Д.Энхтайван: Хятадын талынхан манай цэргүүд рүү буу тулгаагүй
Хөвсгөлөөс цэргийн албанд татагдан Увс аймагт очсон таван иргэн алба хааж байх хугацаандаа амиа алдсан гэх ташаа мэдээлэл цацагдаж байгаатай холбогдуулан ХХЕГ-аас өчигдөр мэдээлэл хийлээ. Тэд “Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумаас таван цэрэг Увс аймагт цэргийн алба хаасан нь үнэн. Харин цэргийн алба хааж байхдаа бүгд амиа алдсан гэдэг нь ташаа мэдээлэл. Тэдний гурав нь цэргийн албанаас халагдсаны дараа өвчний улмаас амиа алдсан” хэмээн мэдээлэв.
Тодруулбал, талийгаач Бөхбаатар нь цэргийн албанд байхдаа ямар нэгэн өвчний шинж илрээгүй, эмчилгээ хийлгээгүй. Цэргээс халагдсан хойноо өвчилж нас барсан аж. Харин Б.Бат-Эрдэнэ нь цэрэгт ирснийхээ дараа сүрьеэ өвчтэй болох нь оношлогдож халагдсан бөгөө д1.9 сая төгрөгийн эмчилгээний зардал олгосон байна. Гэвч дээрх өвчнөөр нас баржээ.
Мөн Б.Батдэлгэр нь цэргийн үзлэгийн үеэр онош нь илрээгүй. Цэрэгт ирсэн хойноо цусны цагаан эсийн хурц хавдартай болох нь тогтоогдож халагдсаны дараа нас барсан ажээ. Хүчитбаатар нь одоо гэрээгээр цэргийн алба хааж байгаа юм байна.
Нас барсан дээрх гурван цэрэг нь албанаас шалтгаалсан зүйлгүй. Харин талийгаач Мэндхүү өөрийгөө боомилсон байдалтай олдсон. Шалгалтаар бие эрхтэнд нь ноцтой гэмтэл учирсан зүйл байгаагүй гэдгийг ХХЕГ-ынхан онцоллоо. Энэ үеэр ХХЕГ-ын Төлөвлөлт хангалтын хэлтсийн дарга Н.Баттулга “Дээрх иргэд өвчний улмаас нас барсан асуудлыг цэргийн албатай холбож байгаа нь учир дутагдалтай. Учир нь, бид Хөвсгөл аймагт цэрэг татлагын үйл ажиллагаанд хяналт тавьсан. Тэгэхэд хилийн ангид 148 цэрэг хуваарилагдсанаас 18 нь сүрьеэ, гэмтэл, эвэрхий, мэс заслын зэрэг өвчтэй байсныг цэргийн албанд тэнцүүлсэн байсан. Энэ байдлаар архаг хууч өвчтэй залуусыг цэргийн албанд татсанаас өвчин нь сэдэрч дээрх асуудлууд гарч байна” гэв.
Түүнчлэн хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл, цахим хуудсанд “Хятадын хилчид манай хилчдэд буу тулган сүрдүүлжээ” гэх мэдээлэл гарсан. Энэ талаар ХХЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, дэд хурандаа Д.Энхтайван “Дорнодын хилээр БНХАУ-ын иргэд хил зөрчин орж ирж өвс хадсан нь үнэн.
Тухайн үед манай шинэ цэрэг хил зөрчигчдийг барих гэж байгаад өөрсдөө хил зөрчсөн асуудал гарсан. Хил зөрчигчдийг техник хэрэгслийнх нь хамт Хятадын талд хүлээлгэн өгсөн. Түүнээс биш буудалцсан, Хятадын талынхан манай цэргүүд рүү буу тулгасан зүйл болоогүй” гэсэн тайлбарыг өгсөн юм.
М.Энх
URL: