Ерөнхийлөгч байнгын хорооны хуралдаанд мэдээлэл хийлээ

Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслүүдийг дэмжив

 Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2015.11.04/ хуралдаан 16 цаг 15 минутад 52.6 хувийн ирцтэй эхлэв.

 Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар эхлээд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, энэ талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Болор хийсэн юм.

 Улсын Их Хурлаас батлагдсан “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийн хүрээнд эдийн засгийн хүндрэлийн үеэр нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, нийгмийн халамжийн стандартыг зохих түвшинд хадгалах, төсвийн алдагдлыг нөхөх зорилтот арга хэмжээнүүдийг тусгасан. Иймээс Засгийн газар уг хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Азийн хөгжлийн банкинд хандаж төсвийн алдагдлыг нөхөх, нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг хүсч, хөтөлбөр хэрэгжүүлэх санал тавьсныг тус банк хүлээн авч “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр”-ийг хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр тогтжээ. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Азийн хөгжлийн банкнаас 150 сая ам.долларын санхүүжилтийг 2015-2016 онд хоёр үе шаттай авахаар төлөвлөж байгаа агаад хөтөлбөр нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хэрэгжих юм байна.

 Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан бөгөөд санал хэлэх гишүүн гараагүй тул зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон 14 гишүүний 13 нь буюу 92.9 хувь нь дэмжив.

 Дараа нь Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, энэ талаарх Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Болорын танилцуулгыг сонсов.

 Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн эхний шатанд түүхий эд бэлтгэн нийлүүлэгч малчид, хоршоодыг дэмжих хөрөнгө оруулалт хийх, чадавхжуулах ажлыг Засгийн газраас сонгосон 6 аймгийн 38 суманд хэрэгжүүлж, 1,46 сая ам.доллар бүхий 176 тэтгэлгийг 104 хоршоонд олгож, 23 төрлийн сургалтад 4300 гаруй хүнийг хамруулжээ. Мөн сонгон шалгаруулалтын үндсэн дээр ноос, ноолуур, махны салбарын тус бүр 2, арьс шир, сүүний салбарын 3 зэрэг нийт 12 аж ахуйн нэгжид жилийн 8-11.4 хувийн хүүтэй, 7 хүртэлх жилийн хугацаатай, үүнээс 3 хүртэлх жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэй, нийтдээ 22.3 сая ам.доллар буюу 29 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкуудтай хамтран олгосон байна. Уг төсөлд хамрагдсан компаниуд нийтдээ 1854 ажлын байр бий болгосны зэрэгцээ ашиг орлого, улсад төлөх татвар, шимтгэл нь нэмэгджээ.

 Харин төслийн хоёр дахь шатанд эхний шатанд хэрэгжүүлсэн ажлыг улам өргөжүүлж оролцогч компанийн тоог нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбарт сүүлийн 20 гаруй жил шинэчлэгдээгүй техник, технологи, тоног төхөөрөмжийг орчин үеийн төхөөрөмжөөр шинэчлэх, нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх, бүтээгдэхүүний чанар, стандартыг сайжруулж, үндэсний брэндийг хөгжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулахад чиглүүлэхээр төлөвлөжээ. Төслийн хоёр дахь шатны нэмэлт санхүүжилт нь нийтдээ 50 сая ам.доллар агаад үүний дийлэнх нь нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэхэд зарцуулагдах аж. Тухайлбал, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх зорилгоор нийтдээ 41,3 сая ам.долларыг жилийн 6-8 орчим хувийн хүүтэй, 7 жил хүртэл хугацаатай, эхний 3 хүртэлх жилийн хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлөх хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудаар дамжуулан арьс шир, ноос ноолуур, мах, сүү, оёдол, зөгийн аж ахуй, эрчимжсэн аж ахуй, жимс жимсгэнэ, хүлэмжийн аж ахуйн салбарын компаниудад зээлдүүлэх юм байна.

 Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд асуулт асууж, саналаа хэлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад уг төслийн хоёр дахь шатны нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 92.9 хувь нь дэмжлээ.

Ирэх оны төсвийн төсөлд тусгуулах нэмэлт санал дэмжигдлээ

 Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн төсөлд нэмэлт санал гаргах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. Улсын Их Хурлын даргын 2015 оны 228 дугаар захирамжаар Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, шаардлагатай хөрөнгө оруулалт, зардлын тооцоог гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, энэ чиглэлээр нэн тэргүүнд шийдэх шаардлагатай зарим асуудлыг Төсвийн болон холбогдох байнгын хороонд танилцуулж 2016 оны улсын төсвийн төсөлд тусгуулахаар тогтжээ.

Энэ үндсэн дээр ажлын хэсгээс Монгол орны болон Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилт, цаашдын төлөв байдлыг нарийвчлан судлах ажлыг өргөжүүлж эрчимжүүлэх, газар хөдлөлтийг бүртгэх Сэлэнгэ, Мандалговь, Богд станцад шаардлагатай багаж, төхөөрөмж авч суурилуулах, Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилтийг хянах станцуудын сүлжээг газар хөдлөлтийг бүртгэх автомат 5 станцаар нэмэгдүүлэх, газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах сургалтын төвийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр тоноглож үйл ажиллагааг нь эхлүүлэх, эрэлч нохойн алба байгуулах, Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвийн үйл ажиллагааг өргөтгөх, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр сургалт, сурталчилгааны ажил зохиох зэрэг 6 багц арга хэмжээнд шаардлагатай 2 тэрбум 659.3 сая төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг 2016 оны улсын төсөвт тусгах санал гаргасан байна. Уг саналтай холбогдуулан байнгын хорооны гишүүд Монгол Улсын шадар сайд, уг ажлын хэсгийн ахлагч Ц.Оюунбаатар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал нараас асуулт асууж тодруулсны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь уг саналыг дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Зээлийн ерөнхий хэлэлцээрийг зөвшилцлөө

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт Импорт банк хооронд байгуулах 1.0 тэрбум ам. долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Болор хийсэн юм.

БНХАУ-ын дарга Си Зиньпин 2014 оны 8 дугаар сард Монгол Улсад төрийн айлчлал хийхдээ хоёр талт эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 1 тэрбум ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээл олгох боломжтойгоо мэдэгдсэн бөгөөд талууд тус зээлийн хүрээнд ерөнхий хэлэлцээр байгуулахаар тохиролцсон байна. Монгол Улсын Сангийн яам болон БНХАУ-ын Экспорт-Импорт Банк хооронд тус зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг нийт гурван удаа солилцож, 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотноо болсон уулзалтаар зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг эцэслэн тохиролцож, эрчим хүчний болон бусад шаардлагад нийцсэн салбарын төслийг санхүүжүүлэхээр тогтоод байгаа аж.

Зээл нь жилийн 2 хувийн хүүтэй, нийт 20 жилийн хугацаанд эргэн төлөхөөс эхний 7 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд хэрэгжүүлэх төсөл тус бүрийн 85 хувийг тус зээлийн хөрөнгөөс санхүүжүүлэх юм байна. Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулах уг зээлийн ерөнхий хэлэлцээрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн БНХАУ-д хийх төрийн айлчлалын үеэр гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа аж.

Уг зээлийн ерөнхий хэлэлцээрийг зөвшилцөх асуудлыг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороод өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, Ц.Баярсайхан нар байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн танилцуулга, байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, С.Оюун, Р.Амаржаргал, Н.Энхболд нар Сангийн сайд Б.Болор, Эрчим хүчний сайд Д.Зоригт нар болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Уг зээлийн хөрөнгөөр эрчим хүчний болон бусад төслүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа. Үүнд, Эгийн голын усан цахилгаан станцад зээлийн 80 орчим хувь нь зарцуулагдахаас гадна Эрдэнэтийн дулааны станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн цахилгаан дамжуулах шугам, дэд станц барих, Гачуурт-Налайх-Чойр чиглэлийн 20 зм авто замыг барих зэрэг төслүүд багтаж байгааг салбарын сайд нар хэллээ. Түүнчлэн Эгийн голын цахилгаан станцын Байгаль нуурт үзүүлэх ус зүйн болон бусад нөлөөллийн үнэлгээ хийгдсэн бөгөөд Байгаль нуурт очих усны хэмжээ 0.020-0.023 хувиар багасах тооцоо гарсан, энэ нь өөрчлөлт төдий гэж дүгнэсэн талаар уг төслийн албаны дарга Д.Одсүрэн хариулт өгөв. Мөн тэрээр Эгийн голын цахилгаан станц ажиллаж эхлээд олсон орлогоороо зээлийг барагдуулах боломжтой. Зээлийг төлж дуусах хүртэл тус станцын үйлдвэрлэх 1 квт цахилгаан 8.5 цент орчим үнэтэй байх бөгөөд зээлээ төлж дууссаны дараа 1.4-1.6 цент болж хямдрах юм байна гэлээ.

Ингээд уг зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөх санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 93.3 хувь нь дэмжсэн тул энэ талаарх байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтов.

Монгол Улсын Ерөнхийлөгч байнгын хорооны хуралдаанд мэдээлэл хийлээ

Тус байнгын хорооны энэ өдрийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өөрийн бүрэн эрхийн хүрээнд Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төсөл санаачилсан талаараа мэдээлэл хийв.

Байнгын хороо Ерөнхийлөгчийн мэдээллийг хаалттай горимоор сонссон юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


URL:

Сэтгэгдэл бичих