлдвэрлэл, газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийг  төрөлжүүлж, бусад жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих замаар ажлын байр бий болгохыг зорьж ажиллаж байна.

Орон нутаг хөгжүүлэх сан зөвхөн хоёр суманд хөрөнгө оруулалт  хийсэн юм биш ээ. Сэлнгэ аймгийн  17 суманд  нийгмийнхээ  хөгжилд хөрөнгө оруулалт авах боломжийг олгосон. Орон нутаг хөгжүүлэх сангаар дамжуулан компаниас дэд бүтэц, бүтээн байгуулалт, нийгмийн үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр төслүүд эдүгээ ч  хэрэгжиж буй. Уул уурхайг дагаад ажлын байр бий болдог.  Компанийн ажилчдын 98 хувь нь монголчууд.  Мөн манай компани нь нөхөн сэргээлтийг маш хийж гүйцэтгэдэг. Нийт 360 орчим га талбайд нөхөн сэргээлт хийсэн бол 460 га талбайг нөхөн сэргээх төлөвлөгөөтэй ажиллаж байна”  гэснээр уулзалт өндөрлөж, Н.Батцэрэг сайдаар ахлуулсан ажлын хэсэг Ноён уулын зүг хөдөлсөн.

Муу муухайн үүр Ноён уул

Цаст уулын цагаан барс цагаа болохоор өтөнд баригддаг гэгчээр нэгэн цагт Монголын түүхийн хуудаснаа Алтан уул” хэмээн тэмдэглэгдсэн Ноён уул  эдүгээ нинжа хэмээх гар аргаар алт олборлогсдын хууль бус ажиллагаанд өртөн энгэр бэлээ сэт татуулжээ.Сайд нинжа нарын ухсан нүх рүү тонгойгоогүй ч алсаас  харсан. Тэдний ухсан  жижиг дөрвөн ханатын буурин чинээ нүхнүүд цасан доороос харлаж харагдах нь содон. Гэхдээ биднийг очиход тэнд нэг ч нинжа харагдаагүй.

Хоёр өдрийн өмнө уулын өвөр бэлд хоёр нинжа нүхээ булаалдсаны улмаас нэгнийхээ алтан аминд хүрсэн аймшигт хэрэг гарсан тул сумын Цагдаагийн хэлтсээс онц байдал зарлан  тэднийг тараасан байлаа. Бидний хөлийн мөрөө үлдээсэн газар бол Ноён уулын баруун суг Уртын ам гэдэг газар л даа. Ноён уулаасаа долоон км-ийн зайтай орших газар. Жинхэнэ нинжа нарын бужигнаж байсан алттай талбай.  Сар гарангийн өмнө өдөрт эндээс 200-350 нинжаг техник хэрэгслийнх нь хамт буулгаж байсан гэнэ лээ, цагдаагийнхан. Баян-Өлгий аймгаас бусад бүх сумын иргэд цугласан байсан гэж хамгаалалтын ажилтан ярьж байв.

Цастай хүйтэн байсан учраас  Уртын аманд зочид удаан саатаагүй. Ямартай ч нөхцөл байдлыг газар дээр нь үзэж чадсан нь сайд болоод ажлын хэсгийнхэнд том ололт байсан гэж хэлж болно.  Ноён уулан дахь  сайдын томилолт орой 18 цагт өндөрлөж, их хотын зүг хөдөлсөн.  Н.Батцэрэг сайд нийслэл рүү хөдлөхийн өмнө энэ өдрийнхөө ажлыг дүгнэж, Ноён уулыг  төрийн хамгаалалтад авах эсэх талаар УИХ-д би байр сууриа илэрхийлэхэд энэ  өдрийн ажил үр дүнгээ өгөх нь гарцаагүй.  Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зүйтэй гэсэн Засгийн  газрын байр суурьтай БОНХАЖЯ санал нэг байна. Ажлын хэсэг ирэх амралтын өдрүүдэд ажиллан дүгнэлтээ гарган УИХ-д өргөн барих учиртай.

Сэтгүүлч та бүхний хийх  дүгнэлт ч Гацууртын ордыг эдийн  засгийн эргэлтэд оруулахад  нэмэр болох учиртай. Ноён уулын алтыг ашиглахгүй сул орхих аваас хэдхэн сарын дараа энэ сайхан хангай тал болтлоо ухагдан тамын газар болно. Тиймээс буух эзэн буцах хаяг бүхий эзэнтэй болгох нь чухал юм. Нинжа нар эзэн суух аваас нөхөн сэргээлтийн тухай яриад ч нэмэргүй болно биз” гэснээр аяны жолоо эвлээ.

Эх сурвалж: www.mminfo.mn
Х.Нямбаатар

URL:

Нэр: Зочин Огноо: 6 November 2015

Хулгай хийж худлаа ярих болохороо нээх эх оронч Монгол улсын эрх ашиг яринаа.Энэ Зүүнхараагийнхан чинь ийм хөлдүү тэнэг шоронгийнхоны үр сад гэдэг нь үнэн байхаа.Хүнцэлээр хордуулахад Монголын газар тариалан хүнсний ногоо тариалдаг Сэлэнгэ аймаг тэр чигээрээ хордож аиул нүүрлэн гэдгийг яаасан ойлгодоггүй хүмүүс бэ.Хэн нэгэн хэзээ нэгэн цагт тёхнологийн горим алдаж хүнцэл их хэмжээгээр алдахыг байг гэх иум . Яаасан ирээдүйгээ боддоггүй өнөөдөрийн таван цаас олохоос өөр иум бодохоо байчихсан хүмүүс бэ.

Сэтгэгдэл бичих