Ж.Батсуурь: Намуудын хамтын ажиллагаа муу үед эдийн засаг сайжирна гэж найдаад нэмэргүй

УИХ–ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурьтай ярилцлаа. Тэрээ өчигдөр УИХ дахь МАН–ын бүлгээс долоо хоног бүрийн лхагва гаригт зохион байгуулдаг “Морин цаг” мэдээллийн цагт орсон юм.

Та Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд одоогийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

–Эдийн засаг тун хүндхэн байгаа энэ үед баялаг бүтээгчдийг дэмжсэн бодлого хэрэгжүүлж байж хямралаас гарна гэж үзэж байна. Монгол Улсын эдийн засаг нэг талаар жижигхэн энгийн бүтэцтэй бага эдийн засаг хэдий ч нөгөө талаар дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн сонирхлын сүлжээнд холбогдсон хамаарал ихтэй.

Тиймээс ийм тохиолдолд эдийн засгаа яаж авч явах вэ гэдэг нь төрийн тусгайлсан бодлого шаардаж байгаа.

Эдийн засгаа сэргээж сайжруулах төрийн тусгайлсан бодлого нь юу байх ёстой вэ?

–Өнөөдөр манай улсад 54 мянга гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагийн 80 гаруй хувь нь жижиг дунд үйлдвэрийн зэрэглэлд багтаж байна. Тиймээс жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх тууштай зөв бодлого хэрэгтэй. Өнгөрсөн хуга­цаанд хэдхэн том орд газрыг түшиглээд, зөвхөн том төслүүд рүү хамаг анхаарлаа хан­дуулаад жижиг дунд үйлдвэрлэлийг орхиг­дуулсан, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн прогнозыг зөв тодорхойлж чадаагүй нь том алдаа. Мөн 2013 оноос эхлээд эдийн засгийн дохиог зөв ойлгож хүлээн аваагүй, баялаг бүтээгчдийг дэмжих нэртэй  бодлогоо зөв тодорхойлоогүй зэрэг нь өнөөгийн хүндрэлд хүргэсэн. Үнэ тогтворжуулах дөрвөн хөтөлбөр хэрэгжүүлсэн ч нэлээд алдаа гарсан, байгаа зөв оноогүй гэсэн дутагдал бий. Бодлого зөв бол боломж шавхагддаггүй гэсэн эдийн засгийн суурь ойлголтод тулгуурлаж баялаг бүтээгчдээ дэмжих ёстой.

Баялаг бүтээгчдийг яаж дэмжих вэ?

–Аж үйлдвэрийн яам байгуулагдаж, Аж үйл­вэрийн талаар баримтлах төрийн бодлоготой болсон ч хэрэгжүүлэх үйл явц нь буруу тийш эргэсэн нь олон аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж, ажлын байр хумигдахад нөлөөлсөн. Тиймээс баялаг бүтээгчдийг дэмжих бодлогын хүрээнд би гурван зүйлийг авч үзэж байгаа юм. Нэгдүгээрт, зах зээлээ хамгаалах бодлого хэрэгжүүлэх, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, хоёрдугаарт, татварын тогтвортой орчин бий болгох, татвар гаалийн хуулиудад үзэл баримтлалын шинж чанартай томоохон өөрчлөлт хийх, гуравдугаарт, санхүүгийн тайлан болон  мэдээллийн системийг баялаг бүтээгчдэд ээлтэйгээр сайжруулах нь зүйтэй юм.

Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрхэн үр дүнтэй болгох вэ. Жишээ нь, манай улсын эдийн засгийн тулгуур болсон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүн дотроо махны үнэ анхаарах зүйл болчихсон юм биш үү?

–Үнэ тогтворжуулах хөтөлбөр рүү одоо мөнгө нэмэхгүй байгаа. Өмнө нь хэрэгжүүлсэн хөтөлбөрийн мөнгө хүрэх ёстой эзэндээ хүрээгүй, мөнгө авсан эзэд нь зорилгоо бүрэн хэрэгжүүлж чадаагүй. Энэ нь хэрэгжилтийн явцад тавих хяналт сул зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой.

Эдийн засагтай уялдан улс төрийн хямрал нүүрлэсэн тухай гишүүд ярьдаг боллоо. Энэ талаар та ямар байр суурьтай байдаг вэ?

–Энэ хоёр бол ха­рил­цан уялдаатай зүйл. Гадаадын хөрөн­гө оруулалт орж ирэх­гүй, хамтарч ажиллахгүй байна. Хөрөнгө оруулагчдын нэг болгоомжлол нь тухайн улсын улс төрийн нөхцөл байдал тогтвортой байх юм. Манай улс төрийн нөхцөл байдал тогтворгүй, намуудын хамтын ажиллагаа уялдаа холбоо муу байгаа ийм үед эдийн засаг сайжирна гэж найдаж хүлээгээд нэмэргүй. Угаас боломжгүй зүйл. Улс төрийн тогтворгүй байдал, үл ойлголцол байнга үргэлжилж байна. Тэр байтугай 2012 оны сонгуулийн үр дүнгээ ч улсын хэмжээнд хэрэгжүүлж чадаагүй байна шүү дээ. Олон сум, аймагт маш тодорхойгүй байсаар удирдлагын төвшинд маргаан гардаг. Хэн нь сонгуульд ялсан, ялагдсан тухай хэрүүл өрнөдөг. Үүнээс шалтгаалаад тухайн орон нутагт төрийн зөв бодлого хэрэгждэггүй, үйл явц нь доголддог. Эндээс л улс төрийн хямрал, эдийн засгийн хямрал гэдэг харилцан уялдаатай болж байгаа юм.

Улс төрийн нөхцөл байдлыг тогтвортой байлгах хүчин зүйл нь юу вэ. УИХ–ын ээлжит бус сонгууль гэх мэт янз бүрийн гарц хайгаад байгаа биз дээ?

-Тогтолцоондоо өөрч­­лөлт хийх шаард­лагатай гэж би үздэг. Өнгөрсөн жил энэ тухай би ном гаргасан. Үүндээ улс төрийн тогтолцоог боловсронгуй болгож, бүх аймаг, суманд сонгууль хийх шаардлагагүй гэж үзсэн. УИХ-ын сонгуулийн үр дүнгээр нэг Засгийн газар байгуулагдлаа гэхэд дараагийн Засгийн газар гэж бас гарч ирдэг. Дараа нь  гарч ирсэн Засгийн газар улсын хэмжээнд бодлогоо хэрэгжүүлэх боломжгүй болдог. Учир нь тухайн орон нутагт өөр, өөр намын удирдлага гарсан байдаг. Тэдгээр нь хоорондоо бодлогоороо зөрчилддөг. Тиймээс орон нутгийн нэгж бүр дээр сонгууль явуулж улстөржүүлчихээр төвөгтэй нөхцөл байдал үүсдэг.  Мөрөөрөө ажиллаж болохгүй байна гэж сумын төрийн албан хаагчид ярьдаг шүү дээ.

М.Ганцэцэг

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих