О.Гүндэгмаа тавдугаарт бичигдлээ
Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа Польшийн Вроцлав хотноо болсон “Дэлхийн цом”-ын финалын тэмцээнд тавдугаар байрт шалгарлаа.
Тэрээр эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны төрөлд оролцсон юм. Тэмцээнд өнгөрсөн жилийн аваргаас гадна энэ жил болсон “Дэлхийн цом”-ын цувралуудад амжилттай оролцсон шилдэг найман мэргэн бууч өрсөлдлөө.
Урьдчилсан дасгалд О.Гүндэгмаа 581 оноо авснаар дөрөвдүгээр байрт бичигдэж, шигшээ буудлагад шалгарсан юм. Харин шигшээ буудлагад 202.9 оноо авснаар нийлбэр 783.9 оноогоор тавдугаар байр эзлэв.
Энэ дасгалд Чехийн тамирчин Ленка Марушкова 790.4 оноогоор аваргалсан бол Гүржийн Нино Салуквазе /787.8/, Хятадын Чень Ин /786.9/ нар мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.
Т.Далай
URL: