М.Энхсайхан: Идэвхтэй улс төрөөс хол байсан нь надад завшаан болсон

МҮАН-ын дарга М.Энхсайхантай цаг үеийн зарим асуудлаар ярилцлаа.

-Сонгууль дөхөөд ирэхээр М.Энхсайхан ил гарч, намынхаа нэрийг солилоо хэмээн хэвлэлээр бичиж байна. Энэ үнэн үү?
-Яахав дээ. Цагийн юм цагтаа гэдэг үг байдаг. Асуудлын гол нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд идэвхтэй улс төрөөс хол байсан нь надад завшаан байсан.

Юугаараа завшаантай вэ гэхээр би зүгээр суугаагүй. Монголын түүхтэй холбоотой олон зүйлийг үзэж харлаа. Монголын XX зууны түүх болон сүүлийн 20 жилийн ардчиллын түүхийг ч гэсэн шинэ өнцгөөр харах гэж хичээсэн. Энэ бүгдээс харахад бид шинэчлэгдэхгүй бол Монгол хэцүү л байгаа байхгүй юу.

Ганц би өөрийгөө шинэчилж байгаа юм биш. Үндэсний шинэ нам гэж оюун ухаанаа дайчилсан хүмүүс сууж байгаад энэ бүх концефци, үзэл баримтлалаа боловсруулж, нийгэмд хэлэлцүүлэн, хэцүү ч гэсэн нийгэм өөрөө түүнийг аажим эргэлтэд оруулаад байна.

Одоо сонгууль ойртож байгаа учир бид идэвхтэй ажиллах цаг ирсэн. Манай нам хуралдаад олон гишүүд маань намын дарга болооч гэсэн саналыг надад тавьсан. Би татгалзах эрхгүй. Амиа хичээн, өөрийн амрыг бодон хэвтэж байх эрх надад байхгүй.

-Танай нам сонгуулийн аль системийг дэмжиж байгаа вэ?
-МҮАН олон намын тогтолцооны төлөө байна. Олон намын тогтолцоог бий болгоё л гэж байгаа бол пропорциональ тогтолцоог сонгох хэрэгтэй. 1992 оны Үндсэн хуульд УИХ-ын гишүүнийг бүх ард түмнээс шууд сонгоно гээд биччихсэн юм. Үнэн хэрэгтээ энэ бол Үндсэн хуулийн заалтаараа манай улс пропорциональ тогтолцоог сонгох бололцоогүй болгочихсон байгаа байхгүй юу.

Сэжиглэж эсвэл хажиглаж хэлж болно. 20 жилийн өмнө гадаадын улстөрийн алуурчид бидэнд ийм зүйл хийгээд өгчихсөн юм байна. Бид өөрсдөө сонгуулийн хуулиа өөрчилж болохгүй заалт хийгээд өгчихсөн, түүнээс нь болоод монголчууд бэрхшээлээ амсаад явж байгаа юм байна гэж ойлгож болохоор байгаа.

Өнөөдрийн эрх барьж байгаа намууд Монголын ард түмний төлөө байгаа бол сонгуулийн хуулиа өөрчилж оролдох байх гэж бодож байна. Харж л байя.

-Сонгуульд МАХН-тай эвсэж орохоор болж байна. Яг ямар байдлаар оръё гэсэн төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Монгол Үндэсний Ардчилсан намын их хурлаас гаргасан нэг чухал шийдвэр бол МАХН болоод бусад улс төрийн намуудад эвсэлдэхийг уриалсан. Өнөөдрийн энэ улс терийн нөхцөл байдлыг өөрчлөе, хөшүүн байдлаас гаръя л гэж байгаа бол ялах эвсэл байгуулах хэрэгтэй.

Үүнд бүх улс төрийн нам болон иргэний нийгмийнхэн нэгдэх ёстой. Ер нь сүүлийн 20 жилийн түүхээ аваад үзсэн ч ардчиллын түүх гэж байдаг бол тэр нь дандаа л эвслийн түүх байсан. Түүнээс биш ардчилсан гэж өөрийгөө цоллох дуртай нам хэзээ ч дангаараа ялж байсан түүх байхгүй. Эвсэлдэнэ гэдгийн цаана оюун ухаан нэгдэх тухай яригддаг.

-Хэрэв та нар эвсээд сонгуульд орчихоод эргээд задрах бол яах вэ?
-Эвсэл их чухал гэж хэлж байгаа боловч эвсэл өөрөө задраад хэрүүл болж байсан гашуун туршлага бий. Юунаас болж задардгийг ойлгуулахын тулд хэлэхэд монголчууд өөрсдийгөө чонотой зүйрлэх дуртай. Чоно бол ангаа барихын тулд сүрэглэдэг ч дараа нь бие биенээ барьж идчих шахам булаацалддаг.

Бид нар чоно шиг баймааргүй байна. Хүн шиг баймаар байна. Энэ нь монгол иргэншил гэдэгтэй холбоотой. Өөрсдийгөө иргэншсэн, төрт улсын иргэн гэдгээ ухамсарлаж чадах юм бол эвсэл өөрөө задрах учиргүй юм. Үүнийг оюун санааны хүрээнд сайн ойлгож, эрх зүйн орчинд хөдөлгөөнгүй байлгах зүйлийг эвсэлдэх намууд хийх байх гэж бодож байна.

-Монголын Үндэсний Ардчилсан намыг Үндэстний ардчилсан нам гэж ойлгогдохоор ярьж бичих тохиолдол бий. Үүн дээр та тайлбар өгөөч?
-Ер нь бол бичигдээд гараад байгаа шүү дээ. Манай намын материалууд дээр ч байгаа. Монгол Үндэсний Ардчилсан юм.

-Та өнгөрсөн хавар “Би Н.Энхбаяртай хамтрахгүй” гэж хэлж байсан санагдана?
-Тийм юм яриагүй шүү дээ.

Б.Энхжаргал
Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Сэтгэгдэл бичих