Т.Аюурсайхан: Шүүгчдийг ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг АТГ-т шалгуулна

maxresdefault_700x700

ШӨХТГ-аас банкны шимтгэлтэй холбогдуу­лан мэдээлэл өгсөн юм. Тус газрын дарга Т.Аюурсайханаас зарим зүйлийг тодрууллаа.

-Банкны нэг хувийн шимтгэлтэй холбоотой шүүх хурал болж улсын байцаагчийн шаардлагыг хүчингүй болгосон. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Өмнө нь хоёр шатны шүүхээр нэг хувийн шимтгэл хууль бус гэдгийг тогтоосон. Гэтэл дээд шүүхээс хэргийг эргүүлээд анхан шатны шүүх рүү буцаасан. Яг адил шатны шүүхээс нэг хэрэг дээр хоёр өөр шийдвэр гарч  байгааг харлаа. Тиймээс манай байгууллагаас хэргийг шударгаар шийдсэн эсэхэд эргэлзэж байна. Бид давж заалдах болно. Мөн шүүгчдийн ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг АТГ-т шалгуулна.

-Ямар үндэслэлээр шалгуулж байгаа юм бэ?

-Ашиг сонирхлын зөрчил байгаа гэж хардаж байгаа. Өмнө нь дээд шүүхийн хурал дээр хуралдааныг даргалсан шүүгч Худалдаа хөгжлийн банкны хууль эрх зүйн хэлтсийн захирлаар ажиллаж байсан гэдгийг бид олж мэдсэн. Тэгээд энэ хүнийг солингуут  Худалдаа хөгжлийн банк­наас Дээд шүүхэд хурал­дааныг хойшлуулах хүсэлт тавьсан. Гэтэл өнөөдөр өмнөх хариугаа өөрчилж гаргаж байна. Тиймээс  бид АТГ болон ШЕЗ-д албан тоотоор хандаж байна. Нэр бүхий шийдвэр гаргасан шүүгчдийг ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг тогтоолгохыг хүсч байна. Шүүгчид  нэр бүхий банкуудаас зээлтэй эсэх, зээл авсан бол хөнгөлттэй нөхцөлөөр авсан уу, барьцаа хөрөнгөтэй эсэх, шүүхээс бусдад тавьдаг нөхцөлөөс илүү хөнгөлттэй нөхцөл эдэлсэн, зээлээ төлж байгаа зэргийг шалгуулна. ШЕЗ-өөс хараат бус биш өр зээлэндээ баригдсан шүүгчдийн талаар л ярьж байна шүү дээ.

-Танай байгууллагаас хууль зөрчсөнийг нь тог­тоо­сон ч зарим газар гац­даг. Ер нь үр дүн муу гардаг гэх шүүмжлэл байдаг? 

- Энэ жил 17 шүүх хурал болсон. Барилгын компаниудын орон сууцны талбайн хэмжээ дутуу асуудал шүүхийн шатанд явж байна. Шатахууны компаниуд үгсэн хуйвалдаж үнийг нэмэхэд торгууль ногдуулсан. Даатгалын компаниудын илүү авсан хураамжийг иргэдэд буцаан олгуулж байна гээд олон зүйл үр дүнгээ өгөөд явж байна. Зарим нэг шалтгааны улмаас шүүх дээр очоод гацдаг асуудлууд бол байгаа.

Г.Ханджамц

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих