Их Британичууд Египтийн ерөнхийлөгчийн айлчлалыг эсэргүүцэв

Египтийн ерөнхийлөгч Абдель Фаттах Аль-Сиси өнөөдөр Их Британийн ерөнхий сайд Дэвид Камеронтой уулзах юм. Тэдний уулзалтын өмнөх орой Лондон хотод олон зуун иргэн жагсаж Аль-Сисигийн айлчлалыг эсэргүүцсэн байна.

Лондон хотын Ерөнхий сайд Дэвид Камероны “Даунинг стриит” дэх өргөөний ойролцоо 200 гаруй иргэн жагсаж, “Дарангуйлагч Аль-Сисиг бүү хүлээн ав!”, “Египтийн дарангуйллыг зогсоо”, “Египттэй ямар ч гэрээ хэлэлцээрийг бүү хий” хэмээн уриа лоозон барин жагссан байна.

“Их Британийн эрх баригчид хүний эрх, ардчиллыг нухчин дарж байгаа хүнийг хөхүүлэн дэмжиж байна. Аль Сисиг Их Британид хүлээн авч байгаа нь гутамшиг” хэмээн жагсагчид үзжээ.

Жагсагчид өнөөдөр ч эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлэх юм байна. Их Британийн ерөнхий сайд Дэвид Камерон мягмар гарагт аль Сиситэй утсаар ярьсан бөгөөд Египтийн ерөнхийлөгчийг лхагва гарагт Лондон хотод айлчлах тухай мэдэгдсэн юм. Дэвид Камерон Аль Сиси нарын уулзалт “хоёр орны аюулгүй байдлын хамтын ажиллагаа”-нд чиглэх тухай албаны хүн хэллээ. Нөгөө талаар, Синайн хойгт сүйрсэн Оросын агаарын тээврийн онгоцны ослын улмаас Улаан тэнгисийн Шарм эль-Шейх амралтын баазаас хөдлөх нислэгүүдийг түр хугацаагаар цуцлах тухай Британийн засгийн газар мэдэгдсэн. Энэ үед Египтийн ерөнхийлөгч Их Британид айлчилж байна. Энэ зуур Их Британийн нисэхийн экспертүүд аюулгүй байдлын нөхцөл байдлыг дүгнэн үзэхээр Шарм Эль-Шейхд очжээ.

Египтийн ерөнхийлөгч Абдель Фаттах аль-Сиси уулзалтынхаа өмнө BBC агентлагт яриа өгч, “ Египт улсад ардчиллын жинхэнэ зураг бий. Египтийн ард түмэн дөрвөн жилийн турш өөрчлөлтийг шаардаж байна. Энэ бол тэдний шаардлагыг биелүүлэх, илүү ардчилсан ирээдүйн төлөө ажиллах хүсэл юм” хэмээн хэлжээ. 2011 онд Египтийн ерөнхийлөгч асан Хосни Мубаракийг түлхэн унагасны дараа Мохамед Морси ерөнхийлөгчөөр сонгогдсон. Гэсэн ч 2013 оны өргөн хүрээний эсэргүүцлийн дараа цэргийн дарга аль-Сиси түүнийг албан тушаалаас нь цэргийн хүчээр буулгасан юм. Аль Сиси лалын ахан дүүс бүлэглэл зэргийн эсэргүүцэгчдийг буулган авсныхаа дараа өнгөрсөн жил Египтийн ерөнхийлөгчөөр сонгогдсон. Абдель Фаттах Аль-Сиси ярихдаа, “Өнгөрсөн 5 жилийн хугацаанд бид хувьсгалт улсад амьдарсан. Бид тогтвортой байдлыг хүсэж байна. Бид үүнийг хүчээр хийхийг хүсэхгүй байна. Гэхдээ Египт улсад түүхэн асуудлууд байсаар байна. Бид терроризмын бай болж байна. Египтэд хэн ч дарангуйлагч байх ёсгүй” гэжээ.

Ж.Лхагва

Time.mn


URL:

Сэтгэгдэл бичих