Ц.Шаравдорж: Нэг хүнийг хэлмэгдүүлдэг байсан бол нийтийг хэлмэгдүүлдэг боллоо

11-5-11_700x700

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Эрүүл мэнд спортын сайд Шийлэгдамбыг АТГ-аас баривчилсан. Энэ асуудалтай холбогдуулан МАХН-ын Нарийн бичгийн дарга Шаравдорж, Э.Эрдэнэжамьян, тус намын дэргэдэх  “Ардчилал, шударга ёс-Монголын залуучуудын холбоо”-ны тэргүүн О.Буяннэмэх нар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Э.Эрдэнэжамъян “МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд спортын  сайд Г.Шийлэгдамбыг Авлигатай тэмцэх газраас баривчилсан. Юуны өмнө албан ёсоор мэдэгдэхэд энэ баривчилгаа бол МАХН-ын удирдлагуудын эсрэг хийж байгаа хэлмэгдүүлэлтийн дараагийн нэг үе шат гэж үзэж байна.

Энэ бол цэвэр улс төрийн зорилготой, сонгууль дөхсөн, МАХН-ын нэр хүнд сэргэж, үйл ажиллагаа идэвхжиж  байгаатай холбоотойгоор бидний үйл хэргийг сааруулах, айлгах зорилготой арга хэмжээнийх нь нэг хэсэг гэж үзэж байгаа. МАХН иймэрхүү хэлмэгдүүлэлтийг үзсээр ирсэн. Саяхныг хүртэл үзсэн, өнөөдрийг хүртэл үзэж байна. Ийм хэлмэгдүүлэлтээс бид айхгүй” гэлээ.

Харин тус намын Нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж “ Монголд өнөөдөр юу аюул тарьж байна гэхээр нийтийг хамарсан мөрдөлт хэлмэгдүүлэлт тагнах чагнах ажиллагаа ердийн үзэгдэл болсон. 1937 оны их хэлмэгдүүлэлтийг бид түгшүүртэйгээр одоо ч хүртэл ярьдаг. Тэр хэлмэгдүүлэлтийг дахин давтахгүй байх ёстой гэж байнга ярьдаг. Гэтэл өнөөдөр улс төрийнхөө өрсөлдөгчдийг, Монголчуудын төлөө гэж дуугарсан зөв бодолтой, зөв санаатай хүмүүсийг мөрдөн мөшгих, хэлмэгдүүлэх үйл ажиллагаа нийтийг хамарсан үзэгдэл боллоо.

Энэ үйл ажиллагаанд шударга үнэнийг олох ёстой хуулийн байгууллага татагдан орж байгаад үнэхээр харамсаж байна. Шүүх, прокурор, цагдаа, АТГ бол өнөөдөр Монгол Улсын иргэдийг хэлмэгдүүлдэг тэр үзэл бодлын арга хэрэгсэл бол хувирсан нь нэг талаасаа аймшигтай, нөгөө талаасаа гутамшигтай үзэгдэл.

Өнөөдөр Монголчууд айдас дунд амьдарч байна. Тиймээс өөрийнхөө үзэл бодлыг хамгаалах гэж, өөрийнхөө бодлогыг хэрэгжүүлэх гэж ард түмний өмчийг ашиглах гэж Монголчуудыг тэртусмаа шударга үйл ажиллагаатай намыг , намын удирдагчдыг айлгах тэр арга зам руу орж байна.

Тийм учраас Монголчуудыг нэг нэгээр нь айдсаар дарангуйлдаг, хүнийг, бусдыг, улс төрийнхөө бусад намыг айдсаар дарангуйлдаг ийм үзэгддлийг бид таслан зогсоох ёстой. Үүний эсрэг МАХН хэлэх үгээ хэлж үйл ажилаа тогтмол явуулна. Ард түмний төлөө чин үнэн үг  хэлж байгаа тэр улстөрчдийг яаж хэлмэгдүүлдгийг бид харсан.

Н.Энхбаяр Оюутолгой, Тавантолгойг Монголын ард түмэндээ өгч өмчлүүлэх ёстой тэр ашгийг ард түмэн хүртэх ёстой гэсэн үгээ хэлснээр хэлмэгдсэн. Нэг хоёр хүнийг айлгадаг байсан бол одоо нийтийг хамарсан айдас Монголчуудыг нөмөрч байгаа нь туйлын аюултай үзэгдэл” боллоо гэв.

С.Саруул

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих