Тахилтын эмнэлгийн суурийг хандивын мөнгөөр цутгана

“Энхрий үрс халуун сэтгэл” ТББ-ын тэргүүн О.Энхмаа өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ “Анх 2010 онд нийслэлийнIV амаржих газрын барилын ажилд зориулж улсын төсвөөс 18 тэрбум 707 сая төгрөг төсөвлөн 2013 онд багтаж ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан ч санхүүжилтгүй гэсэн шалтгаанаар барилгын ажил 50 хувьд хүрээд зогссон юм.

Манай байгууллага энэ асуудлаар холбогдох төрийн байгууллагуудад удаа дараа хандаж хүсэлт гаргасан ч дорвитой үр дүнд хүрч чадахгүй байсаар өдийг хүрлээ. Сүүлд энэ оны наймдугаар сарын 11-ний өдөр АТГ-т хандсан боловч бас л ямар ч хариу авч чадаагүй байна.” гэв.
Тэрбээр хэвлэл мэдээллийнхнийг энэ асуудлаар ард түмэнд бодитой мэдээлэл хүргэж олон нийтийн санал цуглуулах ажилд түлхэц болохыг уриалсан юм. Тус байгууллагаас нийслэлийн Сонгинохайрхан дүүргийнXXII хорооны нутаг дэвсгэр болох Тахилтад 120 ортой төрөх, мэс засал, нярай хүүхдийн тасаг, лаборатори зэргээс бүрдсэн цогц шийдэлтэй эмнэлгийг шинээр барьж байгуулах санал дэвшүүлсэн гэнэ.
Уг саналыг дүүргийн ИТХ-аас дэмжиж, газар өгсөн бөгөөд барилгын зургийг баталсан нааштай мэдээ сонсчээ. Тиймээс Тахилтын эмнэлгийн барилгын ажлыг хурдан эхлүүлэх зорилгоор хоёр дахь удаагаа хандивын аяныг эхлүүлээд байна.
Аяны хүрээнд энэ оны арваннэгдүгээр сарын 21-нд “Энхрий үрсээ халуун сэтгэлээр өлгийдөцгөөе” нэртэй хандивын тоглолт зохион байгуулах аж. Тоглолтоос цугларсан мөнгөөр Тахилтын эмнэлгийн барилгын суурь цутгах ажлыг санхүүжүүлэх юм байна.

URL:

Сэтгэгдэл бичих