Ромын захирагч огцорч, пап ламын санаа амрав

Алс холын Италийн нийслэл Ром хотын энэ цаг үеийн буюу 64 дэх захирагчийг Игназио Марино гэдэг бөгөөд тэрээр ирэх арваннэгдүгээр сарын 01-нээс албан тушаалаасаа сайн дураар огцрохоо мэдэгдлээ. Нийслэлийн захирагч тул тэрээр Италийн улс төрийн амьдралд яах аргагүй нөлөө бүхий нэгэн. Тэр ч утгаараа улс төрийн салбар нь эртнээс хов жив, хууран мэхлэлт дүүрэн гэгддэг Италид Игназио Марино дайсан ихтэй. Өөрөө ч байсгээд л шуугиан дэгдээж, гэмт хэрэгтнүүдтэй холбогдож явдаг зүгээргүй нэгэн. Түүнийг 2013 онд Ромын мэр болсон цагаас эхлэн сөрөг хүчнийхэн болон нийгмийн идэвхтнүүд огцруулахаар оролдож цөөнгүй сенсаци Итали даяар дэгдэж байв.

2014 онд “Капитал мафиа” буюу сийрүүлбэл Нийслэлийн мафийнхан хэмээх гэмт бүлэглэлтэй холбоотой Италийн нөлөө бүхий улс төр нийгмийн 100 гаруй зүтгэлтнүүд холбогдсон дуулиант хэрэгт тэрээр нэр холбогдож байв. Олон сангийн мөнгө, төсвийн хөрөнгийг хууль бус зүйлд зарцуулсан, авлига хахуулийг хангалттай ихээр авсан зэргээр прокуророос түүнийг буруутгаж байсан ч тухай бүрт нь тэрээр албан тушаалдаа тогтсоор байв.

Харин энэ зун хотын захирагч өөрийн намын дэмжигчдийн хамт орон нутгийн ресторанд хооллоод төлбөр хийхдээ хувийнхаа бус харин албаны карт ашигласан болох нь тогтоогдож дуулиан дэгдээд байсан юм. Энэ үеэр прокурорын газраас ч түүнийг Италийн сүлжээ мафийнхантай холбоотой болохыг баталсан 400 хуудас бүхий баримт дэлгэв.

Тэдгээр баримтад Италид үерийн ус мэт цутган орж ирдэг дүрвэгсдийн мөнгө хотын мэрийн халаасыг түнтийлгэдэг болохыг дурджээ. Ойрхи Дорнод, Хойд Африкаас Италид Газрын дундад тэнгисээр дамжин орж ирдэг дүрвэгсэд Италийн мафийнханд хамаг байдгаа шавхан мөнгө төлж, мафийнхан тэрхүү төлбөрийн тал хувийг нь халааслаж үлдсэн талаар нь төрийн албаныхан, хил гаалийнхныг хахуулддаг. Тэрхүү хахуулийн мөнгөний цөөнгүй хэсэг нь Ромын мэрийн ойр дотныхонд орж ирдэг тухай Италийн хэвлэлүүдэд бичиж байна.

Ийнхүү аргагүй байдалд орсон Игназио Марино хотын захирагчийн ажлаасаа огцрохоо мэдэгдлээ. Ватиканы эзэн, Ромын пап Францис хүртэл Игназио Маринотой удтал сөргөлдсөөр ирсэн бөгөөд хотын захирагчийн уналтад нөлөө үзүүлсэн томоохон хүчин зүйл гэж үздэг. Ватикан Ром хотын дунд оршдог тул Игназио Марино өөрийн эрх мэдлийн хүрээнд Ромын папын хилэнг хөдөлгөх олон арга хэмжээ авсан байдаг.

Энэ нь Ромын папын ойр орчмоосоо олж байдаг орлогыг ч бууруулахад хүргэсэн тул АНУ-ын Төрийн департамент хүртэл Игназио Маринод шахалт үзүүлж байсан удаатай. Мөн католик сүм хийдийнхний ижил хүйстнүүдийн талаар баримталдаг үзэл бодлын талаар Ромын пап олны өмнө үг хэлсний дарааИгназио Марино ижил хүйстэн хоёр хосын гэр бүлээ батлуулахад оролцож, нэг ёсондоо Ромын папыг тохуурхан дуулиан дэгдээж байлаа.

Америкийн зүгээс Ромын папын хүсэлтээр Маринод шахалт үзүүлсэний хариуд нь түүнтэй дотно ажилладаг Италийн томоохон мафиуд Ромын папд дарамт үзүүлж тэвдүүлсэн хэмээх итгэмээргүй олон түүхийг ч хэвлэлүүдэд бичиж байсан юм.Үнэн ч бай үгүй ч бай Италийн улс төрд нэгэнт байр сууриа бэхжүүлж, нөлөөгөө авсан улстөрчид гэмт хэргийн ертөнцийнхөнтэйгөө нягт холбогдож унагахад бэрх болдгийг Берлусконийн жишээ олон улсад харуулдаг.

Гэхдээ Марино Берлусконитой харьцуулахад жижиг гар мэт санагдах боловч Италидаа бол дийлдэшгүй хүчирхэгжиж байсан нэгэн гэнэ. Ийнхүү Италийн зүүн төвийн хүчний Ардчилсан намын томоохон лидер, Ромын захирагч Игназио Марино мафийнхантай холбоотой авлига хээл хахуулийн олон зуун хуудас баримт бүхий хэргээр ажлаасаа огцорч байгаа нь Европт багагүй дуулиан дэгдээж байна.


URL:

Сэтгэгдэл бичих