Төв аймагт “Гэр дулаан бол сэтгэл дулаан” төсөл хэрэгжиж эхэллээ

Албан байгууллага, айл өрх бүр өвөлжилтийн бэлтгэлээ базааж буй энэ өдрүүдэд Төв аймгийнхны зүг илч, дулаан тээсэн нүүрсний цуваа хөдөллөө. Энэ цувааг тус аймгаас сонгогдсон УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга Миеэгомбын Энхболд тойргийнхон руугаа илгээжээ.

Тэрбээр Төв аймгийн зорилтот бүлгийн 1600 өрхийг нүүрсээр хангаж, өрх бүрт нэг нэг тонн нүүрс өгөх “Гэр дулаан бол сэтгэл дулаан” төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа нь энэ бөгөөд өчигдөр Зуунмод суманд нээлтээ хийж, төсөлд хамрагдсан айл өрхүүдэд нүүрсийг нь хүргэж өглөө. Төслийг М.Энхболд гишүүний тэргүүлдэг “Эх нутгийн иргэд” ТББ, “Петро коал” ХХК-тай хамтран хэрэгжүүлж байгаа Төв аймгийн Баян суманд үйл ажиллагаа явуулдаг “Петро коал” уурхайн захирал М.Мөнхбаясгалан төслийн талаар “Энэ төслийг хамтран хэрэгжүүлж байгаадаа таатай байна. Бид орон нутагт үйл ажиллагаа явуулдаг байгууллага бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд нутгийнхаа орлого багатай, дэмжлэг шаардагдсан иргэдэд бага ч болов туслалцаа үзүүлж байгаадаа баяртай байна” гэсэн. “Гэр дулаан бол сэтгэл дулаан” төслийн нээлтийн ажиллагаанд УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд оролцсон бөгөөд “Гэр дулаан бол сэтгэл дулаан” төсөл миний тойрогтоо хэрэгжүүлж байгаа хэд хэдэн төслийн нэг юм.

Малгүй айл өрхийг малжуулах төсөл болон “Гэр” төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. Олон айл өрхөд тус нэмрээ өгсөн сайн төслүүд болсон. Мөн аймгийнхаа зүрхний хүнд өвчтэй хүүхдүүдийг Солонгос улсад хагалгаанд оруулах төсөл ч сайн төсөл байлаа. Энэ удаагийн зорилтот бүлгийн 1600 өрхөд нүүрс бэлэглэх төсөл ч өвөлжилт хүндэрч болзошгүй, эдийн засаг хямралтай, цалин тэтгэвэр муу байгаа энэ үед цагаа олсон арга хэмжээ болж байна гэсэн юм. Төсөлд хамрагдан нүүрс хүлээж авч байгаа иргэдийн сэтгэгдэл ч өндөр байв.

Төсөл хэрэгжүүлэгчид нүүрсээ иргэдийн гэрт шууд хүргэж өгч байсан. “Манайх долоон хүүхэдтэй. Нөхөр бие нь тааруу, бид тэтгэврийн мөнгөөр л арай гэж амьдарч байгаа айл. Манайд халуун дулаан өвлийг бэлэглэж байгаа М.Энхболд гишүүндээ баярлаж байна” хэмээн нүүрсээ хүлээж авахаар зогсож байсан эмэгтэй ярьж байсан. М.Энхболд гишүүний цагаа олсон, нүдээ олсон энэ шийдвэр илч, дулаан тээсээр Төв аймгийн зүүн талын сумдыг зорилоо. Төсөлд хамрагдах 14 сумыг тээвэрлэлтийн зардлаас шалтгаалан “Петро коал” ХХК-ний уурхайтай газар нутгийн хувьд ойр байршилтайгаар нь сонгож авсан бөгөөд долоо хоногтоо багтаан нүүрсийг эздэд нь хүргэж өгөхөөр ажиллаж байгаа юм байна.

Б.Эрдэнэ


URL:

Сэтгэгдэл бичих